Өнгөрсөн 7 хоног улс төрийн үйл явлаар дүүрэн долоо хоног байлаа. Эрх баригч МАН-ын тагнасан, чагнасан хэргээс болж үүдсэн гэх цусгүй дайн өнгөрч буй долоо хоногт улам хүчээ авч, хэвлэлээр дайтахад хүрсэн нь онцгой үзэгдэл байв. Учир нь МАН бол хэзээний “дотоод тамиртай” нам. Дотроо болсон хэрүүлээ АН-ынхан шиг ил цагаан хэлчихдэггүй. Харин энэ удаа улайн цайм дайтаад авсан нь тус намын доторх зөрчилдөөн хэр гүнзгийрснийг харуулах буй за. Үүнтэй зэрэгцээд МАХН ч бас хөөрхөн шуугиан дэгдээчихсэн. Мөн тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Ганбаатар сонгуулийн үеэр гадаад хүнээс авлига авсан нь илэрсэн билээ. Улмаар энэ хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, С.Ганбаатарт нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,440,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, түүний хүлээн авсан хандив 50 сая воныг улсын орлогод буюу төрийн санд шилжүүлэхээр тус тус шийдвэрлэв.
Үүнтэй зэрэгцээд тус намыхан УИХ-ын ганц төлөөллөө хөөхийг хүсэв. Ингээд өнгөрч буй 7 хоногийн улс төрийн онцлох үйл явдлуудыг тоймлон “Багц 24” булангаараа хүргэж байна.
У.Хүрэлсүх Засгийн газраа бүрдүүлээд эхэлчихсэн үү
Түүнийг аль хэдийнэ Засгийн газраа бүрдүүлчихсэн талаарх шуум энэ долоо хоногийн сэдэв байв. МАН-ын дотоод "зодоон" Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нарын хооронд өрнөж байгаа мэт харагдавч хөшигний ард фракц хоорондын цусгүй тулаан болж байгаа гэх. Одоогийн байдлаар УИХ-ын 20 гаруй гишүүн Засгийн газрыг огцруулах үндэслэл дээр гарын үсгээ зуржээ. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Б.Энх-Амгалан Л.Энхболд М.Билэгт, Ж.Энхбаяр, Н.Учрал, Ч.Хүрэлбаатар, Д.Гантулга, Д.Сумьяабазар, Х.Болорчулуун, Х.Нямбаатар, Ц.Гарамжав, Л.Элдэв-Очир, М.Оюунчимэг, Г.Занданшатар, Ц.Даваасүрэн, Я.Содбаатар, Л.Энх-Амгалан, Д.Сарангэрэл, Л.Оюун-Эрдэнэ нар Засгийн газраа огцруулахаар шийдчихээд байгаа аж. Энэ нь Засгийн газар огцрох бараг тодорхой болчихсон гэсэн үг. Энэ сургаар дараагийн Засгийн газрын гишүүд ч бас тодроод эхэллээ гэх мэдээлэл цахимд хандалт өндөртэй байна. Таамаглалаар бол МАН-ын даргаар Ж.Энхбаярыг аль хэдийнэ сонгочихож. Хэрэв энэ хувилбар үгүй бол Батлан хамгаалахын сайдад найдвартай гэх. Цаашлаад УИХ-ын даргад Ц.Нямдорж, Монгол Улсын Шадар сайдад Б.Бат-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар, ЗГХЭГ-ын даргад Ө.Энхтүвшин, Сангийн сайдад УИХ Ц.Даваасүрэн, Боловсролын сайдад Н.Учрал, Гадаад харилцааны сайдад Г.Занданшатар, Хуульзүйн, дотоод хэргийн сайдад Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Уул уурхайн сайдад Я.Содбаатар нар тохиролцсон гэх мэдээлэл байна. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайдуудын нэрс одоогоор тодорхой бус.
Удирдах зөвлөлийн урвалт, шарвалт
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал халуухан болох талаар хэвлэлийн таамаглаж байсан. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдод хариуцлага тооцох асуудал, Элчин сайдын суудлаас татгалзсан С.Баярын хүсэлт зэргийг хэлэлцэх, Шадар сайд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захиалга өгч, тагнасан гэх зэрэг цаг үеийн халуухан сэдвүүдээр ярилцана хэмээн мэдээлж байсан. Таамаглаж байснаар Удирдах зөвлөлийн хурал нэлээд дуулиан шуугиантай болсон.
Энэ үеэр Шадар сайд У.Хүрэлсүх “Намайг өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш дагасан. Солонгост явж байхад хүртэл араас хүн явуулаад тэр чинь баригдсан. Энэ асуудлыг илчилсан залуусыг барьж хориод У.Хүрэлсүхийн эсрэг мэдүүлэг өг гэж тарчлааж байгаа дуулдаж байгаа шүү. Тэгтлээ бяр чинь амтагдаад байгаа бол Ж.Эрдэнэбатаа намайг бариад хориорой. Би 2012 оны сонгуулийн дараа УИХ-ын гишүүнээсээ татгалзаад явж л байсан. Тэр үед яривал ярих юм их байсан шүү. М.Энхболдоо, чи одоо ажлаа өг. Чамд УИХ-ын дарга, МАН-ын дарга байх ёс суртахууны эрх байхгүй. Ж.Эрдэнэбат Засгийн газраа удирдаж чадахгүй, намаа сонгуульд унагасан. Чи ч бас ажлаа өг. Таны удирдсан Засгийн газрын өнгөрсөн нэг жилийн ажилд өгсөн үнэлгээ гэж ойлго. Энэ мөчид би ч гэсэн Шадар сайдын ажлаа өгөх гэж байгаагаа үүгээр мэдэгдэж байна. Авлига үнэртсэн энэ танхимд амаа үдүүлээд суумааргүй байна. Жирийн иргэн болж байгаад үзэлцье, за юу” гэжээ.
Үүний дараа МАН-ын дунд хэрүүлийн алим болоод байгаа 60 тэрбумын бичлэгний талаар гишүүд ярилцжээ. Энэ асуудлыг хэлэлцэх үеэр нэлээд хэдэн гишүүд НИТХ-ын дарга, Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуйг нэлээд зэмлэж баалсан сураг байдаг. Намын ихэнхи гишүүд Ц. Сандуйг огцруулах асуудлыг хөндсөн ч "НИТХ-ын дарга, Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах ямар ч үндэслэлгүй, 60 тэрбумын бичлэг эвлүүлэг" хэмээн МАН-ын дарга М.Энхболд намын гишүүдэд хандан хэлсэн гэх мэдээлэл байгаа ч Удирдах зөвлөлийнхнийг бүтэн зургаан цаг манартал хэрэлдүүлсэн Ц.Сандуйг огцруулах үндэслэлгүй гэсэн шийдвэр гаргасан юм. МАН-ын Удирдах зөвлөл 31 гишүүнтэй. Эндээс М.Энхболд, Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, О.Содбилэг, Г.Тэмүүлэн, Сү.Батболд Н.Төмөрхүү, Д.Хаянхярваа, Х.Булгантуяа, Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан нарын 15 гишүүн амь нэгтэй айж, Ц.Сандуйг хамгаалж авч үлджээ.
НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах бичгийг өргөн барив
МАН-ын Удирдах Зөвлөлийн хурлаас 60 тэрбумын гэгдэх бичлэгт холбогдоод буй НИТХ-ын дарга Ц.Сандуйг албан тушаалаас нь чөлөөлж, намаас хөөх тухай шийдвэр гаргах нь гэсэн хүлээлт бий байсан. Гэвч тус намын УЗ-ийнхөн түүнийг өмгөөлөн авч үлдсэн. Үүнд нь эгдүүцсэн НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ц.Сандуйг огцруулах бичгийг бэлэн болгож өргөн барив. НИТХ дахь МАН-ын бүлэг дээр нэмэх нь АН-ын төлөөлөгчид мөн энэхүү шаардлагыг дэмжиж байгаа аж. Ингээд тооцоод үзвэл НИТХ-ын 45 төлөөлөгчийн олонх нь энэхүү асуудлыг дэмжиж шаардлага биелэгдэх боломжтой болоод байна.
А.Ганбаатарын гал намжаах “тактик”
МАН-ын гишүүн, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйн зөвлөх А.Ганбаатар 60 тэрбумын бичлэгтэй холбоотой асуудлаар анх удаа мэдээлэл өгөв. Ингэснээр тэрбээр МАН доторх Ц.Сандуйн эсрэг галыг намжаана хэмээн тооцолж байсан болов уу. Учир нь А.Ганбаатар “60 тэрбум” төгрөг босгох талаарх яриа гарсан нь үнэн. Гэхдээ энэ санаа, схем нь Г.Доржзодовынх. Тэр хүн өөрийнхөө хийсэн юмыг бид нарын хийсэн хэрэг болгож байна. Би энэ талаар намынхандаа дуулгасан. Гэхдээ энэ уулзалтад Доржзодовын гаргаад байгаа хүмүүс байгаагүй. Харин яагаад жинхэнээсээ байсан хүмүүсийн дуу авиа нь гарахгүй байна, гаргахгүй байна вэ гэдэг их сонин байна. Энэ уулзалтанд нийслэлийн намын хорооны дарга Ц.Сандуй, Шадар сайд У.Хүрэлсүх, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Оюун-Эрдэнэ, Г.Доржзодов, А.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй болсон. Гэтэл У.Хүрэлсүх, генсек Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар яагаад өнөөдрийг хүртэл 60 тэрбумын схемийн талаарх яриа болоогүй гэдэг талаар ярихгүй, дуугарахгүй байгааг нь ойлгохгүй байна. Үнэхээр Г.Доржзодовын зохиосон схемийг үзсэн, сонссоноороо буруудаж байгаа бол тэд байсан Шадар сайд У.Хүрэлсүх, генсек Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар бас хамтдаа буруудах ёстой” гэсэн юм.
Д.Амарбаясгалан: Эвлүүлэг хэмээн мэдэгдэж байсандаа харамсаж байна
Энэ мэдэгдлийн маргааш МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан дараах мэдэгдлийг хийсэн юм. “Өчигдөр А.Ганбаатар гэдэг хүн мэдээлэл хийж, энэ асуудлыг ярьж байхад Д.Амарбаясгалан нарын хүмүүс байсан мэтээр ярьж, олон нийтийг төөрөгдүүллээ. Хүмүүсийн энэ цайрсан үйлдэлд их харамсаж байна. Би өнөөдрийг хүртэл 60 тэрбумын асуудлыг эвлүүлэг гэж бодож ирсэн. 2016 оны үед анх бичлэг цацагдахад нэр холбогдсон нөхдүүд “эвлүүлэг” гэж мэдэгдсэн. Мөн Сүхбаатар дүүргийн цагдаагаас “энэ бичлэг эвлүүлэг” гэсэн албан тоотыг манай намд ирүүлсэн байсан. Харамсалтай нь саяхан болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр НИТХ-ын дарга Ц.Сандуй “Ийм үйл явдал бодитой болсон” хэмээн хүлээн зөвшөөрсөн. Тиймээс өнгөрсөн хугацаанд энэ бичлэгийн эвлүүлэг хэмээн мэдэгдэж байсандаа харамсаж байна” гэв.
Шадар сайд У.Хүрэлсүх, найруулагч Б.Баатар юу ярив
Наймдугаар сарын 15-16-нд шилжих орой цацагдсан энэхүү бичлэг “Херо” студийн найруулагч Б.Баатар болон Шадар сайд У.Хүрэлсүх нарын ихэд ойр дотныг илчлэх утасны ярианууд байх юм. Б.Баатар болон У.Хүрэлсүх нарын яриагаар бол тэд Женко Баттулгыг Ерөнхийлөгч болгосон. Одоо У.Хүрэлсүхийг МАН-ын даргад уралдуулах гэж байгаагаа энэ ярианд бас дурдсан байна.
Н.Номтойбаяр У.Хүрэлсүхийг тагнуулч муужгай гэв
Шадар сайд У.Хүрэлсүх өөрийг нь тагнасан гэх асуудлыг дэлгэсэн цагаасаа л энэ асуудалд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярыг байгаа хэмээн ярьсаар ирсэн. Харин үүнд эгдүүцсэн Н.Номтойбаяр "Өдрийн сонин"-д У.Хүрэлсүхийн асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Би Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын ажилд томилогдсоноос хойш зөвхөн өмнөх ажилдаа л анхаарч, нам доторх элдэв хов, хэрүүлээс хол явлаа. Гэтэл сүүлийн үед тагнасан гэх сенсацид Хүрэлсүх өөрөө намайг татаж оруулж, ил далд хэвлэлээр дайраад байх юм. Энэ нь намайг хэвлэлд тайлбар өгөх, байр сууриа илэрхийлэхээс өөр аргагүй байдалд орууллаа. Засгийн газрыг огцруулна гээд хэдэн гишүүний гэр орноор явж, архи дарс болж, гарын үсэг зураалаад явж байна. Энэ бүхний ард Монгол Улсын Шадар сайд Ухнаа овогтой Хүрэлсүх бий. Хүрэлсүхийн утас чагнагдах боломжгүй. Харин Хүрэлсүх өөрөө “Топор” гэх нууц нэртэй, Х.Баттулгын МАН-д шургуулсан гар хөл болсон тагнуулч нь гэдэг нь тодорхой болчихлоо. Түүнд үлдсэн ганц зөв арга зам нь энэ. Зүгээр л зайлаад өг. Эсхүл улс төрөөс хол бай. Тэтгэвэртээ гар. Нүгэл их үйлдсэн хүн. Буян хийж дэнслэх талын зүйл бод. Улс төрөөс хол байснаараа бараг буян болно доо" гэв.
УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намаас нь хөөсөн үү
УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-аас хөөсөн тухай мэдээллийг МАХН-ын дарга Н.Энхбаярын худ өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Тэгвэл энэ асуудалд УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Намайг МАХН-аас гарсан уу, эсвэл хөөгдсөн үү гэдгийг хүмүүс их асууж байна. Хөөсөн эсэх талаар надад мэдээлэл алга. Манай намын даргын худ фэйсбүүк хуудсаараа юм бичсэн байна лээ. Надад нэг зүйл нь таалагдаагүй. Компаниас гарахад амар байх. Худынхны дургүй хүргээд ажлыг нь хийгээгүй гэдэг шалтгаанаар гаргачих байх. Улс төрийн нам гэдэг бол олон нийтийн байгууллага. Хамтын шийдвэртэй, хариуцлагатай байлгах ёстой. Ёс зүйтэй байх ёстой. МАХН-аас хөөтөл гарахгүй. МАХН-ыг өөрчилнө, цоо шинэ үзэл баримтлалаар явуулна. Монгол Улсыг хөгжүүлэхийн төлөө явна" гэсэн юм.
С.Ганбаатар торгууль төлж, 50 сая вонноо хураалгана
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар БНСУ-ын иргэнээс 50 сая вон авч буй бичлэгийг хуулийн байгууллагад шалгуулахаар өгсөн байдаг. Улмаар С.Ганбаатарт холбогдох хэргийн шүүх хурал наймдугаар сарын 07-ны 16.00 цагт товлогдсон ч шүүх хуралдаанд гомдол гаргагч болон зөрчилд холбогдогч нар хүрэлцэн ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулжээ. Гэвч хуулийн хугацаанд шүүх хуралдааныг хийх ёстой учир наймдугаар сарын 9-ний 16.00 цагт дахин товлон зарлаж, шүүх хуралдаанаар зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Шүүх хуралдаанаар С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50 дугаар зүйлийн 50.8, 52 дугаар зүйлийн 52.1.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоосон байна. Улмаар 50 дугаар зүйлийн 50.10.2 дахь хэсэгт зааснаар С.Ганбаатарт нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,440,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4-т зааснаар МУ-ын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахыг СЕХ-нд даалгаж, түүний хүлээн авсан хандив 50 сая воныг улсын орлогод буюу төрийн санд шилжүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (7)