“Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-аас Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй “Хилийн чанад дахь оюутан залуусын анхдугаар чуулга” уулзалт өнөөдөр эхэлнэ. Тус чуулга уулзалтад дэлхийн 24 улсад үйл ажиллагаа явуулдаг Оюутны холбоо болон залуучуудын холбоодын төлөөлөгч, тэргүүлэгч нар оролцох юм бөгөөд өнөөдөр Гадаад харилцааны яаманд ТББ-уудын төлөөлөл, удирдах зөвлөлийн гишүүд “Мэдээллийн нэгдсэн санг үүсгэх” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, илтгэл тавих аж.
Харин чуулга уулзалтын хоёр дахь өдөр буюу наймдугаар сарын 22-нд Төрийн ордонд Засгийн газрын сайд нар, ТББ-ын албан төлөөлөгч, нээлттэй бүртгэлээр баталгаажсан Монгол Улсад болон хилийн чанадад сурч байгаа залуус “Монгол залуус эх орондоо бизнес эрхлэх нөхцөл боломж буюу олон улсын бизнесийн гарааг Монгол Улсад эхлэх нь” гэсэн сэдвийн хүрээнд чуулах юм байна.
Энэ хүрээнд энэ сарын 23-нд Хилийн чанадад төгссөн иргэдэд нээлттэй ажлын байр зарлаж, 24 орны 32 ТББ-ынхан хилийн чанадад суралцах хүсэлтэй залууст үнэ төлбөргүй мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгөх ажээ.