Эхэндээ МАН-ын удирдлагуудын дунд байсан хагарал хүрээгээ тэлж, нийслэлийн МАН-д хүртэл “цуурсан” нь яах аргагүй Ц.Сандуйтай холбоотой. Алдарт “60 тэрбум”-ын хэрэгтэй нэр нь холбогдож эхэлснээс хойш улс төрийн карьер нь дээсэн дөрөө нь дэнжигнэж яваа тэрбээр сүүлийн өдрүүдэд эр хүнийхээ 13 мэхийг ч жинтэйхэн хийж байх шиг.
Хэдий гаднаа гяланцаг харагдавч дотроо паланцаг байдгийн жишгийг нийслэлийн МАН тойрсонгүй. Өнгөрсөн жилүүдэд дотооддоо нэлээд зөрчилтэй байсныг гишүүд нь эхнээсээ хэлж, зарим нь харуулаад авлаа. Бас болоогүй эсэргүүцлээ илэрхийлж, Удирдах зөвлөлийнхөө гаргасан шийдвэртэй тэрсэлдэж, түүнийг НИТХ-ын даргын суудлаас нь буулгахаар санаархав.
Уг нь тэдний “ажил” нэлээд газар авах хандлагатай байлаа. “Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид бид ёс зүйтэй байх ёстой. Тэр үүднээс НИТХурлын дарга ёс зүйтэй байж ажлаа өгөх ёстой гэж үзэж байна. МАН-ын үндсэн зарчим бол эв нэгдэл, шударга ёс, тусгаар тогтнол. Бид эв нэгдэл яриад шударга ёсоо мартаж болохгүй. Энэ бол хагарал хуваагдал биш” хэмээн НИТХ-д сууж буй МАН-ын бүлгийн 34 төлөөгчөөс 16 нь гарын үсгээ зурж, Ц.Сандуйг огцрохыг шаардав. Гарын үсэг зурах гишүүдийн тоо цаашид нэмэгдэнэ, үүн дээр АН-ын төлөөлөгчидтэй хүч хавсарвал даргыгаа “өвдөг шороодуулж” чадна хэмээн ч бахдаж байв.
Харамсалтай нь сүүлийн өдрүүдэд огцруулах ажиллагааны эрч мэдэгдэхгүйцээр суларч, зарим гишүүд нь бусад руугаа бухсан мэдээллийг цацаж эхэлснээс харахад хэн нэгэн тэдний гар, хөлийг “тасдаж” эхэлсэн бололтой. Зарим хүмүүс үүнийг Нийслэлийн МАН-ынхан Ц.Сандуйгаа авч үлдэхээр “хороо найруулаад” эхэлчихэв үү хэмээн хардаж байна.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Т.Цэрэнноровыг зодож байгаад гарын үсэг зуруулах гэж оролдсон гэх мэдээллийг тэрбээр өөрөө өгөв. Т.Цэрэнноров “Манай намын хэсэг бүлэг хүмүүс “Blue sky” зочид буудлын 25 давхарт цугласан байсан. Намайг утсаар дуудсан. Надаас гарын үсэг зурахыг шаардсан. Тэр үед би “Шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй, мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа зүйлд итгэхгүй байна” гэж хэлсэн. Ингээд бидний хооронд бага зэрэг маргаан үүссэн. Миний хүзүүг мушгисан. Би гарын үсэг зураагүй. Улс төрийн нам гэдэг бол гишүүдийн үзэл бодол, үнэт зүйл дээр нэгддэг. Намын бодлогоос дээгүүр хувь хүний амбиц байж болохгүй. “60 тэрбумын” асуудал хуулиар тогтоогдоогүй. Ийм байхад мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа зүйл дээр үндэслэж намынхаа удирдлага руу дайрна гэдэг байж болохгүй гэсэн. Зочид буудалд зургаан хүн байсан. Тэдний нэрийг хэлэх боломжгүй. Энэ талаар бүлгийн хурал дээр танилцуулна. Шаардлагатай бол хуулийн байгууллагад хандана” гэв.
Түүнээс гадна НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун “НИТХ-ын дарга Ц.Сандуйг хууль эрх зүйн үндэслэл байхгүй. “60 тэрбум” төгрөг босгох тухай ярьсан бичлэгийн хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд ИТХ-ын даргыг гарын үсэг цуглуулж, огцруулна гэсэн заалт байхгүй. Нийт төлөөлөгчдийн 2/3-оос дээш хүн нь гарын үсэг зурсан бол ээлжит хурлыг хуралдуулна. 2/3-оос дээш хүн санал гаргасан бол хурал өөрөө тарна гэсэн заалт бий. Гарын үсэг цуглуулаад огцруулах боломжгүй гэдгийг мэдсээр байж улс төрийн зорилготой ажиллаж байгаа нь буруу” хэмээв.
Эдгээр мэдэгдлүүд нь дээр хардсанчлан Ц.Сандуйн суудалдаа үлдэх найруулгын эхлэл ч байж мэдэх. Өчигдөр түүнийг огцруулах албан бичигт гарын үсэг зураагүй гишүүн нь мэдэгдэл хийсэн бол өнөөдөр гарын үсэг зурсан нэгэн нь урваж, шарвахыг үгүйсгэхгүй. Ямартай ч тэрбээр “ноён” суусан намыхныгаа хөдөлгөж эхэлсэн бололтой.
24tsag.mn
Сэтгэгдэл (36)