Монголын цэргийн нисэх хүчний буурал түүхэнд Ч.Шагдарсүрэн, Д.Дэмбэрэл, В.А.Судец, И.Г.Маны, Р.Самдан, Д.Лувсандамба, Ц.Мөнхөө, М.А.Судник, Ф.И.Андрианов нарын нэр алдраа дуурсгасан орос, монголын олон нисгэгч, нисэхийн ажилтан байсны нэг нь Дэмбэрэлийн Жамбаа байжээ. Энэ хүний тухай төдийлэн дурсдаггүй ч, байгуулсан гавьяат үйлс нь даанч арилшгүй ул мөрийг үлдээсэн учир баатарлаг энэ нисгэгчийг мөнхжүүлэх үйлсэд нэгэн үзүүрт сэтгэлээр хүчин зүтгэсэн хүмүүс гэвэл бэлтгэл хурандаа Я.Даваасамбуу, нисгэгч, зохиолч Т.Батжаргал нар билээ.
Дэмбэрэлийн Жамбаа Засагт хан аймгийн Ахай бэйсийн хошуу, одоогийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутагт 1906 онд төржээ. 1926 оны 10 дугаар сарын 26-ны өдөр цэргийн албанд татагдаж, эвлэлийн гишүүн Д.Ламжав, Ч.Шагдарсүрэн, Б.Батцэрэн нарын хамт ЗХУ-ын мэргэжилтнийг дагалдан нисэх онгоцны моторчин, дархан зэрэг мэргэжил эзэмшицгээжээ. Улмаар тэд ЗХУ-ын Оренбург хотын, маршал К.В.Ворошиловын нэрэмжит цэргийн нисгэгчийн дунд сургуульд суралцаж, 1932 онд “Р-5” онгоцны бага нисгэгчээр төгсчээ. Ч.Шагдарсүрэн, Б.Батцэрэн нар эх орондоо ирж, нислэгийн ур чадвар, хэлний мэдлэгээр бусдаасаа илүү байсан Д.Жамбааг сургууль нь авч үлдсэн байна. Ийнхүү тухайн үед ЗХУ-ын нисэх хүчинд шинээр зэвсэглэлд орсон “И-5” хэмээх сөнөөгч онгоцны нисгэгчийн сургалтад Орос нөхдийн хамт хамрагдан төгсч, сөнөөгч онгоцны анхны монгол нисгэгч болж алдарших их хувь тавилан Дэмбэрэлийн Жамбаад тохиожээ.
Д.Жамбаа нь тэр үед манай нисэх хүчинд ашиглагдаж байсан “Ю-13”, “Ю-33”, “К-5”, “Ган-3”, “Р-1”, “Р-5”, “У-1”, “У-2” зэрэг онгоцоор ниссэн, багш нисгэгч, Ардын цэргийн анхны хурандаа нарын нэг байжээ. Д.Жамбаа, Ч.Шагдарсүрэн нар “Р-1” онгоцоор Улаанбаатар-Баянтүмэн-Тамсагбулаг хүртэл хоёр талдаа 2000 гаруй километр агаарын замыг анх нээсэн алдартнууд байж. Мөн 1935 онд Улаан-Үдээс Д.Жамбаа, Ч.Шагдарсүрэн, Б.Батцэрэн нар 11 “Р-1”, 4 “По-2” онгоцыг Улаанбаатарт авчрах ажлыг онц чадварлагаар гүйцэтгэсэн нь Монгол нисгэгчдийн гадаад оронд хил дамнан ниссэн анхны гадаад нислэгийн эхлэл байв. 1936 оноос манай улсын зүүн хил хязгаарын байдал нэн түгшүүртэй болж, Японы зүгээс заналхийлэл үзүүлэх нь ихэсч, улмаар 1936 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Бүх цэргийн жанжин Г.Дэмидийн тушаалаар Тамсагбулагаас Д.Жамбаа, Д.Дэмбэрэл нар “Р-5” онгоцоор 20 ширхэг бөмбөг, 2400 сум авч нисчээ. Тэд 1000 метрийн өндрөөс дайсанд ойртож, анхны бөмбөгөө хаясанд дайсны нэг машин өртжээ. Үүндээ урамшин дайралтаа цааш үргэлжлүүлэн байлдаж, пулемётоор галлаж, дахин нэг машиныг жагсаалаас гаргав. Ийнхүү байлдаан эхлээд хагас цаг хэртэй болж байтал Д.Жамбаагийн онгоцны хөдөлгүүрийн эд анги дайсны суманд өртөж, гэмтсэн учир өөрийн хилийн орчимд аргагүйдсэн буултыг амжилттай хийжээ. Нисгэгч Д.Дэмбэрэл дайралтаа ганцаараа үргэлжлүүлж, 2 цаг гаруй байлдаж, сум, галт хэрэгсэл нь дуусчээ. Энэ өдрийн байлдаанд Д.Жамбаагийн онгоц дайсны суманд 30 удаа, Д.Дэмбэрэлийн онгоц 29 удаа оногдсоноос өөр онцын хохирол амсаагүй байна. Харин Япон, Манжийн талаас 4 автомашин 100 шахам хүн алагдаж, шархджээ. Нисгэгч Д.Жамбаа нисэх бригадын байлдааны нэгдүгээр Отрядын дарга, Жанжин штабын нисэх тусгай Отрядын анхны даргаар ажиллахдаа 1934, 1936 онуудад Байлдааны гавьяаны Улаан тугийн I, II зэргийн одонгоор шагнуулсан Монголын анхны нисгэгч нарын нэг байсныг дахин тодотгон тэмдэглэх нь зүйтэй болов уу! Харамсалтай нь түүнийг 1937 оны 10 дугаар сарын 25-ны өдөр П.Гэндэн, Г.Дэмидийн хэрэгт холбогдуулан баривчилж, цаазлан хороожээ.