УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээснээс болж намыхан нь хагаралд хүрээд буй. Энэ нь эхэндээ зөвхөн удирдлагын хэмжээнд байсан ч “60 тэрбум”-ын хэргээс болж, нийслэлийн МАН-даа хүртэл халдаж, У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан хэрэг гал дээр тос нэмж, Засгийн газраа хүртэл унагах дээрээ тулаад байгаа. Болж буй үйл явцыг “Уурссан У.Хүрэлсүх Засгийг задалж зангаа гаргах гэж байна” хэмээн таамаглаж байсан ч УИХ дахь МАН-ын 30 гаруй гишүүн Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зурсаныг харахад өөр нэг шалтаг, шалтгаан байгаа мэт. Эхлээд Ж.Эрдэнэбатыг дараа нь М.Энхболдыг намнах арга сүвэгчилж байна уу гэлтэй.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг хэзээний М.Энхболдын хүн хэмээн хардсаар ирсэн. Тэгвэл түүнийг огцруулахаар гишүүд нь нэгдэж, албан ёсоор мэдэгдэх гэж буй эгзэгтэй цаг үед УИХ-ын дарга М.Энхболд алга байна. Тэрбээр өчигдөр гэнэт гадаад явсан бололтой. Хаашаа, ямар ажлаар, хэд хоног явсан нь тодорхойгүй байна. Тэр ч бүү хэл УИХ-ын даргын зөвлөлийн гишүүд болох дэд дарга, Тамгын газрын ажилтнууд ч М.Энхболдыг хаашаа явсныг мэдээгүй бөгөөд ХМА-наасаа ч хүн дагуулж яваагүйг эх сурвалж хэлэв.
Түүнчлэн МАН-ын бүлгийн 65 гишүүний 32 нь Засгийн газрыг огцрох нь зүйтэй гэсэн саналд нэгдсэн. Тодруулбал, Т.Аюурсайхан, Сү.Батболд Б.Баттөмөр, Б.Батзориг, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Д.Гантулга, Ц.Гарамжав, Ц.Даваасүрэн, Д.Дамба-Очир, Г.Занданшатар, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ш.Раднаасэд, Д.Сарангэрэл, Г.Сумъяабазар, А.Солтан, Я.Содбаатар, А.Сүхбат, Н.Учрал, Ч.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар, С.Чинзориг, Б.Энх-Амгалан , Энхболд, Л.Элдэв-Очир , Ө.Энхтүвшин , Ж.Энхбаяр нар огцруулах албан бичигт гарын үсэг зурсан нь ил болсон. Эдгээр гишүүд өнөөдөр буюу 23-ны лхагва гаригт саналаа өргөн барихаар тохирсон тухайгаа намынхаа даргад мэдэгджээ. Хэрэв тэд саналаа өргөн барьж, АН-ынхантай хүч хавсарвал Ж.Эрдэнэбатын Засаг “насгүй” болно. Чухам үүнээс болсон уу эсвэл өөр шалтгаанаар гадаадыг зорив уу ямартай ч тэрбээр нууц байдлаар сураг тасрав.
Б.Өрнөх
Сэтгэгдэл (78)