УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан билээ. Харин хуралдааны эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын зүгээс Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан асуудлаар УИХ-ын Тусгай хяналтын дэд хороог хуралдуулж нэр төрөө сэргээлгэх хүсэлтэй байгааг мэдэгдсэн юм. Энэ дагуу УИХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа завсарлага авах санал гаргаж, УИХ-ын дарга М.Энхболд батламжилсан талаар бид мэдээлсэн билээ. Харин уг асуудлыг хэлэлцэх хуулийн хугацаа өнөөдөр дуусах учиртай. Тиймээс МАН-ын зарим гишүүд намын бүлэг завсарлага авсан нь хууль зөрчсөн гэж үзэж байр сууриа илэрхийлээд буй. Тэгвэл тэдний байр суурийг 24 VS 24 буландаа онцолж байна.
Д.Эрдэнэбат: Засгийн газрын асуудлыг шийдэж чадахгүй хугацаа хэтэрвэл УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчинө
Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр завсарлага авсан, өгсөн нь хууль зөрчсөн явдал гэдгийг гишүүд өгүүллээ. Энэ талаар,
УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Энэ удаагийн ээлжит бус чуулганыг чуулганаар Ерөнхий сайдыг огцруулах асуудал хэлэлцэнэ гэж зарласан. Ерөнхий сайдыг огцруулах гурван үндэслэл дотор тагнах чагнах асуудал байхгүй. Тиймээс энэ чуулганаар эл асуудлыг хэлэлцэнэ гэж завсарлага авсан нь буруу. МАН-ын бүлэг энэ асуудлаар завсарлага авахгүй гэж шийдсэн байсан. Үндсэн хуулинд зааснаар энэ асуудлыг 15 хоногийн хугацаанд шийдэх ёстой. Дэгийн хуульд заасан 14 хоногийн хугацаа өнөөдөр дуусч байна. Өнөөдрөөс хойш чуулганы үйл ажиллагааг тасалдуулбал хууль зөрчсөн асуудал үүснэ.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: УИХ-ын чуулганы үйл ажиллагаа Үндсэн хуулийг зөрчиж байна. Дэгийн тухай хуульд Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар санал дүгнэлт гаргасны дараа долоо хоногийн дотор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдэх ёстой. Долоо хоногийн хугацаа өнөөдөр дуусгавар болно. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа завсарлага авах эрхгүй. Үүнийгээ санал хураалтаар МАН-ын бүлэг дээр шийдэж, олонхийн саналаар завсарлага авахгүй гэдэг шийдэлд хүрсэн байгаа. Зөвхөн энэ асуудлаар чуулган хуралдаж, өнөөдөртөө багтаж шийдэх ёстой. Өмнөх парламентын үед энэ хугацаанд багтаж шийдэж байгаагүй гэсэн хариулт өгч байна. Бусдын алдааг давтах шаардлагагүй. Дэгийн тухай хуулийг барьж, өнөөдөртөө багтаж энэ асуудлыг хэлэлцэн шийдэх ёстой. УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн асуудал үүсч байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа бүлгийн шийдвэрээ зөрчсөн асуудал явж байна.
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Өнөөдөр чуулганы хуралдаанаар Засгийн газрын асуудлыг шийдэх ёстой гэж бид харж байсан. Харамсалтай нь олонхын бүлэг өөрийнхөө намын дотоод зөрчлийг төрийн танхимд оруулж ирсэнд бид харамсаж байна. Энэ хуралдаан цаашдаа яаж явах нь ойлгомжгүй байна. Тусгай хяналтын дэд хороогоор хоёр хүний маргааныг хэлэлцэх гэж оруулж ирж байгаа нь хууль бус. Ээлжит бус чуулган зөвхөн хэлэлцэх асуудлаа ярьдаг. Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаад, шийдвэрээ гаргасан. Үүнийг зөвхөн УИХ-ын нэгдсэн чуулган л хэлэлцэх учиртай. Засгийн газрын асуудал бол тусгай хяналтын болон бусад хороонд үл хамаарах зүйл. Үндсэн хуулинд заасан 15 хоногийн хугацаанд ээлжит бус чуулган Засгийн газрын асуудлыг шийдэж чадахгүй хугацаа хэтэрвэл УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчинө.
|
Д.Хаянхярваа: Бид ямар нэг хууль зөрчөөгүй
Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр завсарлага авсан УИХ-ын дахь МАН-ын бүлгийн дарга болон Шадар сайдыг тагнаж , чагнасан асуудлыг Тусгай хяналтын хороогоор хэлэлцэхийг хүссэн Ерөнхий сайд нар завсарлага авсан нь хууль зөрчсөн үйлдэл биш гэдгийг мөн тайлбарлаж байсан. Тэд энэ талаар,
МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа: “Огцруулах асуудлаар бүлэг дотроо ойлголцохыг хичээж чамгүй ажиллаж байна. Ойлголцох байх гэж итгэж байгаа. Бүлэг өчигдөр хоёр ч удаа хуралдах гэж цугласан. Огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүд хуралд оролцохгүй ээ гээд ороогүй. Ер нь бол завсарлага авна гэдгийг бүлгээр шийдсэн. Засгийн газрыг огцруулах үндсэн гурван шалтгаан өөрөө бодитой мөн үү, биш үү гэдгийг гишүүд өөрсдөө тайлбарлах байх. Ер нь Засгийн газрыг огцруулах асуудал өөрөө хурдасч, нийгмийн анхаарлыг татсан нь гарцаа байхгүй Шадар сайдыг тагнаж чагнасан гэх асуудлаас үүдэлтэй. Тиймээс энэ асуудлыг нэг талд нь гаргах ёстой. Нийгэмд тагнаж чагнасан гэх буруу ойлголт өгч байна. Улстөрчид өөрсдөө хэн нь хэнийгээ тагнаж чагнаад байгааг ойлгохгүй боллоо. Төрийн тусгай албадад үүрэг өгсөн юм уу, эсвэл өөрсдөө тагнаж чагнасан юм уу гэдгийг ялгаж салгах ёстой. Улстөрчдийг хооронд нь хагаралдуулж байгаа учраас ялгаж салгах нь зөв гэж үзсэн хэрэг. Тиймээс Тусгай хяналтын дэд хороо заавал хэлэлцэх учиртай юм. Бид хууль зөрчөөгүй. Бүлэг дээр Бага хурлаа чуулганаас өмнө хойно хуралдуулах уу үгүй юу гэдгийг хэлэлцэх байсан. Өчигдөр огцруулах гарын үсэг зурсан гишүүд хуралдаа ирээгүй. Тэр хурлаар шийдсэн. Хуулийн хугацаа маргааш дуусна. Тиймээс хэлэлцэж амжина” гэв. .
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Есдүгээр сарын 1-ний өдөр Тусгай хяналтын дэд хороонд энэ асуудлыг хэлэлцүүлж, хэн нь энэ асуудалд зөв яриад байгаа эсэхийг шийдэж өгөөч. Нийгэмд ил тод нээлттэй болгож өгөөч гэх асуудлыг мөн тавьсан. Тэгэхээр өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байгаа энэ үед асуудлыг нэг талд нь гаргах хэрэгтэй гэж үзэж байна. Учир миний хувьд залуу хүн, цаашдаа олон жил улс төрд байна. Ямар нэгэн асуудлаар ийм бохир зүйлд хутгалдаж, цаашдаа улс төрд явахыг хүсэхгүй байна. Тиймээс энэ асуудлыг нэг талд нь гаргаж, хэний буруу болохыг шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Энэ хүрээнд өнөөдөр манай бүлгийн зүгээс завсарлага авч байна. Цаашдаа Тусгай хяналтын дэд хороо, Аюулгүй байдал байнгын хороо хуралдаж, энэ асуудлыг эцэслэтэл завсарлага авна гэсэн. Тиймээс байнгын хороо хуралдаж өгөхийг хүсч байна" гэв.
|
24tsag.mn
Сэтгэгдэл (10)