Улаанбаатар
Өнөөдөр / 2017.11.22
-13
Өдөртөө
-22
Шөнөдөө

Тогтох тайжаас Чимидийн Энхээ хүртэл

2017 оны 9 сарын 12

Тогтох тайж бол 1920-иод оны эхэн үеийн Монголын түүхэнд өөрийн гэсэн ул мөрөө үлдээсэн түүхэн хүн билээ. Монгол үндэстний тусгаар тогтнол, биеэ даасан байдлын төлөө манж хятадуудтай үзэлцэж явсан баатар гэдгээр нь монголчууд илүүтэй гадарладаг.

 

Харин Чимидийн Энхээ гэж хүнгэнэсэн дуутай, нүдний шил зүүсэн нуруулаг хүн зурагтаар гарч байдгийг хүмүүс андахгүй.  

 

“Аргалын утаа боргилсон

Малчны гэрт төрсөн би...” гэдэг амин үгтэй “Би Монгол хүн” шүлгээрээ монгол туургатны дунд алдаршсан зохиолч Чойжилийн Чимидийн хөвүүн гэдэг нь ч түүний бас нэгэн тодотгол. 

 

Нэгэн зууны өмнөх Нийслэл Хүрээний Тогтох тайж, өнөөгийн Улаанбаатарын Чимидийн Энхээ хоёрыг Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийн түүхэн сэжим холбодог.

 

Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэдэг жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд, тодруулбал 1937 оны тэр өдөр монголд нийтийг хамарсан баривчилгаа болж, улс төрийн хэлмэгдүүлэлт өргөн хүрээг хамарсан юм.

 

Алив зүйл эхлэл, үргэлжлэл, төгсгөлтэй байдаг жам улс төрийн хэлмэгдүүлэлт хэмээх бараан үзэгдэлд ч хамаарна. Түүхийн ном зохиолыг шүүрдэн үзэхэд Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт яг төдийд эхэлсэн гэж шууд заан тэмдэглэсэн зүйл үгүй ажээ.

 

Гэхдээ Ерөнхий сайд Бодоогийн талаар судалгаа хийсэн эрдэмтэн Лха.Бат-Очир бүтээлүүддээ, “1922 онд Бодоо нарыг улс төрийн хилс хэрэгт цаазалснаар Монголд улс төрийн хэлмэгдүүлэлт эхэлсэн” гэдэг санаа дурдсаныг судлаачид дэмжиж, үүнийг 1998 онд батлагдсан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлсэн “Монгол Улсын түүх” бүтээлд тусгаснаар 1922 он-“Бодоогийн хэрэг”- улс төрийн хэлмэгдүүлэлтийн эхлэл гэсэн гурвалсан санааг албан ёсоор бататгасан байна.

 

Харин шинээр илэрч буй баримтаас үзэхэд улс төрийн хэлмэгдүүлэлт 1922 оноос ч урьд Монголд эхэлжээ.

 

Тухайлбал, Өргөө (Нийслэл Хүрээ)-гийн шоронгийн захиргаанаас 1921 оны 7 дугаар сарын 26, 9 дүгээр сарын 3-нд тус тус гаргасан хоригдогсдын жагсаалтад Цэвээн тэргүүнээс гадна Монголын нэгэн эрхэм хүн бүртгэгдсэн нь Горлосын Тогтох тайж байлаа. Дээрх бүртгэлүүдэд Тогтох тайжийг 7 дугаар сарын 19-нд Хотын комендант барьсан гэж тэмдэглэснээс үзэхэд Орос комендантын газар Монголын алдарт тэмцэгч Тогтох тайжийн эрх, эрх чөлөөг улс төрийн шалтгаанаар хууль бусаар хязгаарласан нь Бодоо нараас ч өмнөх цагт холбогдоно.

 

Ардын засаг мандсны дараахан Нийслэл хүрээний Эрдэнэ шанзодба, Да лам, Далай бламын Зүүн сангийн мэдээчин, Их шавийн харьяат гэвхүй Равдан, гэлэн Тогоо, эхнэр Хандан, Нийслэл Хүрээний хойт замын гуравдугаар өртөөнд албан хааж суусан Сэцэн хан аймгийн чуулганы дарга Эрдэнэ далай ван Наваанцэрэнгийн хошууны гэлэн Жүнэй нарын олон этгээд Тогтох тайжид холбогдуулан:

 

  • Өр авлагыг барагдуулах,
  • Нийслэл Хүрээг гэ мингээс чөлөөлөх байлдааны үеэр мал, хүнс дайчлан авсныг гаргуулах,
  • Богдыг элдвээр дайран доромжилсон хэрэгт цээрлэл үзүүлэх гэсэн эрүү, иргэний шинжтэй гомдол зарга мэдүүлцгээснийг Шүүх яам хянаад Нийслэл хүрээний Цагдан сэргийлэх хороонд тушаал өгч Тогтохыг гэр бүлийн зарим гишүүд болон холбогдогсдын хамт баривчлуулжээ.

 

Түүнчлэн энэ үед Монгол Ардын Намын Төв Хороо, Орос комендантын газар Тогтох тайжийн нэр дээр гомдол гаргасан байх боловч гомдлын агуулгыг тодорхойлох баримт илэрсэнгүй.

 

Тогтох тайжийн хэргийг 3 сар орчим хугацаанд хянан шалгасны эцэст, Олноо өргөгдсний 11 дүгээр он 9 сарын шинийн 5 (1922.10.06)-нд хуралдсан Засгийн газрын 18 дугаар хурлын 15 дугаар зүйлд, цагийн самуунаар далимдаж бусдын юмыг дураар дайчилж ашиглан явсан бэйс Тогтохын хэргэмийг эвдэж, сул хүмүүн болгон нэг жилийн үйлтгэх ял оноохоор төлөвлөсөн нугалбарын эхийг баталсныг маргааш нь хаанд айлтгасанд уг нугалбарт Богд хаан улаан бийрээр, “Зарлиг мэдэв” хэмээн цохсон тул Тогтохын үйлтгэх (хөдөлмөрлөх-Х.М) ялыг түүгээр үйлтгүүлэн шийтгүүлээр түүний биеийг Цэргийн яаманд тушааж хуудас дагуулан Цэргийн яаманд хүргүүлжээ. 

 

Тэрчлэн, “Олноо өргөгдсөний 11 дүгээр он (1922 он)-д гянданд хоригдогсдын бүртгэл” хэмээх нэгэн баримтанд,

 

№6. Бэйс Тогтох 58 настай, Их шавийн харьяат, Комендантын газраас хүргэн ирсэн. Бусдад дутсан өрийг сүрээр завшсан хэрэгт 11 оны 6 сарын 15 (1921.07.19)-нд гянданд хоригдсон. 11 оны 9 сарын 7 (1921.10.08)-нд нэг жил үйлтгэх  ял (хөдөлмөрлүүлэх ял) оноож, Цэргийн яаманд шилжүүлсэн” гэж бичсэн зэргээс үзэхэд алдарт тэмцэгч Тогтох тайжид үйлтгэх буюу албадан хөдөлмөрлөх нэг жилийн ял оноож, ял шийтгэлийг Цэргийн яамны хяналтад хүлээлгэхээр болсон нь тодорхой байна.

 

Тийнхүү Тогтох тайжийг 1921 оны 7 дугаар сарын 19-нд иргэний болон улс төрийн хэрэгт баривчилсныг Монголд улс төрийн хэлмэгдүүлэлт эхэлсэн асуудалд холбогдуулж болох ч үүнээс даруй арваад хоногийн өмнө түүнийг оросын улаан цэрэг баривчлан мөрдөж байсныг анхаарах нь зүйтэй юм.

 

1921 оны хувьсгалын партизан Нанзад дуртгалдаа Тогтохыг баривчлахад биеэр оролцсон тухайд:

 

“Ардын журамт цэрэг Нийслэл хүрээг эзэлсний маргааш өглөө нь Тогтох тайжийг барьж авахаар зуун улаан цэргийн хамт тэдний хашааг бүслэн, би хоёр нөхрийн хамтаар ороход Тогтох тайж өмнөөс гарч ирэхэд нь баривчлан биед байгаа маузер бууг хураан тэдний нэрийн дор явсан цэргүүдэд нэгжлэг хийж, бага сага зэвсгийг хураан авсан юм” гэжээ. Нийслэл Хүрээг эзэлсний маргааш өдөр нь аргын 1921 оны 7 дугаар сарын 9 бөгөөд “улаан цэрэг” гэж орос цэргийг хэлэх тул Тогтохыг баривчлахад Зөвлөлтийн 100 цэрэг оролцсон гэж хэлж болохоор байна.

 

Монгол Ардын Засгийн хэргийг Түр захиран шийтгэх газрын тэргүүлэгчдийн 1921 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хурлаас, цагаантны талд алба хааж агсдыг баривчлах шийдвэр гаргасан, 7 дугаар сарын 8-нд Нийслэл Хүрээний Орос комендантын албыг байгуулж, баривчилгаа явуулж эхэлснийг бодолцоход Тогтох тайжийг 1921 оны 7 дугаар сарын 9-нд баривчилсан гэдэг мэдээнд итгэж найдах бүрэн үндэстэй юм. Тийнхүү цагаантантай холбоотой байсан гэх хүмүүсийг Ардын түр Засгийн газрын шийдвэрээр барих үеэр Тогтох тайж баривчлагджээ.  

 

Тогтох тайжийг Ардын намыг устгах зорилгоор биедээ зэвсэг агуулж байсан, 32 ширхэг винтов бууг Найданжаваар дамжуулан барон Унгернд өгсөн, түүний харьяат Баяр гүн, Жамц бэйл, Найданжав ван нар цэргийн хамт цагаантны талд орсон, хүү Нэймэнгийн гэрт 2 винтов, 50 сум нуусан гэж буруутгасан байна. Энэ нь үнэн хэрэг дээрээ хилс хэрэг байв.

 

Тиймээс үүнээс хоёр хоногийн хойно Ардын засагт хэмжээт цаазат хаант улсыг тунхагласан 7 дугаар сарын 11-ний баярт өдөр Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Бодоо, Ардын Намын дарга Данзан, Засгийн хэрэг эрхлэх газрын дарга Батхаан нар гарын үсэг зурж олгосон 74 тоот тусгай үнэмлэхийг үндэслэн Тогтох тайжийг сулласан нь түүнийг улс төрийн хэрэгт хилс холбогдуулж байсны барим болно.

 

Тогтох тайжийг хилсдүүлсэн уг хэргээс үзэхэд Монголд улс төрийн хэлмэгдүүлэлт эхэлсэн цаг хугацаа нь Ардын Журамт Цэрэг, Зөвлөлтийн цэргийн ангиудын гол хүч  Нийслэл Хүрээнд орж ирсний маргааш 1921 оны 7 дугаар сарын 9-ний өдөр ажээ.

 

Харин эхэнд нэр дурдсан Чимидийн Энхээ бол хэлмэгдүүлэлтийн түүхийн төгсгөл үеийн гэрч билээ. Түүнийг “Үнэн” сонинд хянагч, нийлэгчийн ажилтай байхад нь 1989 оны 6 сард мөн сонины орлогч эрхлэгч н.Мишигжав дуудаад: “Чи төрийн эсрэг нууц байгууллага байгуулсан, хятадын тагнуул хийсэн” байна гэж буруутгаад ажлаас нь халж, уг тушаалдаа:   

 

   “Ч.Энхээ нь хятадын залуу зохиолчидтой холбоо тогтоож, тагнуул хийсэн. Зоригтой залуусын нийгэмлэг гэдэг нууц байгууллага байгуулсан” гэж цохон тэмдэглэжээ. Ч.Энхээ гуайн өөрийн нь дурсаж байгаагаар энэ явдлын дараа Нийгмийг Аюулаас Хамгааах яамныхан түүнийг хятадын тагнуул гэж баривчлан, хэдэн сар мөрдөн шалгаж байгаад ардчиллын урин салхи сэвэлзэх үеэр сулласан байна. Улмаар НАХЯ-ны энэ үйл ажиллагаа хэлмэгдүүлэлт мөн болохыг 1998 оны 6 дугаар сарын 2-нд Сүхбаатар дүүргийн Шүүхийн 466 тоот шийдвэрээр тогтоож, Ч.Энхээг цагаатгажээ.

 

Төрийн энэ шийдвэр монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт 1989 он хүртэл үргэлжилснийг тодорхойлж байна.

 

Гучаад мянган монголчуудын хувь заягаар тоглосон улаан хэлмэгдүүлэлтийн уршгаар Хүрээн дэх Ардын Журамт цэргийн Комендантын газрын шоронд тарчилж явсан 1921 оны Тогтох тайж Улаанбаатар төвд байрлалтай НАХ яамны хориход мөрдөгдөж байсан 1989 оны Чимидийн Энхээтэй  ийн холбогдддог бүлгээ.

 

Түүхч Х.Мөнхбаяр

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 2
  • 0
  • 1
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...
...