Улаанбаатар
Өнөөдөр / 2017.11.22
-13
Өдөртөө
-22
Шөнөдөө

30 дахь Ерөнхий сайдын сураг ажиг

2017 оны 9 сарын 12

МАН доторх дайн Засгийн газраа огцруулах сэдвээр өрнөж байсан бол дараагийн дайн Ерөнхий сайдын суудал болон Засгийн газрын гишүүн болох ширүүн өрсөлдөөнөөр үргэлжилж байна. Өмнөх  тулаандаа итгэл төгс ялалт байгуулсан гарын үсгийн 32-оос долоон гишүүн Засгийн газрын сайдад өрсөлдөхгүй хэмээн мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Гарамжав, Т.Аюурсайхан, Д.Сумъяабазар, М.Оюучимэг гэсэн гишүүд ямар нэгэн байдлаар сайдын албан тушаалд очихгүй гэдгээ амласан билээ. Тэгэхээр  эдгээр гишүүдийн нэрс таамаглалаас шууд хасагдана гэж ойлгож болно. Харин үлдсэн 25 гишүүн 13 яам, 16 сайдын төлөөх марафондоо аль хэдийнэ оржээ.  Аль яамыг хэн, тэр дундаа хэний бүлэг, фракц авах вэ гэдэг яриа ид дундаа өрнөж байна.

 

 

Үүнтэй зэрэгцээд Ерөнхий сайдын суудал ч олон өрсөлдөгчидтэй болсоор. МАН-ын хувьд Ерөнхий сайдын суудал амаргүй асуудалтай тулгарч буй. Намын дарга нь Ерөнхий сайд байж танхимаа удирдахгүй бол Засгаа огцруулах хэмжээнд хүрдэг гэдгийг Мэргэжлийн гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын Засгийн газар өнгөтөөр харуулаад авсан. Тэгэхээр дараагийн Ерөнхий сайд нь намын дарга байж гэмээнэ дараагийн Засгийн газар тогтвортой байх эх суурь тавигдах учиртай. Гэвч Ерөнхий сайд 30, МАН-ын дарга 45 хоногийн дотор томилогдох учир цаг хугацааны хувьд зөрсөн асуудлыг эрх баригчид хэрхэн шийдэхээр Засгийн газрын гишүүн тодорхой болох нь. Одоогоор Ерөнхий сайдад хэд хэдэн хүмүүсийн нэр яригдаж байна.

 

У.Хүрэлсүх Ерөнхий сайдаасаа өөрийн хүсэлтээр огцрохыг үгүйсгэхгүй

 

Мэргэжлийн гэх мэргэжлийн бус сайд нартай Засгийн газрыг огцруулах сураг дуулдаж эхэлмэгч дараагийн Ерөнхий  сайдаар түүнийг тодруулж байлаа. Учир нь түүнийг тагнаж, чагнасан гэх асуудлыг Ж.Эрдэнэбат захиалан гүйцэтгэсэн тул өшөөгөө Засгийг унагааж, өөрөө суудал дээр залрах маягаар авна хэмээн хэвлэлийнхэн таамаглаж ирсэн. У.Хүрэлсүх ч Шадар сайдын суудалаа өөрийн хүсэлтээр өгөхдөө “Намын даргын сунгаанд итгэл төгс өрсөлдөнө” хэмээн мэдэгдсэн нь цаанаа Ерөнхий сайд болох санааг ч давхар агуулсан. Тиймээс дараагийн Ерөнхий сайдын таамагт тэрбээр хамгийн түрүүнд бичигдэж байна. Хэдийгээр У.Хүрэлсүх нам дотроо тэр дундаа удирдлагуудын дунд нэр хүнд муу байгаа ч нийт иргэдийн дунд рейтинг нь өндөр байгаа учир энэ суудалд хэсэг бүлэг хүмүүсийн хамт зүтгэсээр байна. Гэхдээ түүнд нэг дутагдал бий. Тэрбээр асуудал тулгармагц албан тушаалаасаа урвадаг гэмтэй. Түүний улс төрийн замналын сүүлийн хэдэн жилийн түүх “Өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгсөн” гэх гуншин дагалдаж байгаа учир Ерөнхий сайд болсоныхоо дараа дахин өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрохыг үгүйсгэх аргагүй юм.

 

С.Бямбацогтын мэдлэг нимгэн

 

Дараагийн яригдах хүмүүсийг МАН-ын томчууд зүтгүүлж байгаа гэх. С.Бямбацогт бол өнгөрсөн дөрвөн жилийн турш МАН-ын бүлгийн даргын ажлыг нэр төртэйгээр гүйцэтгэсэн нэгэн. Харин огцроод буй Засгийн газарт Хууль зүйн яамыг тэргүүлсэн. Түүнийг сайд болох үеэр мэдлэг нимгэн сайд хэмээн цоллосон нь цаанаа учиртай. Тэрээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хоёр жилийн оройн эчнээ ангийг эрх зүйч мэргэжлээр 2015 оны нэг сард төгссөн. Гэтэл тэрээр УИХ-ын албан ёсны вэб сайт дээр өөрийгөө 2009-2014 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн гэж танилцуулсан нь шүүмжлэлд өртсөн юм. Түүнээс гадна энэ удаагийн Засгийн газар огцрох шалтгааны нэг болсон концессын асуудалд нэр нь холбогдоод байгаа. Энэ талаараа “Концессын асуудалд миний нэр холбогдсон. 2014 онд концессын тендер зарласан. 2016 оны тогтоолоор эдийн засгийг сэргээх хөтөлбөрт орсон. Энэ 2013 оноос хойш явж байгаа ажил. Журмын нөхөд маань луйвар хийсэн мэтээр хандаж байгаад харамсч байна. Би өөрийгөө шалгуулна. Гэр бүл, эхнэр хүүхэд хүртэл “Та луйвар хийчихсэн юм уу” гэж байна. Би гэмт хэрэг үйлдээгүй гэдгээ нотлуулна. Зорилгодоо хүрэхийн тулд бие биенээ харлуулах гутаах зүйл бүү хийдэг байгаасай. Өнөөдрийн бидний биенийгээ гутааж байгаа үгс 2020 оны сонгуулиар ашиглагдана шүү” гэсэн тайлбарыг өгсөн байдаг.

 

Н.Энхболдыг хэн нь зүтгүүлэв

 

Саяны огцорсон Засгийн газрыг унагаах ажлыг Хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунайтай холбох нэгэн байдаг. Асуудлыг У.Хүрэлсүх өөрийн биеэр таглаж байгаа гэх ч цаана нь МАН-ын санхүүг атгадаг гэх Т.Бадамжунайг бий гэх мэдээлэл хэвлэлээр багагүй хөвөрсөн. Тэгвэл тэрбээр хийсэн ажлаа дуусгахыг хүссэн бололтой. Ерөнхий сайдад зүтгүүлэх дараагийн хүнээрээ Н.Энхболдыг тодруулсан гэх сураг байна. Түүгээр ч барахгүй хэрвээ У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болохгүй бол түүнийг зүтгүүлэхээр Элчин сайд С.Баяртай тохиролцож амжсан гэх жиргээ чих дэлсэв. С.Баяр өнгөрсөн ням гаригт эх орондоо ирсэн бол Т.Бадамжунай өчигдөр 17 цагт Чингис хаан ОУНБ-д газардсан байна. С.Баяр, Т.Бадамжунай нар Монголд ирэхээсээ хоёр хоногийн өмнө Сингапурт уулзаж, Eрөнхий сайд хэн байвал болохыг ярилцжээ. Тэдний халаасанд С.Бямбацогт, Н.Энхболд нарын нэр яваа бөгөөд хэнийг нь сонгох вэ гэдэг дээр саналаа нэгтгэж амжаагүй гэх.

 

Давхар дээлийг эсэргүүцэгч давхар дээлтэн Ж.Мөнхбат

 

Ж.Мөнхбат өнгөрсөн жил ч гэсэн Ерөнхий сайдад яригдаж байв. Нам нь ялсан үед түүнийг энэ албан тушаалд өлхөн очно хэмээн харцгааж байлаа. Учир нь намын дарга нь УИХ-ын даргад зүтгэж байгаа цагт нам доторх албан тушаалаасаа тэрбээр Ерөнхий сайд болох байв. Гэвч түүнийг ЗГХЭГ-ын даргаар тавьж, өөрийн садан төрөл гэх Ж.Эрдэнэбатыг Ерөнхий  сайдаар томилсон билээ. Яруу найрагч, Болор цомын эзэн Ж.Мөнхбат нь улс төрийн гараагаа С.Төмөр-Очирын туслахаас эхэлж байсан. 1978 оных.  “Болор цом”-ыг худалдаж авсан гэсэн шүүмжлэлд өртөж байв. УИХ-д сонгогдсон хоёр яруу найрагчийн нэг.  Тэрбээр “хар машин”-ыг шатаах, давхар дээлийг эсэргүүцэх асуудлаар улс төрийн акц зохион байгуулсан. Хар машиныг шатаасны хүчээр МАН ялалт байгууллаа гэх утга бүхий зүйлийг анхдугаар чуулган дээр хэлсэн нь сошиалын  нэг “трэнд” тайлбар болсон юм. Гэвч тэрбээр хэлсэн ярьснаасаа буцдаг хүн. Нэгхэн жилийн өмнө давхар дээлийг эсэргүүцэж байснаа нам нь ялалт байгуулж, эрх барих үед өөрөө хэд хэдэн давхар дээл өмссөн нэгэн билээ. Мөн түүний нэр алдарт концессын асуудалтай холбогддог.

 

“Хонгорыг хордуулагч” Д.Хаянхярваа

 

Харин Д.Хаянхярвааг Ерөнхий сайдын таамагт явж буйд зарим хүмүүс гайхаж байна. Өнөөгийн МАН-ын бүлгийн дарга түүнд бүлгээ сайн удирдаж чадаагүй гэсэн асуудлаар хариуцлага хүлээлгэх талаар яригдаж байгаа. Учир нь МАН түүхэндээ 65 уулаа байсан удаагүй. 65 гишүүнтэй бүлэг улс орны томоохон асуудлыг шийдвэрлэх хэмжээний эрх мэдэлтэй байтал Засгийн газраа унагаах хэмжээнд хүртэл хагаралдуулж, ойлголцолд хүргэж чадаагүй нь түүний буруу билээ. 65 хүнийг удирдаж чадаагүй хүн Ерөнхий сайд болж 3 сая иргэний амь амьдралыг залгуулж чадах уу гэдэгт эргэлзэх хүн цөөнгүй. Тэгээд ч Дархан-Уул аймгийнхан түүнийг Хонгор сумыг хордуулагч гэдэг.

 

Ч.Хүрэлбаатар уу, Сү.Батболд уу

 

Таамаглалын сүүл хэсэгт Мэргэжлийн Засгийн газрыг огцрох ёстой хэмээн үзсэн хоёр гишүүн яригдаж байна. Түүний нэг нь Ч.Хүрэлбаатар. Тэрбээр Засгийг огцруулах ээлжит бус чуулганы үеэр “Засгийн газрын үнэт зүйл ард түмний итгэл байдаг. Ард түмний итгэлийг алдсан хүн улс төрөөс зайлагддаг. Энэ Засгийн газар нэг жил боллоо. Ерөнхийлөгчийн сонгуулиар бид ард түмэнтэй уулзсан. Итгэл хумхын тоос мэт алга болсон. Засгийн газрын бодлого ойлгомжгүй байсан. Эргэж буцсан, тодорхойгүй, ойлгомжгүй олон шийдвэр гарсан. Гаргасан шийдвэртээ итгэхгүй байгаа Засгийн газарт хэн итгэх юм бэ. Хөрөнгө оруулагч нар итгэхгүй. Энэ Засгийн газар ард түмний төлөө зүтгэхгүй байж, дарга нарынхаа төлөө зүтгэсэн. Хувийн хэвшлийн компаниуд бидэнд гомдлын үг хэлж байсан. “Дарга нарын компани ажил үйлчилгээ авдаг цаг болсон юм байна” хэмээн байдаг бол Сү.Батболд засаг унагах ажлыг анхаасаа дэмжсэн гишүүдийн нэг. Түүний фракцийн арав гаруй гишүүн гарын үсэг зурсан гэдэг. Өөрөөр хэлбэл Засаг унагах ажлын гол цөмийг Монгол Улсын Ерөнхий Сайд асан Сү.Батболдын фракци бүрдүүлсэн бол тэд  толгойлогчоо ийнхүү Ерөнхий сайдад зүтгүүлж байна.

 

Б.Ариун

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 2
  • 1
  • 7
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...
...