Улаанбаатар
Өнөөдөр / 2017.11.22
-13
Өдөртөө
-22
Шөнөдөө

С.Эрдэнэ: МАН-ын хоёрдугаар ээлж хоолонд орох эсэх нь эрх барьж буй намын дотоод асуудал

2017 оны 9 сарын 13

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

 

-Та Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилсон тогтоол гараагүй гэж шүүмжиллээ. УИХ-ын дарга хуулиараа Засгийн газар огцорсны дараагаар шууд үүрэг гүйцэтгэгч болж хувирдаг гэж тайлбарласан. Энэ талаар?

 

-Нэгэнт огцорсон Ерөнхий сайдаар үүрэг гүйцэтгэгч тавьж явах нь өөрөө ямар үр дүнтэйг бид мэднэ. Тийм учраас л ийм байдлаар явж болохгүй. Тийм учраас УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, дараагийн Засгийн газрыг бүрдүүлэх яаралтай шаардлага байгаа юм.  Үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайдтай удаан явж болохгүй гэдэг шаардлага тавьж байгаа. Нэгэнтээ огцорсон бол үүрэгт ажлыг нь шилжүүлэх ёстой.

 

-Засгийн газрыг 30 хоногийн дотор томилох хуулийн хугацаандаа багтаана гээд тайлбарлавал яах вэ?

 

-30 хоногоо хүлээвэл эхний цастайгаа учирна. Эхний цас орно гэдэг манай орны хувьд маш том дохио санамж. Бүх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил зогсоно гэсэн үг. Хадлан тариалангийн хураан авалт ч зогсоно. Ямар ч Засгийн газар байгуулагдсан АН хамтрахгүй гэдгээ илэрхийлсэн. Тиймээс эрх барьж байгаа намын хувьд дотооддоо өөрсдийн асуудлаа шийдээд, Засгийн газраа бүрдүүлээд явах бүрэн боломж байгаа.

 

-“Эрдэнэт”-ийн 49 хувийн талынхан давж заалдах болон анхан шатны шүүхээр яллаа. Одоо УИХ-ын тогтоол хүчингүй гэсэн үг үү?

 

-Бид УИХ дээр олон удаа анхааруулж байсан. Аливаа хувийн өмчид улайрч хандах ёсгүй. Шүүх, хуулийн байгууллага асуудлыг шалгаж, тогтоогоогүй байхад УИХ өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлж, аливаа асуудалд шийдвэр гаргах нь буруу. УИХ мөрдөн шалгах газар биш, шүүхийн шийдвэр гаргадаг байгууллага ч биш. УИХ бол хууль тогтоох байгууллага. Хууль санаачлах, боловсруулах, батлах хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллага. Өнөөдөр өөрт олгогдсон чиг үүргийн хүрээнд холбогдох байгууллага чиглэл өгч, шалгуулан, тогтоолгоод шийдвэрээ гаргасан бол өөр асуудал. Шалгасан тогтоосон зүйл байхгүй, олон түмний сэтгэлзүй дээр тоглолт хийж, шударга болж харагдах бусармаг үйлдэл хийсэн. Энэ нь эргээд шүүхээр шийдвэрлэгдэж байгаа. Шийдвэр гаргасан этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой.

 

-Ээлжит бус чуулганыг танай бүлгээс тавьж байна. Асуудлыг цааш хэрхэн хүргэх вэ?

 

-УИХ дахь АН-ын бүлгээс асуудлыг УИХ-ын удирдлагад албан бичгээр тавина. Цаг хугацаа гэдэг маш хатуу шүүгч байдаг. Бид сөрөг хүчний хувьд  үүргээ гүйцэтгэж байгаа юм.  Бид эрх баригчдад улс орны нөхцөл байдал ямар байгааг анхааруулах үүрэгтэй.Бид адилхан сонгогчдоос сонгогдсон төрийн түшээд. Тиймээс асуудлыг шийдвэрлүүлэхэд анхаарах үүрэгтэй.

 

-Гишүүн А.Сүхбат танай намд орох өргөдлөө өгсөн гэсэн. Үнэн үү?

 

-Өнөөдрийн байдлаар А.Сүхбат гишүүн ямар нэг өргөдөл өгөөгүй. А.Сүхбат гишүүн өмнө нь манай намд байсан. Төв шуудангийн урд талын байранд байхад АН-ын  батлах гардаж авсныг би маш сайн мэдэж байна.

 

-ОУВС-гийн хөтөлбөрийн гурав дахь шатны яриа хэлэлцээр удахгүй явагдана. Өнөөдрийн нөхцөл байдлаас үүдэж саад бэрхшээл тулгарах болов уу?

 

-Бодит нөхцөл байдлаа эргээд харах юм бол Засгийн газарт найдах хэрэггүй.  Хүүхдийн мөнгө олгоход 244 тэрбум төгрөг зарцуулдаг. Гэтэл 6 тэрбум төгрөг хүүхдүүдээсээ харамласан. Харин  өөрсдөө 800, 900 тэрбум төгрөгөөр ашиг сонирхлын зөрчилтэй концессийн гэрээ хийж байгаа нь зүй ёсны хэрэг биш. Дээр нь цалин тэтгэврээ нэмээгүй байж сайд нарын зардлыг 400 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн.

 

Үнэхээр ард түмнийхээ төлөө ажиллаж байгаа Засгийн газар, Монголын төр  өөрсдөөсөө эхэлж хэмнэх ёстой. Ингэж байж цалин тэтгэврээ тав, арван мянга гэхгүй нэмэгдүүлэх боломжтой болно.  ОУВС-гийн хөтөлбөрийн шугамаар орж ирж байгаа мөнгөн дүн гайхамшиг биш. Манай шиг байгалийн баялагтай, өргөн уудам нутаг дэвсгэртэй улс ОУВС-гийн хэдхэн ам.доллараар голоо зогоож амьдрах нь өрөвдөлтэй. Чадваргүй Засгийн газрын хийдэг үйлдэл. Том төсөл, том ордоо ашиглаж болно. Жишээ нь Оюутолгойн олборлолтыг бодитоор шалгаад, хэдэн тонн  зэсийн баяжмал экспортолж, хэдэн ам.доллараар зарж байна вэ. Тэр мөнгө хаашаа орж байна вэ гэдгийг тогтоож чадах юм бол ОУВС-гаас авч байгаа ам.долларыг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө тайлан тооцоонд оролгүй, гадагш урсаж байхыг үгүйсгэхгүй. Тиймээс өнөөдөр бид аливаад эзэн баймаар байна. Ингэж байж баялгийнхаа бодит өгөөжийг ард түмэнд өгнө. 

 

-АН олонх байхдаа Засгийн газраа огцруулсан. МАН ч ялгаагүй огцрууллаа. Хоёр том намын энэ байдалд олон нийт сэтгэл дундуур байгаад та ямар тайлбар хийх бол?

 

-АН-ын хувьд шинэчлэлийн ажлаа бодитой явуулж байгаа. Анх удаа нийт гишүүдээсээ намынхаа даргыг сонгосон. Намын дотоод дүрэм журам, өөрчлөлт шинэчлэлийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж байна. АН-ыг  шинэчлэгдээгүй гэж хэн ч хэлэхгүй байх. Эрх барьж байгаа намын алдааг Ардчилсан намд тохох гэж байгаа нь буруу. Засгийн газар солигдсоноор нөхцөл байдлыг дүгнэж болохгүй. Муу ажиллах юм бол ямар ч Засгийн газар огцрох ёстой. Тэрнээс тогтвортой байгаа нь энэ гээд чадваргүй Засгийн газрыг удаан ажиллуулах нь илүү хохирол авч ирнэ. Тухайн эрх барьж буй нам бодлогоо тогтвортой явуулах нь чухал.  АН өөрийнхөө Засгийн газрыг огцруулж байсан жишээ байхгүй. Харин манай Засгийн газрыг сөрөг хүчнүүд огцруулдаг байсан. АН дангаараа хэзээ ч засаглаагүй. 

 

-Засгийн газраа огцруулснаар ажил сайжирсан түүх байна юу?

 

-Үүнд хариулт хэлж мэдэхгүй байна. Гэхдээ хариуцлага тооцож байгаа нь эрүүл байгаагийн шинж.  Дарангуйлалтай улс оронд шүүмжилсэн нэгнийгээ нухчин дардаг. Засгийн газар нь болохгүй байсан ч болж байгаа мэт ажилласаар байдаг. Ардчилалтай улс оронд огцорч л байдаг, дараагийнх нь байгуулагдаж л байдаг. Харин төрийн бодлого тогтвортой байх ёстой. Ардын намын хоёрдугаар ээлж хоолонд орох эсэхийг би хэлж мэдэхгүй. Эрх барьж буй намын дотоод асуудал байх.

 

-Та МАН-ыг эрүүл байна гэж та дүгнэж байна уу?

 

-Яагаад эрүүл бус гэж. Ажил хийж чадахгүй байгаа Засгийн газартаа хариуцлага тооцож чадаж байна шүү дээ. Би МАН-ыг эрүүл байгаа юм байна гэж харлаа. Булхай, хулгайгаа нуухгүй байна. Харин Ардын намын албан тушаал наймаалцсан асуудал эцсийн үр дүнд огцруулах үндэслэл болсон.

 

-Дараагийн Засгийн газрыг дэд сайдгүй байх хэрэгтэй гэж олон нийт үзэж байна. Ер нь дэд сайд ямар үүрэгтэй вэ?

 

-Дэд сайд гэдэг орон тоо бол эвслийн Засгийн газрын үед байж болно. Яагаад гэхээр эвслийн Засгийн газарт байгаа намууд бие биедээ хяналт тавих орон тоо. Гэтэл дангаараа шахуу парламентаа бүрдүүлсэн намд дэд сайдын шаардлага байхгүй. Би өнгөрсөн 2012-2016 онд Засгийн газарт ажилласан. Дэд сайд хэрэгтэй гэж хэлж чадахгүй. Өнөөдөр фейсбүүк, твиттерийн жиргээч дэд сайд нараа байлгаж байхаар хүүхдийн мөнгөө өгье.  Гэхдээ МАН-д тийм хүсэл алга.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...
...