Сүүлийн жилүүдэд манай улсын оюутан залуус гадны улс оронд Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан мэргэжил боловсрол эзэмших сонирхолтой болсон. Тэгвэл БНХАУ-ын Засгийн газрын харъяа их дээд сургуулиудад тэтгэлэгтэйгээр оюутан элсэлүүлэх элсэлт, сурталчилгааны уулзалт өчигдөр Монгол-Хятадын “Найрамдал” сургууль дээр боллоо.
Уулзалтын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гадаадад байнга оршин суугаа Хятад иргэдийн хэрэг эрхлэх албанаас Бээжингийн Хятад хэлний институт, Жи Нань-гийн их сургууль, Хуа Чао их сургуульд оюутан элсүүлэх журам, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжийн талаар танилцуулж, сурагчдын сонирхсон асуултад хариулт өгөв.
БНХАУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны үр дүнд жил бүр манай улсын 40-50 оюутан багш мэргэжлээр тус улсад тэтгэлэгтэйгээр суралцдаг байна.
Тэгвэл энэ тоо жил ирэх бүр нэмэгдэж, БНХАУ-д хятад хэлний багш мэргэжлээр сурах оюутаны тоо өсч байгаа гэдгийг уулзалтын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гадаадад байнга оршин суугаа Хятад иргэдийн хэрэг эрхлэх албаны орлогч дарга Лиан Зи Вэн тодотгож байсан юм. Мөн тэрбээр “Манай байгууллага нь олон улсын хэмжээнд Хятад хэлний багш мэргэжил эзэмшүүлэх элсэлт авч, тэтгэлэгтэйээр суралцуулдаг. Дээрх сургуулиуд нь багш мэргэжлээс гадна 50-60 нарийн мэргэжлийн ангиуддаа элсэлт авдаг. Хэрэв нарийн мэргэжлийн ангид элсэн суралцахаар болвол мөн зохих хэмжээний хөнгөлөлт, тэтгэлэгт хамрагдах боломжтой байдаг. Тухайлбал Хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтад өндөр оноо авсан тохиолдолд тухайн улсад суух Элчин сайдын яамаараа дамжуулан бүртгүүлж, элсэх боломжтой. Мөн “Нэг зам нэг бүс”-хөтөлбөрийн шугамаар жилдээ Монгол Улсын 4-5 хүүхдийг тэтгэлэгт хамруулж, нарийн мэргэжил эзэмшүүлэх боломжийг олгож байгаа” гэдгийг онцолсон.
Харин БНХАУ-ын ЗГ-ын харъяа сургуулиудад оюутан элсүүлэх төлөөлөгчийн газрын Монгол дахь төлөөлөгч Монгол-Хятадын “Найрамдал” сургуулийн захирал Жянь Шянь Мэй “БНХАУ-д Хятад хэлний багш мэргэжил эзэмших сонирхолтой Монгол Улсын иргэн бүрт энэхүү боломж бүрэн нээлттэй. Дээрх сургуулиудад оюутан элсүүлэхэд ямар нэгэн хэлний түвшин шаардахгүй, зөвхөн 12 дугаар ангийн боловсрол эзэмшисэн байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Тиймээс сонирхсон хүмүүс манай сургууль дээр ирж бүртгүүлэн ямар нэгэн төлбөргүй тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан, БНХАУ-д багш мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмших боломж үүд хаалга нээлттэй байгаа” гэдгийг дуулгасан.