МАН үеийн үед нэг л зүйлээр гайхуулж ирсэн нь өнөө цагт тэр нь зовлон болж буй. Боловсон хүчин гэдэг нэрийн дор төрийн бүхий л халаа сэлгээнд өөрсдийн хүмүүсээ шургуулж ирсэн тэд одоо олонхийн зовлонг эдлэж, хэнийг нь хаана суулгахаа мэдэхгүй өдөр, шөнөгүй хуралдаж сууна. Нэг тохироон дээрээ арай хийж тогтож байтал нөгөө хэсэг нь эсэргүүцсээр өвөлд бэлтгэх намрын урт өдрүүдийг өнөөх л албан тушаал ярьсаар өнгөрөөх нь. Ядаж байхад эв нэгдэл, найрамдал гэх үгээ МАН-ынхан энэ цаг үед ч ярьсаар байгаа нь зарим хүмүүсийн эгдүүг хүргэж байх шиг.
Албан тушаалын төлөө алив байдгаа барьж байгаа тэдний үйл хөдлөл нүдэн дээр ил өрнөж байхад “Манай нам эв нэгдэлтэй байгаа” гэх манж үг хэнд ч нөлөөлөхгүй болов уу.
Тус намыхны өрсөлдөөн, сөргөлдөөн, хагарал бутрал ээлжит бус чуулганаас хойш гүнзгийрсэн. Тиймээс ч шинэ засгийн эхлэл МАН-ын хагарлыг улам дэвэргэж, 90 жилийн түүхтэй нам, нас намбаа ч үл тоон хэсэг бүлгээрээ хуваагдан Ерөнхий сайд руу тэмүүлсээр байна.
МАН-ыг хувааж байгаа хэсэг бүлэг хүмүүс бол У.Хүрэлсүхийнхэн. Тэд өмнө засгийг унагахад гол үүрэгтэй оролцсон болохоор Шинэ Засгийг байгуулахад мөн л гол дүрийг бүтээнэ хэмээн сайрхаж буй. Үе үе томоохон уулзалт зохион байгуулж, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад, Д.Сумъяабазарыг Нийслэлийн МАН-ын даргад, Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Б.Баярмагнайг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад, Нийслэлийн ИТХ-ыг Д.Амарбаясгаланд өгөхөөр тохироо хийсэн ч үүнийг нь өрсөлдөгч фракциуд нь дэмжихгүй байгаа сурагтай, тэр нь М.Энхболдынхон.
М.Энхболдын фракцийнхан бол МАН-д хэзээнээс байж ирсэн бүлэглэл. Улс төрийн хүрээнийхэн хотынх гэж нэрлэдэг. Энэ утгаараа МАН-ын задралын нэг хэсэг нь тэд. Шинэ Засагт эдний багийнхан ямар ч аргаар хамаагүй томоохон суудлуулынхаа нэгийг нь авна гэж үзнэ. М.Энхболдын зүгээс Нийслэлийн намын хорооны Бага хурал, Их хурлуудад нөлөөлөх замаар өөрийн хүнээ тодорхой албан тушаалуудад томилуулах гол лобби хийж байгаа мэдээлэл байна. Тэрээр НИТХ-ын даргад Ж.Батсайхан, С.Амарсайхан нарын хүмүүсийг НИТХ-ын даргад зүтгүүлэхээр бэлдэж буй гэх. Түүнчлэн энэ албан тушаалд М.Халиунбат, Ж.Алдаржавхлан нарын нэр яригдсан ч эцсийн мөч хүртэл ямар хувилбар дийлэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл нийслэлийн НИТХ-ын даргын суудлыг хотыхон эзэмшихээр “дайрч” байна.
Уг нь МАН-д У.Хүрэлсүхийнхэн, М.Энхболдынхон гэсэн бүлэглэл байдаг бол мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар унаснаас хойш Сү.Батболдынхон гэх шинэ бүлэглэл үүссэн тухай мэдээлэл хөвөрсөөр. Түүгээр ч барахгүй тус бүлэглэлийнхэн Сү-гээ Ерөнхий сайдад зүтгүүлэхээс гадна хотод бас албан тушаалд өрсөлдөх сурагтай. Хэдийгээр нэр нөлөөгөөрөө бусдаасаа хүрээлэл багатай ч дээрх хоёрт захирагдахыг хүсдэггүй нөхдүүд түүнтэй нэгдвэл томоохон фракци болж мэдэх.
Ямартай ч шинэ Засгийн газар байгуулах сураг ийнхүү МАН-ыг хэдэн хэсэг болгон хуваачихаж. Хамгийн харамсалтай нь энэ бол дөнгөж эхлэл. Ерөнхий сайд, нийслэлийн МАН-ын дарга, НИТХ-ын дарга гэсэн албан тушаалын төлөөх өрсөлдөөн. Үүний дараа сайд, дэд сайд, агентлагийн дарга нарын төлөөх цусгүй тулаан хүлээж байгаа. Тэгэхээр бараг 100 жилийн настай МАН-аас юм үлдэх л байгаа даа.
Б.Өрнөх
Сэтгэгдэл (40)