Эмэгтэй хүн бүрийн амьдралд урилгагүй зочилдог өвчин бол үтрээний үрэвсэлт мөөгөнцөр юм. Тиймээс бүсгүйчүүддээ мөөгөнцөр өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх талаар Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн эмч, анагаах ухааны доктор, дэслэгч Г.Гэрэлцэцэгээс тодрууллаа.
-Мөөнгөнцөр өвчин юунаас болж үүсдэг юм бэ?
Үтрээний хэвийн орчинд мөөгөнцөр тодорхой хэмжээгээр байдаг. Харин тоо нь ихсээд ирэхээрээ зовиурлаж эхэлдэг. Юунаас болж мөөгөнцөрийн тоо ихсэж байна вэ гэхээр антибиотикын замбараагүй хэрэглээ болон эмэгтэйчүүдийн савангийн хэт их хэрэглээнээс шалтгаална. Мөн стресстэж ядарснаас болж хүний дархлаа сулрах үед мөөгөнцөрийн тоо ихсэдэг. Мөөгөнцөр өвчин жирэмсэн эмэгтэйчүүдэд түлхүү тохиолддог. Учир нь жирэмсэн болмогц ихэс үүсч, түүнд даавар их хэмжээгээр ялгарна. Дааврын түвшин өөрчлөгдөхөд мөөгөнцөр үржих нь элбэг. Үүнээс гадна согтууруулах ундаа ихээр хэрэглэх, өтгөн хар цай, кофе, кола уухад мөөгөнцөр сэдэрдэг. Түүнчлэн хэт таргалалттай хүмүүст ч мөөгөнцөр өвчин тохиолдох нь бий.
-Илрэх шинж тэмдгийн хувьд?
Эмэгтэй хүн хоёр өндгөвчтэй. Түүний үйл ажиллагааны явцад даавар ялгарч байдаг тул үтрээнээс тодорхой хэмжээний ялгадас гарч, хэвийн орчинг нь хангаж байдаг. Эрүүл эмэгтэйн биеэс сарын тэмдгийн гол хэсэгт өнгөгүй цэлцгэнэсэн, сарын тэмдэг ирэх дөхөхөөр шаргал, бусад үед саарал ялгадас гарч байдаг.
Харин үрэвсэлт өвчний үед өнгө, үнэр, хэмжээнд өөрчлөлт гардаг. Тиймээс бүсгүйчүүд маань мазокны шинжилгээгээр бактерын гаралтай үрэвсэл, мөөгөнцөрийн гаралтай үрэвсэл, бэлгийн замын халдварт өвчин байна уу гэдгийг тодорхойлуулаад түүнд нь тохирсон эмчилгээг хийлгэх нь зөв юм. Мөөгөнцөр өвчний үед доошоо тараг шиг өнгөтэй ялгадас гарч, загатнах шинж тэмдэг илэрдэг.
-Хилийн заставуудад үзлэгээр явж байхад мөөгөнцөр өвчин хэр их байна вэ?
Заставуудаар явж байхад ээжүүд “Манай хүүхдээс доошоо юм гараад байна” гэж их асуудаг. Бага насны хүүхдээс цагаан юм гарах нь ямар нэгэн бэлгийн замын халдварт өвчин биш. Энэ нь цагаан хорхойн шинж тэмдэг. Хүүхдийг унтаж байх үед бөгснөөс нь гарсан цагаан хорхой үтрээгээр орж бактер тараадаг. Тэгэхээр үтрээ баасны бактераар бохирдчихоор доошоо ногоон шаргал ялгадас гардаг. Үүнийг ээжүүд сайн ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.
-Мөөгөнцөр өвчнийг бүрэн эмчилж болох уу?
Юунаас болж мөөгөнцөр өвчин сэдрээд байгаагаа тодорхойлох хэрэгтэй. Тэгж байж л энэ өвчнөөс сэргийлж чадна. Тухайлбал, ядарч сульдсанаас болж дархлаа суларч мөөгөнцөр өвчин нь сэдэрдэг хүн байлаа гэхэд хавар намартаа дархлаагаа дэмжих витамин ууж, амралт ачааллаа тэнцүүлж байх хэрэгтэй. Хүн бүр мөөгөнцөр өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.
-Бид ямар нэгэн өвчин туслаа гэхэд шууд л дур мэдэн антибиотик уудаг. Тэгвэл мөөгөнцөрийн эсрэг эмийг антибиотик ууж байх үедээ давхар хэрэглэх шаардлагатай юу?
Шаардлагатай тохиолдолд эмчийн заавраар антибиотик уувал давхар мөөгөнцөрийн эсрэг эмийг тохиорох тунгаар хүүхэд, эмэгтэйчүүд, эрчүүд гээд бүгд уух ёстой. Бүсгүйчүүдээс гадна эрчүүд ч мөөгөнцөртдөг шүү дээ.
Эрчүүдэд улайж, загатнах шинж тэмдэг илэрдэг. Эрчүүд мөөгөнцөртсөн үед 500 мл буцалсан усанд нэг хоолны халбага хүнсний сода хийгээд долоо хоногт хоёр удаа угаагаад, зориулалтын тос, эмийг хэрэглэх шаардлагатай.
-Мөөгөнцөр өвчний үед хүний биед илрэх шинж тэмдэг зовиураасаа гадна, үлдэх хор уршиг бий юу?
Харьцангуй хор нөлөө бага. Гэхдээ мөөгөнцөр өвчин хүний биеийн дархлаа сул байгааг илтãэж, эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай гэсэн дохиог өгч байдаг.
Сэтгэгдэл (3)