Өнгөрсөн жилийн наймдугаар сарын 5-нд Төв аймгийн Аргалант сумын Хөшөөтийн хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт автын осол болж нэг гэр бүлийн долоон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байдаг. Амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн Авлигатай Тэмцэх Газарт хандаж буйгаа мэдэгдсэн. Ингэхдээ “Осол болохыг харсан гэрчийн хэлснээр манай дүүгийн машиныг нэг машин шахсаны улмаас эсрэг урсгалд явж байсан “Тоёота Ланд-200” маркийн автомашинтай мөргөлдөж, замын хажуу руу шидэгдсэн.
Ингээд 10-20 минутын дараа машинд гал гарсны улмаас зорчигчид бүгд шатаж амиа алдсан юм билээ. Тэнд байсан бүх машинууд туслах гэж хичээсэн, хэргийг харсан гэрчүүд зөндөө бий. Дүүгийн маань машиныг шахсан шаргал өнгөтэй машин хэргийн газраас зугтсан. Гэрчүүд сандарсан учраас машины дугаар, маркийг харж амжаагүй байдаг. Машинд манай дүү хоёр хүүхэд, хадам аав, ээж, хадам эгч болон түүний 7 сартай хүүхдийн хамт явж байсан бөгөөд нэг нь ч амьд үлдээгүй.
Хэрэг болсноос жилийн дараа гэхэд гурван удаа прокурор солигдож, гурван удаа хэрэг хаагдсан байна. Хаагдсан шалтгааныг эзэн холбогдогч нь нас барсан, хариуцлага хүлээх хүн байхгүй гэж тайлбарлаж байгаа. Тэр осол юунаас болж гарсан, осолд орсон машин ямар шалтгаанаас болж урсгал сөрсөн бэ гэдгийг цагдаагийн байгууллагаас тогтоогоогүй. Мөн осолд орсон машиныг шахаж эсрэг урсгал руу оруулаад зугтсан жолоочийг олоогүй байгаа.
Бид анх хэргийн газар ажилласан байцаагч, баг бүрэлдэхүүнд гомдолтой байгаа учраас Авлигатай Тэмцэх Газарт хандаж байна” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл АТГ-аас дараах мэдэгдлийг гаргажээ. “2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөтийн 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хүй 7 худаг гэх газрын орчимд 72-40 УБҮ улсын дугаартай Тоёота Приус маркын автомашин, Тоёота Ландкруйзер 200 маркын 01-16 УНА улсын дугаартай автомашинтай мөргөлдсөний улмаас автомашин шатаж 7 хүний амь нас хохирсон зам тээврийн ослыг үзэж харсан, хэргийн талаар сонссон иргэд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст хандана уу. Мэдээллийн нууцлалыг хадгална” гэсэн байна.
Сэтгэгдэл (4)