Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга "Бид НҮБ-тай ажилгүйдэл, ядуурал, агаарын бохирдол, цөлжилт, хүүхдийн асуудал гэсэн таван зүйл дээр хамтарч ажиллая гэдэгт санал нэгдсэн. Монгол Улсын төрийн тэргүүнүүд НҮБ-тай байнга хамтарч ажилладаг. НҮБ-ын энэ удаагийн буюу 72-р чуулганд заавал очих шаардлага байхгүй юм билээ. Манай улсаас гадна Франц, Орос, Герман зэрэг олон орнууд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн байсан. Энэ жилийн чуулган "Хүн төвтэй-хөгжил" сэдвийн хүрээнд болно. Монгол Улсыг төлөөлж Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил чуулганд оролцох юм.
Манай улсын тухайд жил бүр чуулганд оролцдог байсан юм билээ. Харин энэ жилийн тухайд Засгийн газар огцорчихсон хэзээ мөдгүй томилох асуудал яригдаж байгаа үед Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газар анхаарал тавьж ажиллах ёстой. Тиймээс чуулганд оролцсонгүй гэдгээ мэдэгдсэн.
Ер нь бид цаашид гадаад айлчлалуудын үр дүнг судалж, Монгол Улсад ямар хэрэгтэй вэ гэсний судалж үзсний үндсэн дээр айлчлал хийж байхаар болсон" гэв.
Ерөнхийлөгч мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Та УИХ-ын даргад ээлжит бус чуулганыг хуралдуулах хүсэлт гаргасан. Гэсэн ч их хурлын дарга танд өөр хариу ирүүлсэн байна?
-УИХ-ын даргад огцорсон Ерөнхий сайдаар ажил хийлгээд байж болохгүй гэсэн утга бүхий мэдэгдэл хүргүүлсэн. Хариу нь заавал Ерөнхий сайдыг томилуулах саналыг оруулж ирсний дараа чуулганыг зарлана гэж ирлээ.
-Оффшор бүсээс мөнгө оруулж ирэх 49 хоногийн хугацааг та өгсөн. Харин энэ хугацаа дуусчихлаа. Энэ талаар?
-Улс төрчдөд хандан ууч сэтгэл гаргаж, оффшор бүсээс хөрөнгөө 49 хоногийн дотор оруулж ирвэл уучлах тухай уриалга гаргасан. Гэсэн ч энэ хугацаа нь дууслаа. Одоо Авлигатай Тэмцэх Газар ажиллах ёстой. Улс төрчдийн авлигалын асуудлыг илрүүлэх гэж АТГ ажиллаж байгаа. Харамсалтай нь энэ тал дээр АТГ ажиллахгүй байгаа болохоор эрх ашгийн сонирхол байна гэсэн дүгнэлтэд хүрээд байна. 49 хоногийн дараагаас сэлэм гаргаад цавчаад явна гэсэн үг биш. Харин энэ тал дээр ажил хийх ёстой байгууллагыг нь шахаж ажиллах юм.
-Нүүрсний экспорттой холбоотой гомдол гараад байгаа. Та үүнд тайлбар хийнэ үү?
-Манай улс нүүрснээс бусад бүтээгдэхүүн экспортолсон улс байх ёстой. Шинээр бүрдэх Засгийн газар нам болгоны сонгуулийн мөрийн хөтөлбөрт байдаг зорилгыг хэрэгжүүлэх чин хүсэлтэй байгаасай гэж бодож байна. Нүүрсний үнийн өсөлт буулт хоёр дээр бид эдийн засгаа томьёолж ярьдаг. Бид бодит эдийн засагтай байх хэрэгтэй.
-АТГ-ын удирдлагуудыг солих шаардлагатай юу?
-Би өөрөө дур мэдэж хүн сольж, томилох асуудал байхгүй. Энэ нь УИХ-аар хэлэлцэгддэг.
-Та шинэ бүрдэх Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухайд ямар байр суурьтай байна вэ?
-Шинэ бүрдэх Засгийн газар маань намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилготой Ерөнхий сайд, танхимын бүрэлдэхүүн байгаасай. Эх орноо гэсэн хүмүүс гараасай гэсэн бодолтой байна.
-Шадар сайд У.Хүрэлсүх таныг сонгуулиар дэмжиж ажилласан уу?
-Мэдэхгүй, өөрөөс нь асуу.
24tsag.mn
Сэтгэгдэл (53)