Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид яг одоо хуралдаж байна. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “2012-2016 оны хооронд нийслэл Улаанбатаар хотыг Үндсэн хуулийн дагуу НИТХ удирддаг, бодлого, хөтөлбөрөөр хангадаг байсан. 2016 сонгуулиар бий болсон одоогийн НИТХ Үндсэн хуулийн үүргээ биелүүлж чадаагүй.
Энэ байдал даамжирсаар даргаа огцруулахдаа хүрээд байна. Өнөөдөр НИТХ-ын даргыг томилох нь асуудал биш бөгөөд үүний дээр ИТХ-аа Үндсэн хуульд заасан үүргийнх нь дагуу ажиллуулж, Нийслэл хотыг удирдлагаар хангаж эзэнтэй болгох хэрэгтэй. Мөн НИТХ-аар шийдэх асуудалд нам оролцож байгаа нь иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхэд халдсан үйлдэл. НИТХ-ын даргыг чөлөөлөх болон шинээр томилох ажил хуулийн дагуу явагдах ёстой.
Намын байгууллага хуралдаж энэ асуудлыг ярьж байна гэдэг нь хуучин социализмынхаа үе рүү орж байгаа хэрэг. Нийгэм нэлээн замбараагүй, удирдлагагүй байдал руу орж байна. Энэ улс орныг улс төрийн дур зоргоор удирддагаа болих хэрэгтэй. Манай бүлэг бодлогын байр суурин дээрээ зогсъё, зарчмын байр сууриа илэрхийлье гэж байгаа. Түүнээс НИТХ-ийн гишүүдийн бүрэн эрх хадгалагдана.
Хамгийн гол нь нийслэл хотыг удирдлагатай болгож өгөөч, Үндсэн хуулийн дагуу Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг ажиллуулж өгөөч гэсэн шаардлагаа л тавина. Хувь хүнийг сонгох асуудлыг хүмүүс өөрсдөө шийднэ. Ахин хэлэхэд, төрийг намын байгууллага удирдаад байна. Энэ байж боломгүй хэрээс хэтэрсэн зүйл. Улс төрийн шат шатанд намын байгууллага хуралдаж, оролцож байна” гэв
Сэтгэгдэл (13)