Энэ долоо хоногт улс төр болоод нийгэмд олон үйл явдал болж өрнөлөө. Цалингаа нэмэхгүй бол сануулах ажил хаялт зарлахаа мэдэгдээд байсан багш нар энэ сарын 21-ний өдөр ажил хаясан бол НИТХ-ын дарга албан ёсоор ажлаасаа чөлөөлөгдөж, түүний орны хүнийг томилох шахав. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын чуулга уулзалтад оролцохгүй талаараа албан мэдээлэл хийж, хүүхдийн мөнгө 50 мянга болно гэх цахим ертөнцөд олны анхаарлыг татаад байсан асуултын хариултыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас өглөө. Ингээд энэ долоо хоногт болж өрнөсөн үйл явдлыг багц 24 буландаа онцолж байна.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 11 дүгээр хуралдаан өчигдөр буюу есдүгээр сарын 22-ны өдөр боллоо. Хуралдаанаар НИТХ-ын дарга Ц.Сандуйг өөрийнх нь хүсэлтийн дагуу албан тушаалаас нь чөлөөлсөн. Үүний дараа НИТХ дахь МАН-ын бүлгээс НИТХ-ын дараагийн даргад нэр дэвшигчийг танилцуулсан.НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан, Г.Төмөрбаатар нар нэрээ татсанаар МАН-ын бүлгээс Д.Баярсайханыг нэр дэвшүүлсэн бол заалнаас төлөөлөгч С.Амарсайханы нэрийг дэвшүүлсэн юм. Улмаар НИТХ дахь АН-ын бүлэг завсарлага авч, хуралдаан 15 цагаас эргэн хуралдаж эхэлсэн.Журмын дагуу НИТХ-ын дарга нууц санал хураалтаар тодруулахаар болсон ч хоёр нэр дэвшигчийн санал тэнцжээ.Өөрөөр хэлбэл МАН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн Д.Баярсайхан 22, заалнаас нэр дэвшсэн С.Амарсайхан 22 хүний санал авсан байна.Энэ удаагийн санал хураалтад НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүд оролцоогүй байна.Тиймээс НИТХ дахь МАН тав хоногийн завсарлага авчээ.
"Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо”-оос энэ сарын 21, 26-нд сануулах, ирэх сарын 10-нд хугацаагүй ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн.Энэ дагуу өнөөөдөр багш нар ажил хаялт зарлаж байгаа юм.Энэ талаар "Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ноос 21-ий өдөр мэдээлэл хийлээ. Ажил хаялтад нийслэлийн ЕБС-тйн багш нарын 43 хувь, СӨБ 28 хувь, улсын хэмжээнд ЕБС-ийн 56 хувь, СӨБ-ийн багш ажилчдын 23 хувь нь оролцсон байна. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд 654 сургуулиас 384 нь ажил хаялтад оролцож байна гэсэн мэдээлэл гарсан байгаа аж. Харин цаашид энэ тоо өснө гэдгийг "Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ныхон тухайн үед мэдээлсэн.
"Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ны Ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяа "Монголын багш нарын цалин нэмүүлэх асуудлаар Засгийн газар хариу ирүүлээгүй байгаа учраас сануулах ажил хаялтыг орон даяар хийж байна.Одоогоор ажил хаялт улсын хэмжээнд 60 хувьтай байна.Сануулах хоёр өдрийн ажил хаялт цаашид хугацаагүй ажил хаялт болох учраас Засгийн газраас хариу өгөхийг шаардаж байна" гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга "Бид НҮБ-тай ажилгүйдэл, ядуурал, агаарын бохирдол, цөлжилт, хүүхдийн асуудал гэсэн таван зүйл дээр хамтарч ажиллая гэдэгт санал нэгдсэн. Монгол Улсын төрийн тэргүүнүүд НҮБ-тай байнга хамтарч ажилладаг. НҮБ-ын энэ удаагийн буюу 72-р чуулганд заавал очих шаардлага байхгүй юм билээ.Манай улсаас гадна Франц, Орос, Герман зэрэг олон орнууд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн байсан.Энэ жилийн чуулган "Хүн төвтэй-хөгжил" сэдвийн хүрээнд болно.Монгол Улсыг төлөөлж Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил чуулганд оролцох юм. Манай улсын тухайд жил бүр чуулганд оролцдог байсан юм билээ.Харин энэ жилийн тухайд Засгийн газар огцорчихсон хэзээ мөдгүй томилох асуудал яригдаж байгаа үед Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газар анхаарал тавьж ажиллах ёстой.Тиймээс чуулганд оролцсонгүй гэдгээ мэдэгдсэн. Ер нь бид цаашид гадаад айлчлалуудын үр дүнг судалж, Монгол Улсад ямар хэрэгтэй вэ гэсний судалж үзсний үндсэн дээр айлчлал хийж байхаар болсон" гэв.
Хүүхдийн мөнгө 50 мянга болно гэх цахим ертөнцөд олны анхаарлыг татаад байсан асуултын хариултыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас өглөө.
Энэ талаар "Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын талаар ор үндэслэлгүй мэдээлэл олон нийтийн сүлжээ болон мэдээллийн цахим хуудсуудаар нийтлэгдэж байгаад харамсч байна. “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхдийн мөнгийг 50 мянга болгох тухай зарлиг гаргалаа” гэсэн ор үндэсгүй мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж уг мэдээллийг зарим эх сурвалжууд зориудаар түгээж байна.Мөн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг Улсын Ерөнхий прокуроор томилно” хэмээн мэдээллийн цахим хуудсууд ямар нэг эх сурвалжгүйгээр үндэслэлгүй мэдээлж байна.Дээрх мэдээллүүд нь ор үндэсгүй бөгөөд хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх тухайд Монгол Улсын Ерөнхийлөгч бие даан шийдвэр гаргах боломжгүй асуудал юм.
Ор үндэслэлгүй энэ мэт мэдээлэл нийтэлж, түгээж, уншигчдыг төөрөгдүүлж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудыг албан ёсны эх сурвалжаас тодруулж, баримттай бодит мэдээлэл түгээхийг хүсье" гэх мэдэгдлийг хийсэн.
24tsag.mn
Сэтгэгдэл (3)