Сүүлийн үед улс төрд албан тушаалын тэмцэл халуухан өрнөж, хэн нь хэнийг залгамжлах бол гэсэн таамаг, бор шувуу хаа сайгүй жиргэх болсон. МАН 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн нь ийнхүү тэмцэл эхлэх гол шалтгаан болсон билээ. Мэргэжлийн Засгийн газрыг огцруулахтай зэрэгцээд НИТХ-ын даргын суудлын асуудал хөндөгдөж, Ц.Сандуй “мааниа” уншуулах нь тодорхой болоод байсан юм.
Тэгвэл өнгөрсөн баасан гарагт Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 11 дүгээр хуралдаан болж, НИТХ-ын дарга Ц.Сандуйг өөрийнх нь хүсэлтийн дагуу албан тушаалаас нь чөлөөлөв. Мөн хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгох байсан ч хэн Ц.Сандуйг залгамжлахыг тодруулж дөнгөсөнгүй. НИТХ дахь МАН-ын бүлгээс Д.Баярсайханыг нэр дэвшүүлсэн бол заалнаас төлөөлөгч С.Амарсайханы нэрийг дэвшүүлсэн юм. Улмаар НИТХ-ын даргыг нууц санал хураалтаар тодруулахаар болж, санал хураалт явуулахад хоёр нэр дэвшигчийн санал тэнцэв. Өөрөөр хэлбэл МАН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн Д.Баярсайхан 22, заалнаас нэр дэвшсэн С.Амарсайхан 22 хүний санал авсан юм. Харин энэ удаагийн санал хураалтад НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүд оролцоогүй учир НИТХ дахь МАН тав хоногийн завсарлага авч энэ асуудал хойшлов.
Тэгвэл тун удахгүй НИТХ-ын даргын суудал эзэнтэй болж, дээрх нэр дэвшчигчдийн нэгнийх нь магнай тэнийх нь дамжиггүй. Харин хэн нь НИТХ-ыг тэргүүлэх бол гэдэг нь өдгөө олны анхаарлыг татаж, басхүү шүүмжлэлийг дагуулж байгаа юм. НИТХ-ын даргад энэ удаа мэдлэг боловсрол,ажлын туршлага төдийлөн хангалттай биш хүмүүс өрсөлдөж, хотыг удирдахаар улайрч байна гэдгийг иргэд өгүүлж байна. Хатуухан хэлэхэд НИТХ-ын даргыг жаран чавганцын үлгэрээр тодруулна. Тэгвэл нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ.
НИТХ дахь МАН-ын бүлгээс нэр дэвшиж буй Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан нь 1992 оноос хойш дүүрэг болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан нэгэн. Тэрбээр МАН дотроо л нэр хүнд сайтай гэгддэг болохоос хийсэн бүтээснээр бол “наранд” танигдаагүй хүн гэдэг нь нууц биш. Харин энэ удаагийн НИТХ-ын даргад ийнхүү цахиур хагалж, намынхаа дэмжлэгийг хүртэх болсон гол шалтгаан нь жендерийн тэгш байдлыг хангахад нэлээд санал санаачлагатай ажилладаг гэх шалгуур аж. Тиймээс МАН-ынхан НИТХ-ын даргад түүний нэрийг дэвшүүлсэн байна.
Ямартай ч дүүргийн улс төрийн тогооны ажлаас хэдийдээгүй тэрбээр энэ удаа намынхаа итгэлийг хүлээж дөнгөжээ. Харин НИТХ-ын даргын суудалд сууж, Ц.Сандуйг “залгамжилж” чадах эсэхийг хэдхэн хоногийн дараа шийдэх юм.
НИТХ дахь АН-ын бүлгээс “Оюуны ундраа” группын захирал, НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханы нэрийг НИТХ-ын даргад нэр дэвшүүлээд байна. Түүнийг төрд хийсэн ажил, байгуулсан гавъяа зүтгэлээр нь бус “Оюуны ундраа”-гийн С.Отгонбаярыг дүү гэдгээр нь олон нийт илүүтэй танина гэхэд ниг ил хилсдэхгүй болов уу.
Аль ч төрд аргаа олоод явдаг түүнийг нэлээд залжин нөхөр гэдгийг ч хэлэх хүн олон байдаг. Тэрбээр UBS фракцад “Уг гарал маань увсынх” гэж тал засч дөнгөдөг бол Хотын фракцад “Би Улаанбаатарын унаган хүү” гээд гүйгээд оччихож ч чаддаг залжин нөхөр гэгддэг юм билээ. Тиймээс ч энэ удаагийн НИТХ-ын даргын суудал санаархаж, бас бус тохироог хийж чадсан учраас заалнаас гарсан гэх.
Ёстой л жаран чавганц уралдвал нэг нь түрүүлдэг жамаар Д.Баярсайхан, С.Амарсайхан нарын нэг НИТХ-ын даргын албан тушаалд очих нь дамжггүй. Харин нь хэн вэ гэдгийг НИТХ-ын төлөөлөгч нарын мэргэн ухаан шийдэх буй за.
24tsag.mn
Сэтгэгдэл (24)