МАН-ын Бага хурал түр завсарласан. Тус завсарлагааны үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан товч мэдээлэл хийлээ. “МАН-ын ээлжит Бага хурал болж байна. Энэ удаагийн хурлаар намын 28 дугаар Их хурлыг ирэх 11 дүгээр сарын 20-21 өдрүүдэд хуралдахаар зарласан.
Мөн Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэнэ. Удирдах зөвлөлөөс гурван нэр дэвшигчийг оруулж ирсэн. Шадар сайд У.Хүрэлсүх, Н.Энхболд, Ө.Энхтүвшин нарын нэг нь Ерөнхий сайдад нэр дэвшихээр оруулсан ирсэн. Өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд МАН-д нэлээд тэмцэл өрнөсөн. Засгийн газраа огцруулсан. Тиймээс дараагийн Ерөнхий сайдыг тодруулах дээр Удирдах зөвлөл ямар нэгэн шийдвэр гаргахыг илүүд үзсэнгүй. Бага хурлынхаа гишүүдийн санал бодлыг сонсч, тэднийхээ үзэл санааг тусгахын тулд гурван нэр дэвшигчийг оруулж ирсэн байгаа. Бага хурлаас олонхийн санал авсан хүн нь УИХ-д өргөн баригдаж, Ерөнхий сайдаар сонгогдон ажиллах бүрэн боломжтой. Мөн Удирдах зөвлөлийн хуралд эдгээр гурван хүний хэн нь ч ялагч болсон бай цаашид намынхаа эв нэгдлээ хангаж ажиллах, улс орны нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдсан асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэн.
МАН-ын дүрмээр Бага хурал дээр заалнаас нэр дэвших эрх нээлтэй байдаг. Гэхдээ одоогоор нэр дэвшихээ илэрхийлсэн хүн байхгүй байна. Өнөөдрийн Бага хурлаар 4 асуудал хэлэлцэнэ. Намын даргын улс төрийн илтгэл, МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд хийсэн дүгнэлт, илтгэл, ирэх 11 дүгээр сард болох Их хурлын төлөөлөгчдийг сонгох журмыг хэлэлцэж, батлахаас гадна Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэнэ. Энэ асуудлыг үдээс оройхон буюу хамгийн сүүлд хэлэлцэж эхэлнэ гэж ойлгож болно. Ерөнхий сайдын асуудлыг тодруулсаны дараа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг Удирдах зөвлөлөөр хэлэлцэнэ” гэлээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (8)