Улаанбаатар
Өнөөдөр / 2017.10.17
7
Өдөртөө
-6
Шөнөдөө

Хэмжээ хэтрэхийн зовлон

2017 оны 10 сарын 5

…Би халамцуудаа ерѳѳл хэлэхээр гартаа барьж байгаа хундага дарсыг харж харахдаа “балгангуутаа бѳѳлжих ч юм уу, үгүй дээ алингаа алдана” гэдгээ мэдэж байвч хахаж цацан байж залгилав. Дараа нь юу болсныг эс санана. Агсамнасан л гэнэ, аалигүйтэн марзганасан л гэнэ, алингаа алдан уйлж бархирсан л гэнэ, баярхсан л гэнэ, бѳѳлжиж газраар нэг заваартуулсан л гэнэ. Яг хэмжээ болсон гэж мэдрэгдээд л байхад тэр л хэмжээг хэтрүүлэн байж уусны гор. Маргааш нь бѳѳлжин заваарч, ѳдѳржингѳѳ ёолон тарчлахын зэрэгцээ “би яасан юм бол?” гэх айдас зүрхийг түгшүүлж, сэтгэлийг шаналгана. “Санадаггүй ээ, сармагчаан” гэх шаналан шар тайлахаас ч хол илүү зовлон. Зүгээр л дотно хэн нэгний цаашлуулан хэлсэн тохуурхал болгоныг үнэмшиж зовно. “Арай ч дээ “гэж сэтгэл дотроо халаглах авч ѳѳрийгѳѳ олигтойхон ѳмѳѳрѳх чадал үгүй.

…Би түүнд зүгээр л дурласан. Харин миний дурлал сохор байлаа. Түүнийгээ баярлуулахын тулд учирлаж хүссэн болгоныг л “ид шидийн эзэн” мэт биелүүлдэг байв. Үүний тѳлѳѳ баярлаж намайг хүзүүдэн үнссэн түүний царайг харах жаргалтай байлаа, эгэлгүй баатар мэт. Дараа нь хүссэн болгоныг биелүүлэхдээ “тийм л байх ёстой” гэж бодсон хэрнээ инээмсэглэн талархах түүний царайг харахдаа бага зэрэг урамших аж. Эцэст нь “Алтан загасны эмгэн” мэт шаардсан болгоныг нь биелүүлж үл чадахдаа түүнээс тэсгэл алдам хараал зүхлийг сонсоод л гомдож цѳхрѳх. Баярлахаас талархах, эцэст нь үзэн ядах хүртэлх хүслийн хангамж бидний амьдралыг бусниулдаг. Хэмжээ хэтрэхээс нь ѳмнѳ “Уучлаарай би үүнийг үнэхээр биелүүлж чадахгүй нээ. Гэхдээ боломжийг эрүүл ухаанаар эргэцүүлж үзье” гэж хэлж чаддаггүйд л бидний зовлон оршдог. Аргаа бараад л үр хүүхдээ бодоод бусдын ѳмнѳ Юндэн Нансалмаа мэт жүжиглэх авч, гэртээ хариад л үүнээс залхсандаа чангаар хашхиран уурлана. Хүсэл, шуналд хязгаар үгүй гэвч бид үүнийг ойлгодоггүй.

 

…Тэр залуу улстѳрд ороод л гэнэт баяжсан. Зүв зүгээр л инээлдэж наргиж асан андуудын зан нь хувирч биднийг хармагцаа хямсагналдан ярвайлдана. Хүүхдүүд минь томоогүй гэнэн болохоороо урьдын адил гэрт нь ороод л тоглон инээхэд “Нохойд хаяж ѳгч” байгаа мэт чихэр амттаныг чулуудна. Хүүхдүүд ойлгохгүй, бид гэр дотроо үүнийг учирлах гэж бѳѳн дажин. Түүний эхнэрийн ѳмссѳн үнэтэй булган дээл, тэдний хѳлѳглѳх үнэтэй “Жееп” машиныг харах бүрдээ эхнэр маань над руу аргадан инээмсэглэх авч битүүдээ санаа алдах нь анзаарагдах. “Үгүй ер новшнууд чинь” хэмээн дотроо зэвүүрхэн бодох авч шударгаар хѳдѳлмѳрлѳѳд “Уулын чинээ харыг туулайн чинээ хар гүйцэхгүй”-н зовлонг сэтгэлээрээ мэдрэх. Oн жилийн урсгалд тэд “унаж”, биднийгээ царайчлан инээмсэглэж урьдын сайхан нѳхѳрлѳлѳѳ сэргээх гэж хичээх авч, сэтгэлд минь ойртохгүй. Шуналаар холдож сэвтсэн сэтгэлийг гэсгээх гэдэг амаргүй. “Уг нь хэм хэмжээндээ л байсан бол?” гэж хааяа харуусан бодоход зүрхээр ёг хийтэл хатгуулна.

 

…Тэр гэнэтхэн “од” болоод л зан нь хувирсан. Энд тэнд уригдаад л , ТВ болгоны дэлгэцээр цэцэрхээд л, хүмүүс түүнийг магтан бишрэх тусам биеэ тоогоод л … Бидний хажуугаар ширэв татаад ѳнгѳрдѳг түүнийг “үүдэн шүд нь унаад үс гэзэг нь цайгаад” ирэхийн цагт бүгд л “хаяцгаав”. Тэнгэрээс газарт буусандаа гомдоллон архи уун агсамнах түүнийг дэргэд нь байх хэдээс ѳѳр “нохой хуцах чинээ ч тоох” хүн үгүй. “Цагийн сайханд цалгиж, цалингаа буухад наргиж явлаа” хэмээн унасан үүдэн шүднийхээ цаанаас шүлсээ үсчүүлэх түүнийг бид шоолох хэрнээ ѳрѳвдѳх нь бас үгүй. Зүгээр л зѳнгѳѳрѳѳ явж байсан бол ямар сайхан байх сан болдоо хэмээн би түүнийг харах бүрдээ харамсана. Хэн нэгнийгээ хѳѳрѳгдѳн хэм хэмжээг нь алдагдуулчихаад хээв нэг дэвслээд ѳнгѳрдѳг хүмүүсийн араншин хатуу мѳртлѳѳ мунхаг.

 

Энэ амьдралд бүх зүйл ѳѳрийн хэм хэмжээтэй, магадгүй урьд насны үйлийн үрийн тѳлѳѳс байх. Тэр хэм хэмжээг давах гэж оролдох оролдлого болгон тухайн хүнийг зовлонд унагадаг. Хүн болгон Билл Гейтс шиг баян байх боломжгүй, хүн болгон Эйнштэн шиг суут ухаантан байх боломжгүй, хүн болгон Майкл Жейксон шиг “Од” байх боломжгүй, хүн болгон Анжелина Жоли шиг гоо үзэсгэлэнтэй байх боломжгүй. Хүн болгонд ѳгѳгдсѳн хэм хэмжээ гэж бол бий. Эрчүүд бүгдээрээ мисстэй гэрлэх гэж мѳрѳѳдѳн, эмсүүд бүгдээрээ баян нэгнээр халамжлуулах гэж тэчъядаж, хүүхдүүдээ бүгдийг нь “босс”, бас “мисс” болгох гэж шахаж, нүүрном, твиттерийн жиргээгээр ухаантай болох гэж тэнэглэн постолж, ухаантай хүн болгоныг шоолж, мѳнгѳтэй хүн болгоныг үзэн ядаж амьдарцгаана. Зүгээр л хэмжээгээ хальж сагасан тараг шиг.

 

Энэ амьдралд бүх зүйл ѳѳрийн хэм хэмжээтэй. Аз жаргалтай амьдралын тухай бид ѳѳр хоорондоо цэцэрхэн маргацгаадаг. Яг үнэндээ байна шүү дээ, “Аз жаргал” гэдэг чинь ѳѳртѳѳ байгаа боломж бүхэндээ сэтгэл ханахын утга мѳн. Зүгээр л чи ѳѳрийнхѳѳ ѳмнѳ тулгарсан асуудлаа ѳѳрийнхѳѳ хэм хэмжээндээ багтаан шийдэж чадсаны нотолгоо. “За даа би үүнийг ѳѳрийн чадамжиндаа үүнээс илүү хийж чадахгүй байсан юм шүү дээ” гэж бодох дор аз жаргал бялхаад л ирнэ. Үүнээс илүүг хийж чадсан хэн нэгнийг “надаас илүү мундаг байна шүү дээ” гэж бодох дор тайвшраад баярлаад л явчихна. Энэ амьдрал чинь шийдэх олон асуудлуудтай. Ганцаараа ѳѳрийнхѳѳ асуудлыг шийдэж чадвал сайн, харин бусдын тусламжтайгаар үүнээс ч илүү шийдэж чадвал бүр сайн. Эндээс л эв нэгдэл, бусдад талархах сэтгэл эхэлдэг юм шүү дээ. Чи бусадтай заавал адилхан байх албагүй ч, бусдаас заавал онцгойрон ялгарах ч албагүй. Тэгэхээр энэ амьдралд бид хамтдаа л сайн байх нь илүү чухал байгаа биз.

 

Яг энэ мѳчид зовлонгоо бид ѳѳрсдѳѳ л бий болгоод байна даа. Аваад авсандаа орох биш тэр их мѳнгѳѳр яана, аваад авсандаа дуулах биш тэр их нэр алдраар яана, аваад авсандаа инээх биш тэр их зусардлаар яана. Цаг хугацааны урсгал болгон чиний хэн байгаад хэн болсныг тунгааж харуулна. Цаг хугацааны хэмнэл болгон чиний хуурамч хийгээд үнэнч байсныг тодруулаад үзүүлнэ. Цаг хугацааны дохиолол болгон чиний мѳн чанарын хэлбэлзлийг бусдад нотлоод ѳгнѳ. Чи хаашаа зайлах юм бэ. Зүгээр л ѳѳртѳѳ болон ѳѳрийн мѳн чанартаа үнэнч бай, хожим чиний үр хүүхдүүд нүүр бардам явдаг юм. Зүгээр л бусдын ѳмнѳ үнэ цэнэтэй бай, чамайг үнэлж хүндэлдэг хүн болгон шарилын тань ѳмнѳ цэцэг авч очдог юм. Зүгээр л ѳѳрийнхѳѳ зоргоороо амьдар, чиний дотно найзууд чамайг чин сэтгэлээсээ дурсаж хундага дарс ѳргѳдѳг юм.

 

ЗҮГЭЭР Л АРААМАНДАА ЯЖИГНАЛ ДАА АНДАА. ЭНЭ АМЬДРАЛ ЧИНЬ ИХ ЭНГИЙН ШҮҮ ДЭЭ. ЮУНДАА ЗОВДОГ ЮМ БЭ?

 

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан