Энэ долоо хоногт улс төр болоод нийгэмд олон үйл явдал болж өрнөлөө. УИХ-ын намрын чуулган өнгөрсөн даваа гарагт нээлтээ хийж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилсон бол эмч, багш нар цалингаа нэмэхгүй бол хугацаагүй ажил хаяна гэдгээ мэдэгдэв. Ингээд энэ долоо хоногт болсон үйл явдлыг багц 24 буландаа онцолж байна.
УИХ-ын чуулганы энэ сарын 4-ний өдөр нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг томиллоо. Хуралдаанд оролцсон 47 гишүүн 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилсон юм. Томилгооны дараа Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаас, У.Хүрэлсүх Шадар сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Улмаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Ухнаагийн Хүрэлсүх тухайн өдрийн морин цагт тамгаа гардаж авсан юм. Засгийн газрын тамгыг Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат хүлээлгэн өгч баяр хүргэн ажлын амжилт хүссэн бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх, эдийн засгийн хүнд цаг үед Монгол төрийн албанд хичээн зүтгэсэн өмнөх Засгийн газрын ололт, амжилт бүхнийг үргэлжлүүлэх болно гэдгээ мэдэгдлээ.
УИХ-ын чуулганы хуралдаанд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн тэн хагас нь оролцоогүй. Өөрөөр хэлбэл мэргэжлийн Засгийн газрын огцруулахын эсрэг байсан УИХ-ын 30 гишүүн энэ удаагийн чуулганыг эсэргүүцсэн юм. Тэгвэл үүссэн нөхцөл байдлын талаар УИХ-ын зарим гишүүд мэдээлэл хийв. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин "МАН ард түмний өмнө хариуцлага хүлээсэн. Тиймээс асуудлаа дотроо ярих ёстой. Гэвч Засгийн газраа огцруулсаны дараа зөвшилцөх байлгүй дээ гэж байтал шууд санал хураачихлаа. Энэ асуудалд маш эгдүүцэж байна. Эв нэгдлийг яаж хангах юм гэхээр хариулт байхгүй. Өнөөдөр чуулган дээр амь насаа алдахаас айхгүй байна гэж ярьж байна. Хэн хэнийхээ амь насанд хүрэх гээд байгаа юм бэ. 65 дотроо учраа олчиход л болоо. Энэ бүхнээс харахад эв нэгдлийг хангаж чадахгүй. Улам хурцдуулах юм байна гэж харж байна" хэмээн мэдэгдсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "МАН-ын 30-аад гишүүн чуулганы хуралдаанд оролцоогүй. МАН-ын бүлэг хуралдаад эв нэгдлээ яаж хангаж ажиллах юм гэдэг асуудлыг ярих гэтэл гарын үсэг зурсан 30 гишүүн түрэмгийлсээл чуулганд орлоо. Ойлголцох байх гэж бодож байтал их ойлгомжгүй нөхцөл байдал дунд У.Хүрэлсүх Ерөнхий сайд боллоо. Бид гол нь зарчим дээрээ ойлголцох хэрэгтэй" гэв.
Улсын Их Хурлын намрын ээлжит өнгөрсөн даваа гарагт нээлтээ хийж, лхагва гарагт Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж, улмаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийж, хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр бүх Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, УИХ-дахь намын бүлгүүдэд шилжүүлсэн юм.
Багш нар тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдсэн. Тодруулбал өнгөрсөн пүрэв гарагт багш нарын баярыг тохиолдуулан “Багш багшдаа тусалъя” нэгдлээс анхдугаар “Онц их хурал”-ыг зохион байгуулж, дээрх шийдэлд хүрснээ танилцуулсан юм. Наймдугаар сарын 30-ны өдөр нийслэл хотын хэмжээнд 13 мянга гаруй багш, хөдөө орон нутгуудад 15 мянга гаруй багш өөрсдийн эрх ашгийн төлөө тэмцэхээр дуу хоолойгоо нэгтгэж жагсаал хийсэн. Засгийн газарт хоёр ч удаа цалин нэмэгдүүлэх шаардлагыг хүргүүлж хариуг аван цаашид тэмцлийн хэлбэрт шилжихээ удаа дараа мэдэгдэн үйл ажиллагааг явуулсан. Мөн өнгөрөгч сарын 21, 26-ны өдрүүдэд улс орон даяар сануулах ажил хаялт зохион байгуулж, цаашдаа тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэсэн байна. Тэгвэл эмч нар хугацаагүй ажил хаяна хэмээн мэдэгдлээ. Өчигдөр Эрүүл мэндийн салбарт үүсээд буй асуудлын талаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийв. Эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэгдүүлэх хүсэлт, шаардлага гаргасан ч шийдэлд хүрээгүй учраас өчигдөр 21 аймгаас эмч, мэргэжилтнүүд ирж, жагсаал хийсэн. Гэвч үүнийг нь улстөржүүлж байгаад тэд бухимдаж буй аж. Эрүүл мэндийн сайдыг ажилд нь үлдээхийг хүссэн мэтээр улстөржүүлэн тэдний тэмцлийг буруугаар тайлбарласан учраас орохгүй бол улс орон даяар хугацаагүй ажил хаялт хийх нөхцөл бүрдээд байна хэмээн мэдэгдлээ.
Өчигдрийн УИХ-ын чуулганаар эмч нарын цалинг 30 хувь нэмэгдүүлэх боломжтой гэсэн ч эмч нар цалинг 30 хувь бус 50 хувиас доошгүйгээр нэмэх ёстой хэмээнтэд үзэж байгаа аж.
24tsag.mn
Сэтгэгдэл (30)