Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд хэдхэн хоногийн өмнө тамгаа гардаж авсан. Тэрбээр эдгээр өдрүүдэд тамхимаа бүрдүүлэхээр ил, далд тохироо хийж байгаа нь нууц биш. Тэгвэл олон нийт У.Хүрэлсүхийн кабинетад хэн хэн багтаж ажиллах бол хэмээн чих тавин хүлээж сууна. Шинэ Засгийн газар хэрхэн бүрдэхээс цаашдын ирээдүй нь харагдах учиртай.
Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг мэргэжлийн ажиллаж чадаагүй гэх үндэслэлээр огцруулсан. Тэгвэл шинэ Засгийн газрыг үнэхээр мэргэжлийн байгуулагдахгүй бол өмнөх Засгийн газраа огцруулсан хэрэг гарахгүй гэдгийг хэлэх хүн олон байгаа.
Тиймээс ч Ерөнхий сайд танхимын нөхдөө сонгохдоо нэлээд хатуу шаардлага тавьж байгаа гэх мэдээлэл байна. Гэхдээ Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэхэд бас ч үгүй саад бэрхшээл тулгараад байгаа гэх. Ерөнхий сайдад намын удирдлагуудын зүгээс Засгийн газрыг бүрдүүлэхэд нэлээдгүй шахалт дарамт үзүүлж, басхүү тохироо хийх санал ч иржээ. Тодруулбал УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газрын 40 хувийг өөрийн талаас бүрдүүлэх шаардлага тавьж байгаа гэдгийг хэвлэлүүд онцолж байна. Харин үлдсэн 60 хувийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө томилох тохиороотой гар бариад байгаа аж.
Уг нь Ерөнхий сайд тамгаа гардаж авсныхаа дараа “Надаас болон миний тэргүүлсэн Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй, хууль бус зүйл хийлгэх гэж битгий шахаж шаардаарай. Би зөвхөн хуулинд захирагдах болно” хэмээн мэдэгдэж байсан. Харин чухам яагаад ийнхүү тохироонд автаж, Засгийн газраа 40/60-аар хуваах болсон нь олны анхаарлыг татаж байгаа юм. Ямартай ч Ерөнхий сайд өнөөдөр танхимын гишүүдээ намынхаа удирдах зөвлөлд танилцуулан хэлэлцүүлэх аж. Тэгвэл жинхэнэ “мэргэжлийн” Засгийн газрын бүрэлдэхүүнд хэн хэн багтах вэ.
Шаргал ордон болоод Тусгаар тогтнолын ордноор жиргэж буй бор шувуу:
-Шадар сайд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа
-ЗГХЭГ-ын дарга УИХ-ын гишүүн Г.Занданшатар
-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
-Гадаад харилцааны сайд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар
-Сангийн сайд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар
-Хууль зүй, дотоод хэргийн сайд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд УИХ-ын гишүүн С.Чинзориг
-Батлан хамгаалахын сайд УИХ-ын гишүүн Н.Энхболд
-Барилга, хот байгуулалтын сайд УИХ-ын гишүүн О.Содбилэг
-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа
-Зам, тээврийн сайд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд УИХ-ын гишүүн Б.Батзориг
-Эрчим хүчний сайд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
-Эрүүл мэндийн сайд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нарын нэр яригдаж байгаа хэмээн жиргэж байна.
Ямартай У.Хүрэлсүхийн Засгийн газар “давхар дээл”-тэнгүүдээр дүүрэн байх бололтой. Дээрх жиргээний үнэн худал болоод хэн хэн сайдын суудалд залрах нь тун удахгүй олон нийтэд ил болох юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (93)