Статистикийн хорооноос өгсөн мэдээллээр хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо есдүгээр сарын эцсийн байдлаар 34.9 мянгад хүрчээ. Үүний 25.4 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд бол 9.5 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд юм.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оноос 13.2 хувиар, өмнөх сараас 0.3 хувиар буурчээ. Ажилгүй иргэдийн 7.7 мянга нь Улаанбаатарт, 5.2 мянга нь Төвийн бүсэд, 5.0 мянга нь Хангайн бүсэд, 4.9 мянга нь Баруун бүсэд, 2.6 мянга нь Зүүн бүсэд байгаа аж.
Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад он гарсаар ажилгүй 58.5 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 13 мянган иргэн ажилд зуучлагдан оржээ. Улмаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн 45 хувийг бүрэн дунд, 32.5 хувийг дипломын болон бакалаврын дээд, 6.7 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.8 хувийг суурь, 5.3 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.0 хувийг бага, 1.3 хувийг магистр болон түүнээс дээш боловсролтой иргэд, 1.4 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 60.1 хувийг 15-34 насны залуучууд эзэлж буй аж. Эл үзүүлэлт Өмнөговь, Архангай, Орхон, Сэлэнгэ, Ховд, Дорнод, Дундговь, Увс, Говь-Алтай, Төв, Говьсүмбэр, Дорноговь аймагт улсын дунджаас 0.9-16.9 пунктээр илүү байгааг статистикийн судалгаа харуулж байна.