Өнөөдөр “Хөхний даруулгагүй өдөр” тохиож байна. Жил бүрийн энэ өдрийг АНУ болон Английн охид, бүсгүйчүүд “Хөхний даруулгагүй өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд эл өдрийг хөхний хорт хавдрын эсрэг олон нийтэд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай.
Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолддог өвчлөлд ордог. Олон улсын хавдар судлалын хүрээлэнгээс гаргасан судалгаагаар жил бүр 8.2 сая хүн хорт хавдраас үүдэн хорвоог орхидог байна. Үүний дотор хөхний хорт хавдар өвчлөлийн тоогоор хоёрдугаарт ордог ба энэ нь хорт хавдраар өвчлөгсдийн дөрөвний нэгийг бүрдүүлдэг гэсэн үг юм.
Өнгөрсөн таван жилд нийт 6.3 сая эмэгтэйчүүд хөхний хорт хавдраар өвчилсөн байна. Мөн 2012 онд гэхэд 1.7 сая хүн уг өвчнөөр шинээр оношлогдсон гэжээ. 2008 оноос хойш хөхний хорт хавдраар өвчлөгсдийн тоо 20 хувиар, нас барсан хүмүүсийн тоо 14 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Иймд уг өвчний талаар олон нийтэд сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор 2009 оноос эхлэн энэ өдрийг “Хөхний даруулгагүй өдөр” буюу хөхний хорт хавдартай тэмцэх өдөр болгон тэмдэглэсээр ирсэн уламжлалтай билээ.
Монголд дунджаар жил бүр 4500 гаруй хүн хорт хавдраар шинээр оношлуулж, бүртгэгдсэнээс 100 мянган эрэгтэйчүүд тутмын 273, мөн тооны эмэгтэйчүүдийн 204 нь хорт хавдраар өвчилжээ.