“Чингис хаан” ОУ-ын нисэх онгоцны буудалд ГХЯ, АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран хэрэгжүүлж байгаа АНУ-ын визний асуудлаар мэдээллийн аяныг эхлүүллээ.
Тус үйл ажиллагаан дээр “Виз гаргаж өгнө” гэж амлаж байгаа хувь хүн болон байгууллагад хандаж, тэдэнтэй холбогдохгүй байхыг анхааруулж мөн визний талаарх мэдээллийг өглөө.
“Улсын хэмжээнд нийт виз авсан хүний найман хувь нь зөрчилтэй, оюутны виз, аялал жуулчлалын виз авч байгаа гурван хүний нэг нь зөрчил гаргаж байгаа нь гадаад руу визгүй зорчуулах зорилтод саад учруулж байна” гэж Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил мэдээлсэн юм.
АНУ-ын виз нь В-1, В-2, F-1, J-1, M-1 гэсэн төрлүүдтэй. Эдгээрээс ямар чиглэлээр хэдий хугацаанд явахаас шалтгаалан визээ мэдүүлэх юм байна.
Тухайлбал, Бизнес аялал зугаалга, уралдаан тэмцээнд явахаар В-1, В-2 төрлөөс визээ мэдүүлэх юм. Харин оюутан суралцагчид F-1, J-1, M-1 төрлөөс сонгох юм.
Мөн энэ асуудал дээр Засгийн газар хувь нэмрээ оруулан хамтарч ажиллах уриалгыг гаргаж байгаа юм.