Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээхээр хуульчдын баг ажиллуулж байгаа тухайгаа олон нийтэд дуулгаад байгаа.
Ерөнхийлөгчийн энэхүү саналыг дэмжих хүн байхад зарим нь буруу хэмээн үзэж байна. Тухайлбал УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл цаазын ялыг сэргээх Ерөнхийлөгчийн санаачлагыг эсэргүүцэж байгаа талаараа цахим хуудснаа "Цаазын ялыг эсэргүүцэж байна. Хүний амь тасалдаг Ерөнхийлөгчтэй баймааргүй байна" гэж жиргэсэн талаар бид мэдээлсэн.
Тэгвэл цаазын ялыг сэргээх талаар УИХ-ын гишүүдээс байр суурийг сонсохыг хүссэн ч энэ талаар гишүүд одоохондоо ам нээхийг хүсэхгүй байгаа бололтой хариулт өгөх хүн бараг таарсангүй.
Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Цаазын ялыг сэргээх нь зөв гэж үзэж байгаа. Өнөөдөр манай нийгэмд ямар аймшигтай жигшүүрт хэргүүд үйлдэгдэж байна. Гэтэл зарим хүмүүс хүний эрх, олон улсын жишиг гэх сайхан зүйл ярих юм. АНУ цаазаар авах ялтай улс. Тус улсад цаазын ялын гүйцэтгэл нь өөр байдаг. Тодруулбал цаазын ял сонссон хүний гүйцэтгэлийг 5,10, 20 жилийн дараа явуулдаг. Энэ хугацаанд тухайн хүний хийсэн хэргийн талаарх мэдээлэл баримт гарч ирэхийг үгүйсгэхгүй. Мөн гэмшин өөрчлөгдөж болно. Тэр үед нь ялыг нь өөрчлөх боломжтой байдаг. Манай улсад ч гэсэн энэ жишгээр явахад буруутахгүй. Тэгэхгүй бол өнөөдөр чамайг алвал хуульгүй гэх зарчмаар л шахуу яваад байна шүү дээ" хэмээн байр сууриа илэрхийлэв.
24tsag.mn
Сэтгэгдэл (17)