УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн кабинетэд ажиллах сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинээр томилогдох сайд нарынхаа танилцуулгыг хийв. Улмаар Шадар сайдаар томилогдох гэж буй УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн асуудлыг хэлэлцэж байна.
Яг одоо гишүүд Шадар сайдад нэр дэвшээд буй Ө.Энхтүвшингээс асуулт асууж хариулт авч байна.
-УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Ө.Энхтүвшин гишүүн та зарчмын хувьд тохирч чадаагүй гэж байсан. Одоо тохирч чадсан уу?
-УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Ойлголцож чадсан. Гэхдээ ямар нэгэн албан тушаалын тохиролцоогоор биш. Зарчим, үнэт зүйл, хийх ажлаараа нэгдэж чадлаа. Би Засгийн газарт залуучуудаа түлхүү оруулая гэж бодож, нэлээн хөөцөлдсөн. Гэвч болсонгүй. Намын нөхөд маань Засгийн газар, санхүүгийн байдал хүнд байна. Тиймээс туршлагатайгаараа та сайд бол гэж тулгасан. Тиймээс би хүлээж авсан. Хийх ажил их байна. Нөхцөл байдал хүнд байна. Хариуцлагаа нэмэгдүүлнэ. Ард түмэн биднийг ажил хийгээсэй гэж хүсч байгаа. Түүнийг биелүүлэхийн төлөө ажиллана.
-Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Засгийн газрын гишүүдээ томилохдоо олон зүйл тооцсон. Санхүүгийн байдал хүнд байна. Ард түмний өмнө тулгамдсан олон ажил байна. Ард түмэн биднээс улстөржихийг биш улс орноо хөгжүүлэхийг л бодож байгаа. Тиймээс би салбараа сайн мэддэг, төрийн ажилд дадлагатай, туршлагатай, бусдын өмнө нүүр улаалгахааргүй, эх орноо гэсэн сэтгэлтэй ийм л хүмүүсээр кабинетээ бүрдүүлэхийг хичээсэн. Давхар дан дээлийн асуудлаар улстөрчид улстөржсөөр байна. Энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй.
-УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Та Засгийн газраа унагахаас айгаад парламентийн гишүүдээс Засгийн газраа бүрдүүлсэн юм бишүү?
-Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Олон түмэнд таалагдах гэж хичээгээд хэрэггүй. Ард түмэн хянаж байна. Хяналтгүй зүйл хийгээгүй. Монголд хий хоосон улс төр хэмжээнээсээ хэтэрлээ.
Асуулт хариулт үргэлжилж байна.
Сэтгэгдэл (5)