УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийн томилохоор хэлэлцэж байна. Яг одоо УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Би Ө.Энхтүвшин гишүүнийг Шадар сайдад дэмжихгүй, хүлээн зөвшөөрөхгүй. Та улс төрд байгаа хамгийн муу муухайгийн маш тод жишээ. Улс төрд бугшсан идээ бээрийн үлдэгдэл, хорт хавдар. Бид итгэл үнэмшлийн төлөө шинэ Засгийн газар байгуулсан. Албан тушаалын төлөө биш гэдгийг олон удаа мэдэгдсэн. Өмнөх Засгийн газрыг огцруулах үеэр та гарын үсгээ зурна гэсэн. Ингэхдээ албан тушаалын төлөө яваагүй гэдгээ нотлох хэрэгтэй гэсэн. Бид танд амлалтаа өгсөн. Засгийн газар ч огцорсон.
Гэтэл та Ерөнхий сайдын төлөө өрсөлдөхөө мэдэгдсэн. Намыхан маань танд үнэлгээгээ өгсөн. Нэгэнт Ерөнхий сайд болж чадаагүй юм хойно гээд шантааж хийж эхэлсэн. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох чуулган дээр хэсэг бүлэг хүмүүсийг уриалж, чуулганд оролцуулаагүй. Эгнэ үеэрээ шинэ Засгийн газарт орохгүй гэдгээ мэдэгдсэн. Гэвч таны байр суурь маргааш нь өөрчлөгдсөн. Үүнийгээ нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж тайлбарласан. Тэгэхээр таны нөхцөл байдал үргэлж өөрчлөгдөх юм байна. Үргэлж өөрчлөгддөг юм байна. Та МАН-ын даргаар ажиллаж байсан хүн. Тухайн үед залуучуудынхаа талаар ажил хиймээр байна гээд олон удаа танд санал тавьж байсан. Аргаа бараад таныг огцруулах ажлыг эхлүүлж, огцруулсан. Дараа нь би хүний ёсны үүднээс таниас уучлалт гуйсан.
Та улс төрд яваа хүүгээ бодох хэрэгтэй. МАН-аар яваад байна билээ. Хүүгийн чинь талаарх үнэлэлт дүгнэлтийг эцгээр нь хийвэл яах вэ. Та шантааж хийсэн, албан тушаалын наймаа тохироо хийсэн. Хэдий болтол энэ Засгийн газартай ажиллах вэ. Та ичиж амьдрах хэрэгтэй. Зөнөж байгаа бол зөв зөнөх хэрэгтэй” гэв.
Сэтгэгдэл (82)