УИХ-ын чуулганаар Засгийн газрын гишүүдийн томилох талаар хэлэлцэж байна. Яг одоо УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Энэ Засгийн газрын амлалт ч тоогоо ч алдлаа, утгаа ч алдлаа. Өмнөх ЗГ-ыг огцруулж байхад бусдыгаа сайд болохгүй шүү хэмээн сануулж байсан хоёр гишүүн нь өнөөдөр сайд болохоор манлайлж орж ирж байна. Бид У.Хүрэлсүхтэй бодлогын Засгийн газрын талаар их сайхан зүйл ярьцгаасан. Гэтэл та өнөөдөр бодлогын бус тохиролцооны Засгийн газар байгуулчихлаа. Би энэ Засгийн газарт хэдэн зүйл хэлье.
МУ-ын зовлон уул уурхайгаас эхэлсэн. С.Баярын Засгийн газар яг бүгдийг өөрчлөхөөр гарч ирсэн боловч уул уурхайд идэгдсэн гэж боддог. 2009 онд байгуулагдсан ЗГ Оюутолгойн гэрээ байгуулахдаа дөрвөн компани байгуулсан байдаг. Үүнээс хойш нь оффшор компани. Одоо эдгээр компаниудын эздийг нь зарлах хэрэгтэй. Үүнийг хийж чадахгүй бол амлалт чинь үлгэр болно.
Би байнгын хорооны хурал дээр санамсаргүйгээр Н.Цэрэнбат гэдэг хүний талаар асуусан юм биш. Монгол Улсын төрд сайд хийх хүнд тодорхой шалгуур байх хэрэгтэй. Сумын Засаг дарга хийх хүнд гурван жил төрд ажилласан байх ёстой гэдэг шалгуур тавьдаг шүү дээ. Гэтэл 11 компанитай, дан бизнес хийж ирсэн, нэг ч өдөр төрийн ажил хийж үзээгүй хүн сайд болж байна. Хаана нь байна тэр шударга шалгуур чинь. Хамгийн сүүлд боловсролын яаманд нэг жилийн хугацаанд гурван сайд солиогдлоо. Багш нарын цалинг заавал нэмэх ёстой шүү” гэв.
Сэтгэгдэл (11)