УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүдийн томилгоог хэлэлцэв. Энэ үеэр гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэлэв.
Тухайлбал УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Өнгөрсөн онд бид батлан хамгаалах салбарын цогц хуулийг баталсан. Энэ хуулийг хэрэгжүүлж ажиллаарай. Сүүлийн жил алба хааж байсан цэргүүд амиа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон. Үүнд шинэ сайд онцгой анхаарал хандуулж ажиллаарай. ЕХ-ны шүүхээр амь насаа алдсаны нөхөн олговрыг өгөх ёстой. Батлан хамгаалахын салбарын хөрөнгө мөнгөний асуудлыг ярих цаг болсон" гэв.
Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Манай батлан хамгаалахын салбарт туршлагатай хүн томилогдож байгаад бид баяртай байгаа. Батлан хамгаалах яамыг үндсэн чиг үүргийн яам болгож, эрх үүргийг нь нэмэгдүүлсэн. Энэ асуудлыг манай их хурал шийдвэрлэсэн. Засгийн газрын гишүүд давхар алба хашиж байгаатай холбоотой О.Баасанхүү гишүүний саналыг дэмжиж байгаа. Гэхдээ үндсэн чиг үүргийн яамдыг “давхар дээл”-тэй байлгах хэрэгтэй" гэдгийг хэллээ.
Ингээд гишүүдийн 84.1 хувийн саналаар Н.Энхболдыг БХ-ын сайдаар томиллоо. Одоо ГХ-ны сайдаар Д.Цогтбаатарыг томилох асуудлыг хэлэлцэж байна.
Сэтгэгдэл (2)