Хууль сахиулахын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуультай “Эдийн засгийн аюулгүй байдал” магистрын хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Санамж бичиг”-т энэ сарын 19-ны өдөр гарын үсэг зурлаа.
Хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх “Санамж бичиг” байгуулах арга хэмжээнд ХСИС-ийн захирал, профессор, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Ахисан шатны боловсролын сургуулийн захирал, цагдаагийн дэд хурандаа Ж.Мөнхболд, Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга бөгөөд Их сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, Ахисан шатны хөтөлбөрийн менежер, цагдаагийн дэд хурандаа А.Амарсайхан болон ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга, Магистр, докторын сургуулийн захирал Б.Баттөр, магистр, докторын сургалтын хөтөлбөрийн эрхлэгч Д.Байгалмаа нар оролцлоо.
Энэ үеэр ХСИС-ийн захирал, профессор, цагдаагийн хурандаа С.Баатаржав “Манай Их сургууль сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд чанарыг эрхэмлэн шинэчлэл хийх, онол практикийн нэгдлийг ханган асуудалд суурилсан хэрэглээний судалгааг төрийн их, дээд, сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран хэрэгжүүлж, үр дүнг тооцох, хамтын ажиллагааг өргөжүүлэн ахисан шатны боловсролын сургалтыг бэхжүүлэх бодлогыг баримталж байна.
Энэ бодлогын хүрээнд Хөдөө аж ахуйн их сургуультай “Эдийн засгийн аюулгүй байдал” магистрын хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж байна. Хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр манай хоёр Их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний ажлыг өргөжүүлэх, орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангасан магиструудыг бэлтгэхэд тодорхой ахиц гарна гэдэгт итгэлтэй байна” гэв.
Цаашид хоёр их сургууль сургалт, эрдэм шинжилгээ, инновацийн чиглэлээр хамтран ажиллах юм.