УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаас УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг Улсын Их Хурлын дэд даргад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн талаарх танилцуулгыг МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хийсэн юм.
Нэр дэвшигч Л.Энх-Амгалан 1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1992 онд ОХУ-ын Санкт-Петербургийн их сургууль, 1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль, 2002 онд БНСУ-ын Хангдоны их сургуулийг тус тус төгссөн.
Тэрбээр 1992-1995 онд МОНЦАМЭ агентлаг, “Ил товчоо” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1996 онд “Интерпресс” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 1996-2012 онд Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгч, 2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөх, 2012-2016 онд УИХ-ын гишүүн, 2012 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллажээ.
Улмаар 2016 онд УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдож, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан нэр дэвшигчээс асуулт асууж тодруулсан бөгөөд гишүүдээс санал гарсангүй.
Ингээд санал хураалт явуулахад УИХ-ын гишүүн Лувсанцэрэнгийн Энх-Амгланг УИХ-ын дэд даргаар сонгохыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжив.
Н
эр дэвшигчийн асуудлыг УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Сэтгэгдэл (5)