Отгонтэнгэр хайрханд авиралт хийж явсан 27 иргэний 19 нь буух замдаа ор сураггүй алга болсон байна. Тэд аравдугаар сарын 21-ний 16.00 цагаас хойш ор сураггүй болжээ. Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин н.Сүрэнжаваар ахлуулсан аялагчид Отгонтэнгэр ууланд авиралт хийжээ. Ууланд авирсан хүмүүс гурван бүлэгт хуваагдаж цуваагаар бууж байжээ. Эхний бүлэгт явсан найман иргэн бүгд өчигдөр 18.00 цагийн орчимд уулнаас аюулгүй бууж иржээ.
Тухайн үед гэгээ тасарч харанхуй болсон учир уулын хормойд хонож өчигдөр 13.00 цагийн орчимд Отгонтэнгэр хайрханы байгаль хамгаалагчийг олж Завхан аймгийн Онцгой байдлын албаас тусламж хүссэн байна. Улмаар Завхан аймгийн Онцгой байдлын албаны дарга н.Ариунбуянаар ахлуулсан 10 аврагч сураггүй болсон иргэдийг эрж хайж эхэлжээ. Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Бадралын мэдээлснээр, Шуурхай дуудлага авсан даруйдаа Онцгой байдлын ерөнхий газраас н.Мандахгэрэл даргаар ахлуулсан эмч, аврагчдын баг нисдэг тэрэгтэй гарсан байна.
Тодруулбал, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дөрвөн эмч, онцгой байдлын аврагч эмч болоод алга болсон иргэдийг дроноор хайхаар мэргэжлийн хүнийг нь мөн багаж техникийн хамт авч явжээ. Эрлийн ажиллагааг өнөөдөр өглөө гэгээ оронгуут эхлүүлэх аж.
Уулчдын биш зарим нь сонирхогчид гэдгийг албаны хүмүүс мэдээллээ.
Сэтгэгдэл (1)