Шинэ мэдээлэл ►
2017.10.22
Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр ууланд 19 иргэн ор сураггүй алга болжээ. Тодруулбал, Отгонтэнгэр ууланд нийт 27 иргэн авиралт хийсэн бөгөөд тэднийг буух замд цасан нуранги үүсч, 19 иргэн ор сураггүй алга болсон байна. Үлдсэн найман иргэн уулнаас эсэн мэнд бууж, Отгонтэнгэр хайрханы хамгаалагчид хэл хүргэжээ. Онцгой байдлын аврагчид сураггүй алга болсон 19 иргэнийг эрэн хайх ажиллагааг шуурхай эхлүүлжээ. Өнөөдөр 18:30 цагт эрлийн ажлын явцын талаар болон албан ёсны мэдээлэл хийхээр Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд өөрийн байрандаа шуурхай хурал зарлав.
Отгонтэнгэр хайрханд авиралт хийж явсан 27 иргэний 19 нь буух замдаа ор сураггүй алга болсон талаар Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Уулчдын багийг Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин н.Сүрэнжаваар ахалж явжээ. Уулчдын зарим нь сонирхогчид гэдгийг албаны хүмүүс мэдээллээ. ОБЕГ-ын өгсөн мэдээллээр ууланд авирсан хүмүүс гурван бүлэгт хуваагдаж цуваагаар бууж байжээ. Эхний бүлэгт явсан найман иргэн бүгд өчигдөр 18.00 цагийн орчимд уулнаас аюулгүй бууж ирж. Гэвч бусад хоёр баг нь ирээгүй тул маргааш өдрийн 13.00 цагийн орчим Отгонтэнгэр хайрханы байгаль хамгаалагчид мэдэгдэж, Завхан аймгийн Онцгой байдлын албаас тусламж хүссэн байна.
Энэ тухай дуудлага 14.40 цагт Онцгой байдлын ерөнхий газрын жижүүрийн утсанд уг ослын дуудлага ирсэн байна. Улмаар Завхан аймгийн Онцгой байдлын албаны дарга н.Ариунбуянаар ахлуулсан 10 аврагч сураггүй болсон иргэдийг эрж хайхаар замдаа гарчээ. Отгонтэнгэр уул нь аймгийн төвөөсөө 200 гаруй километрийн зайтай аж.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Бадралын мэдээлснээр, Шуурхай дуудлага авсан даруйдаа Онцгой байдлын ерөнхий газраас н.Мандахгэрэл даргаар ахлуулсан эмч, аврагчдын баг нисдэг тэрэгтэй гарсан байна. Тодруулбал, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дөрвөн эмч, онцгой байдлын аврагч эмч болоод алга болсон иргэдийг дроноор хайхаар мэргэжлийн хүнийг нь мөн багаж техникийн хамт авч явжээ. Сүүлийн үеийн мэдээллээр Улаанбаатараас хөөрсөн нисдэг тэрэг өнөө өглөө Хайрханд бууж, эрлийн баг авиралтаа эхлүүлсэн байна.
Отгонтэнгэр ууланд 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасны нуранги үүсч, 10 иргэн уулнаас бууж, 17 иргэн сураггүй болсон гэсэн дуудлагын дагуу эрэн хайх, аврах ажиллагааг Онцгой байдлын байгууллагаас холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа билээ.
Түүнчлэн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Завхан аймгийн Ус, цаг уурын байгууллагаас Отгон сум орчмын цаг агаарын нөхцөл байдлын мэдээг гурван цаг тутамд авч ажиллаж байна. Өнгөрсөн шөнийн хувьд -6 хэмийн хүйтэн байсан бол өнөөдөр өдөртөө +9 хэмийн дулаантай байсан.
Харин өнөө шөнийн хувьд Отгон сумын орчим шөнөдөө -13 хэмийн хүйтэн, цаг агаар тогтуун байна. Маргааш өдөртөө 7-8 хэмийн дулаан байна гэж Завхан аймгийн Ус, цаг уурын байгууллагаас мэдээллээ.
2017.10.23
Завхан аймгийн Отгонтэнгэр хайрханд энэ сарын 21-нд авиралт хийж байгаад сураггүй болсон иргэдийг аврах хайх ажиллагаа үргэлжилж байна. Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан Улсын онцгой комисс Төрийн ордонд өнөөдөр /2017.10.23/ хуралдаж, аврах ажиллагаа зохион байгуулж буй талаарх мэдээллийг солилцож, шаардлагатай арга хэмжээ авахыг үүрэг болголоо.
Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр ууланд Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 30 хүн (27 уулчин, 3 жолооч)-ний бүрэлдэхүүнтэй баг авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч 17 хүн сураггүй болсон (3 жолооч уулын бэлд үлдсэн, 10 иргэн уулнаас буусан) тухай дуудлага 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 14:33 цагт Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд ирсэн.
Тус дуудлагаар Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан 3 алба хаагч, Завхан аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Шүүхийн шинжилгээний албанаас 4 алба хаагч, уулчдын холбооноос 3 уулчин, аймгийн нэгдсэн эмнэлгээс 10 алба хаагч, аймгийн Цагдаагийн газраас 10 алба хаагч, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, Увс аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, нийт 55 хүн, 9 автомашинтайгаар 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа юм.
Мөн Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан 3 алба хаагч, Аврах тусгай ангийн 8 алба хаагч, нийслэлийн Аврах ангийн 4 алба хаагч, Давтан сургах, сэргээн засах төвийн 1 алба хаагч, Гэмтэл согог сэргээн заслын төв эмнэлгээс нарийн мэргэжлийн 3 эмч, 2 сувилагчийн бүрэлдэхүүнтэй баг, нийт 21 хүн, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171 нисдэг тэргээр өчигдөр орой нислэг үйлдэж, өнөө өглөө эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна.
Түүнчлэн Онцгой байдлын байгууллагын 5 алба хаагч, 3 уулчны хамт нөхцөл байдлыг тандан судлах зорилгоор 10 дугаар сарын 23-ны өглөөний 06:05 цагт Отгонтэнгэр уул руу авиралт хийсэн бол 9 хүний бүрэлдэхүүнтэй хоёрдугаар баг 08:30 цагаас Отгонтэнгэр уул руу авиралт хийж эхлээд байна.
Уулнаас бууж ирсэн иргэд “10 дугаар сарын 21-ний өдрийн 08:00 цагийн орчим 27 хүн ууланд авиралт хийж 16:30 цагт оргил дээр гарчихаад уулын зүүн бэлээр бууж байх үед цасан нуранги үүсч 17 хүн сураггүй болсон. Эсэн мэнд бууж ирсэн уулчдаас 3 уулчин буцаж авиралт хийж үзэхэд ууланд их хэмжээний цас овоорсон, ямар нэгэн ул мөр олдоогүй” гэж мэдэгдээд байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Төрийн тахилгат Богд Очирваань Отгонтэнгэр хайрхан нь Завхан аймгийн Алдархаан, Отгон сумдын нутагт 4031 м өндөрт оршдог. Монголчууд энэ уулыг эртнээс тахиж, “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст цагаан уул”, “Отгонтэнгэр”, “Этүгэн уул” хэмээн нэрлэж, цай идээний дээжийг өргөж ирсэн түүхтэй.
БОАЖ-ын сайдын тушаалаар 2015 оноос хойш Отгонтэнгэр хайрханд авиралт хийхийг хоригложээ. Ууланд авиралт хийсэн иргэд ямар нэг байгууллагаас зөвшөөрөл аваагүй байна. Сураггүй болсон уулчдын дунд таван эмэгтэй уулчин байгаа. Мөн гэр бүлийн дөрвөн хүн байгаа гэж албаныхан мэдээллээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын мэдээлснээр Авирагчдын ар гэрийнхэн өчигдөр /2017.10.22/ Завхан аймаг руу гарчээ.
27 хүний зургаа нь сонирхогч, үлдсэн 21 нь мэргэжлийн уулчид гэж байгаль хамгаалагчийн бүртгэлд бүртгэгдсэн байна. Насны хувьд 21-45 насны хүмүүс аж. Монгол Улсад уулын авиралт хийдэг 20 гаруй бүлэг байдгаас 10 гаруй нь албан ёсны бүртгэлтэй байдаг гэнэ.
Б.Гангаамаа: Яах гэж ийм олуулаа нэг олсонд орж, эрсдэлтэй үед явсан юм бол гэдэгт харамсаж байна
МУГТ, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа Улсын онцгой комиссын хуралд оролцлоо. Хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?
- Отгонтэнгэр ууланд Монголын уулчид авиралт хийгээд 60-аад жил болж байгаа. Нөхцөл байдлын хувьд одоо авиралт хийх улирал биш. Цас ороод хатуураагүй байгаа. Тийм учраас цасан нуранги үүсэх магадлал маш өндөр.
Эрсдлийн байдлыг үзэхэд тэд маань хоёр хоночихлоо. 10 дугаар сарын сүүл болсон байна. Цаг агаар маш их хүйтэрсэн байгаа. Ямар нэгэн бэртэл гэмтэл авсан бол тэд ямар ч майхан савгүй, хоол хүнсгүй байгаа болохоор маш их хүндрэл үүссэн байгаа болов уу. Би яг нөхцөл байдал дээр очиж хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Оргилд гарсан хугацаа 16,30 цаг гэхээр дэндүү орой байна. Цас нурахыг тэр болгон урьдчилж таамаглах боломжгүй. Гэхдээ өдийд цас нурах үе мөн үү гэвэл мөн. Би нэг л юманд харамсаж байна. Яах гэж тэгж олуулаа нэг олсонд орж, энэ эрсдэлтэй улиралд нь явсан юм бол доо гэдэгт харамсаж байна. Амьд байвал тэднийг яаралтай аврах хэрэгтэй байна.
Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд буцах замдаа цасан нурангид өртөж сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагаатай холбоотойгоор иргэд ОБЕГ-ын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн 325726, 265726 дугаарын утсанд ихээр холбогдож байгаа тул бусад дуудлага хүлээн авахгүй боломжгүй хэт ачаалал үүсээд байна.
Үүний улмаас эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байгаа Шуурхай бүлгүүдтэй холбогдож, мэдээ, мэдээлэл солилцоход саад учирч байгаа тул үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан холбогдох иргэдэд мэдээ, мэдээлэл өгөх тусгай утсыг ажиллуулж байна.
Иймд уг эрлийн ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг тодруулахаар бол 62263009 тусгай дугаарт холбогдоно уу. Энэхүү дугаар руу гар утаснаас шууд холбогдох боломжтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Завхан аймагт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал тус газрын бүтцийн нэгжийн газар, хэлтсийн удирдлагад шуурхай үүрэг өглөө.
Эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж байгаа эрлийн багт нэмэлтээр нэн шаардлагатай байгаа хоол хүнс, дулаан хувцас, багаж хэрэгслийн хангалтыг шуурхай хүргэх, тухайн нөхцөл байдлыг газар, орон дээр нь үнэлэх, шийдвэр гаргах, удирдлага, зохион байгуулалтаар хангах зорилгоор Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нараар ахлуулсан мэргэжлийн уулчид, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн шүхэрчин-аврагчдаас бүрдсэн шуурхай бүлэг МИ-171 нисдэг тэргээр Завхан аймгийг зорих гэж байна.
Мөн Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал ОБЕГ-ын бүтцийн нэгжийн газар, хэлтсийн дарга нарт үүрэг чиглэл өглөө. Авч хэрэгжүүлж буй арга хэмжээг олон нийтэд шуурхай мэдээлж ажиллах, мэдээ, мэдээллийг шуурхай солилцох, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах, онцгой нөхцөл үүссэн үед шаардлагатай арга хэмжээг авч, хүн, хүч хэрэгслийг татан төвлөрүүлэх зэрэг шуурхай арга хэмжээ авч ажиллах үүрэгтэй Шуурхай штабыг байгууллаа.
Шуурхай штабыг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг ахалж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Отгонтэнгэр хайрханд сураггүй болсон 17 хүнийг хайх ажиллагаа явагдаж байгаа билээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр эрлийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Улсын Онцгой комиссын орлогч, ОБЕГ-ын дарга Т.Бадрал нар гар бие оролцохоор Завхан аймгийг зорьсон. Гэвч уулчдын талаар таагүй мэдээлэл дуулдаж эхэлсэн талаар зарим нэг мэдээллийн сайтууд мэдээлжээ. Тодруулбал уулчдын гурвынх нь цогцос олжээ. Гэвч тус мэдээллийг Онцгой байдлын Ерөнхий газрынн хэвлэл мэдээллийн албаныхан баталсангүй. Тэд " Бид цаг үеийн мэдээллийг аль болох тухай бүр нь сайтдаа оруулж байна. Одоогоор бидэнд ийм мэдээлэл ирээгүй байна" гэлээ.
Өчигдөр эрлийн баг осол болсон ууланд ажилласан ч нэг ч хүнийг олоогүй бөгөөд өнөөдөр үүрээр эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Харамсалтай нь муу мэдээллүүд эхнээсээ дуулдаж эхэллээ.
Тодруулбал Улсын Онцгой комиссын төлөөлөгч сэтгүүлчдэд эхний гурван хүний цогцос олдсон тухай мэдээлсэн бол МҮОНТВ-ээс очсон сурвалжлах багаас 6 хүний цогцос олдсон тухай мэдээ ирүүлсэн байна. Тус мэдээллийг Аймгийн онцгой комиссийн гишүүн утсаар мэдээлжээ.
Өнөө өглөө Онцгой комисс шуурхай хуралдаж, яаралтай арга хэмжээнүүдийг авсан бөгөөд ОБЕГ-ын дарга, Шадар сайд нар ослын газрыг зориод байгаа юм. Гэхдээ энэ талаар Онцгой Байдлын Ерөнхий Газараас албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.
Дөнгөж сая Онцгой байдлын газрынхан шуурхай хэвлэлийн хурал зарлалаа. Хурал 15 цагаас Онцгой байдлын Ерөнхий газарт болох аж.
Онцгой байдлын Ерөнхий газраас шуурхай хэвлэлийн хурал зарлаж мэдээлэл өглөө. Тэд “Эрэн хайх ажиллагааг өнөө өглөө 06,20 цагт эхлүүлсэн. Дараагийн баг 08.20 цагт ажиллагаагаа эхлүүлсэн. Улмаар 3200 метрийн өндөрт эхний цогцос олдсон. Тодруулбал 11 цаг 15 минутад Отгонтэнгэр хайрхан уулын зүүн зүгт эхний иргэнийг нас барсан байдалтай олсон бол дараагийн хүмүүсийг 11.30, 11.40, 13.07, 14,28 цагуудад олжээ. Хамгийн сүүлд 15.15 цагт хоёр хүний цогцосыг олсон" гэлээ.
Өөрөөр хэлбэл сураггүй болоод байгаа 17 хүнээс 7 хүний цогцосыг нь ийн олоод байгаа аж. Эдгээр иргэдийг хадан хясаанаас унасан байж болзошгүй талаар ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга Г.Ариунбуян мэдээлсэн байна.
Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд бууж явахдаа цасны нурангид өртөж сураггүй болсон 17 иргэний долоог нь өнөөдрийн 15.15 цагт нас барсан байдалтайгаар олсон тухай мэдээллийг ослын газарт ажиллаж байгаа ОБЕГ-ын шуурхай бүлгээс ирүүлсэн билээ. Тэгвэл 15.45 цагт дахин гурван цогцсыг олсон тухай мэдээлэл ослын газар ажиллаж байгаа шуурхай бүлгээс ирлээ.
Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Бид мэдээллийг цаг алдалгүй хүргэнэ.
Сэтгэгдэл (25)