Отгонтэнгэр ууланд Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 17 уулчин сураггүй болсон. Улмаар Онцгой байдлын Ерөнхий газрынхан эрэн хайх ажиллагааг эхлүүлж долоо хүнийг нас барсан байдалтайгаар олсоноо ОБЕГ-ын дэд дарга хурандаа Ц.Ганзориг, ГУСГ-ын дарга, хурандаа Д.Батсайхан, ГШУЗМТ-ийн дарга, дэд хурандаа Д.Баярбаатар нар мэдээлсэн. Амиа алдсан уулчид хадан хясаа руу унасан байх магадлалтай талаар ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга Г.Ариунбуян мэдээлсэн байна.
Ослын газарт ОБЕГ-аас 5, Аврах тусгай анги-8, Нийслэлийн Аврах анги-4, Давтан сургалт, сэргээн заслын төв-1, Завхан аймгийн Отгон сумаас 10, Гэмтэл согог, сэргээн засах үндэсний төвөөс -5, Зэвсэгт хүчний жанжин штабаас 4, Завхан аймгаас 4 уулчин, Уулчдын нэгдсэн холбооноос 4 уулчин, Завхан аймгийн Цагдаагийн газрын 10, Шүүхийн шинжилгээний албаны 4, Нэгдсэн эмнэлгийн 10, Завхан аймгийн Онцгой байдлын газрын 12, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 5, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын 5, Увс аймгийн Онцгой байдлын газрын 7, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 6, нийт 111 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Мөн Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр хайрханд авирч яваад сураггүй болсон иргэдийг эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж байгаа эрлийн багт нэмэлтээр нэн шаардлагатай байгаа хоол хүнс, дулаан хувцас, багаж хэрэгслийн хангалтыг шуурхай хүргэх, тухайн нөхцөл байдлыг үнэлэн, газар, орон дээр нь танилцах, шийдвэр гаргах, удирдлага, зохион байгуулалтаар хангах зорилгоор Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нараар ахлуулсан мэргэжлийн уулчид, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн шүхэрчин-аврагчдаас бүрдсэн шуурхай бүлэг МИ-171 нисдэг тэргээр Завхан аймгийг зорьсон ч одоогоор очиж амжаагүй байна.
Эргэн сануулахад 30 хүний бүрэлдэхүүнтэй уулчдын баг энэ сарын 20-ны 10 цагийн орчимд Отгонтэнгэр хайрханд иржээ. Уулчид тэр өдрөө хоноод маргааш нь авиралт хийжээ. Улмаар 16 цагийн үед оргилд нь гарсан ч бууж явахдаа цасан нурангид даруулсан байна.
Эсэн байгаа хүмүүсийн гурав нь эмэгтэй, долоо нь эрэгтэй байгаа бол сураггүй болсон иргэдийн дөрөв нь эмэгтэй, 13 нь эрэгтэй хүмүүс байгаа аж. Одоогийн байдлаар осолдсон цогцсыг таних боломжгүй, ослын голомтод цагдаа, шүүх эмнэлгийн баг бүрэлдэхүүн ажиллаж байна.