Энэ долоо хоногт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, бөхөд хайртай ард түмний магнайг тэнийлгэлээ. Харин улс төрд нэлээд хэдэн томилгоо хийгдэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төсвийн тодотгол хориг тавив. ТЕГ-ын дарга Б.Хурцыг ажлаасаа нь чөлөөлж, түүний оронд Д.Гэрэлийг томилсон бол А.Гансүхийг ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар томилов. Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар байнгын хорооны дарга нарыг томиллсон гээд олон үйл явдал өрнөлөө. Тэгвэл эдгээрийг тоймлон багц 24 буландаа онцолж байна.
Засгийн газрын хуралдаанаар Тагнуулын Ерөнхий дарга Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Түүний оронд Тагнуулын Ерөнхий газрын даргаар Д.Гэрэлийг томилов. Д.Гэрэл нь 2012-2013 онд Тагнуулын Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан нэгэн юм. Тэрбээр НАХЯ-ны УАХЕГ-т ажилтан, ахлах ажилтан, Токио дахь ЭСЯ-нд дипломат ажилтан, УАБХГ-ын Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга, Токио дахь ЭСЯ-нд зөвлөх консул, мөн ЭСЯ-нд зөвлөх консулын хэлтсийн дарга, БНСУ-д суугаа Монгол Улсын бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан аж.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Амаржаргалын Гансүхийг Монгол Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томилов. Монгол Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Энхтүвшин төрийн өөр ажил, албан тушаалд томилогдож байгаа тул А.Гансүхийг ийнхүү ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томилсон юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар зургаан байнгын хорооны дарга нарыг шинээр томиллоо. Харин Хуульзүйн байнгын хоооны дарга Ш.Раднаасэд, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав нарыг хэвээр үлдээв. Шинэ томилгоогоор Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга -Д.Лүндээжанцан, Төсвийн байнгын хорооны даргаар Б.Чойжилсүрэн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Ё.Баатарбилэг, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Д.Дамба-Очир, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар О.Содбилэг, Өргөдлийн байнгын хорооны дарга-М.Оюунчимэг нар сонгогдлоо.
УИХ 2017 оны төсвийг тодотгохдоо бүх шатны шүүх, прокурор, яамдын төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нараас доошхи бүх албан тушаалтнуудад нэг удаа 300 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Үүний санхүүжилтэд зориулж 55 тэрбум төгрөг тусгаад байсан юм. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга үүнээс үүдэж 2017 оны төсвийн тодотголд хориг тавилаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж олимпийн мөнгөн медаль, дэлхийн аварга, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Д.Сумъяад хөдөлмөрийн баатар цол олголоо. Мөн дэлхийн аварганы мөнгөн медальт, жүдо бөхийн үндэсний шигээ багийн тамирчин Г.Одбаярт гавьяат тамирчин цол олгов. Тэдний шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордонд гардуулан өгсөн юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (5)