Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдөр энэ жил ирэх ням гарагт буюу 19-нд тохионо. Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.
Тэгвэл энэ жилийн Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэх эрхмийг энэ долоо хоногт тодруулах аж.
Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор 2005 оноос өнөөдрийг хүртэл нийт 10 хүн шагнагдаж байжээ. Тодруулбал Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар нар энэхүү эрхэм дээд шагналын эзэд болж байжээ.
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил 11 дүгээр сарын 19-ний өдөр тохиож байна. Энэ өдөр “Чингис хаан” одон гардуулах ёслол тогтсон дэг жаягийн дагуу болно.
Сэтгэгдэл (14)