Эрх баригч хүчин эмх замбараатай байж гэмээнэ улс төр, улс орны байдал тайван амгалан байна гэдгийг яс махандаа тултал ойлгосон өдрүүдийг монголчууд үджээ. Харин эдгээр өдрүүд цаашид үргэлжлэх үү эс үргэлжлэх үү гэдгийг харах улс төр дэнх МАН-ын халуухан өдрүүд айсуй.
Өнөөдөр МАН-ын Их хурал эхэлнэ. МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдсан хариуцлагаа хүлээж, албан тушаалаа өгөхөөр мэдэгдээд буй. Ингэхдээ тэрбээр хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнана. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш ганц үг ган хийгээгүй тэрбээр намынхаа 28 дахь Их хурлаараа илтгэл тавина. Түүний илтгэл хэнийг онох вэ, хэнд ташуур, хэнд хазаар болох вэ гэдэг нэн сонирхолтой байх болов уу. Учир нь нэгхэн жилийн өмнө үнэмлэхүй ялалт байгуулахад нь зогсоо зайгүй магтаж, өрөөнийх нь үүдийг сахиж суусан хэсэг нөхөд нь өрсөлдөөн дунд түүнээс урваж шарвасан. Тиймээс л түүний хэлэх үг Монголын улс төрийн хүрээнийхэнд тэр тусмаа МАН-ынханд сонин байх нь гарцаагүй биз.
МАН-ын хагарал, бутралыг ил тод харуулсан энэ үйл явц Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа лавширсаныг болж өнгөрсөн үйл явдлууд танд төвөггүй сануулна. Шадар сайдаа тагнаж, Засгийн газраа огцоруулж, бүлгээ хоёр хувааж, улс төрийн гацаанд оруулсан гээд л тоочвол эрх баригч хүчний алдаатай, оноотой өдрүүд дурайн харагдана.
Харин одоо тэд энэ бүх “үйл хэргээ” ор тас мартан шинэ даргаа сонгож чадах уу. Цуурсан аягыг хэдий наасан ч сэвтэй байдгийг харуулах уу эсвэл нийтээрээ нэг зорилгын төлөө эвлэлдэн нэгдэж болдогийг бодитоор үзүүлэх үү. Ямартай ч ирэх өдрүүд бидэнд ихийг харуулах нь. Уг нь МАН хэл амаа гадагшлуулдаггүй гэх имижтэй байлаа. Гэвч эрх мэдэл, эх зах нь үл харагдах хөрөнгөний сургаар зарим нэг намын гишүүд нь хэрүүл тэмцэл хийж, үүрэг хариуцлагын оронд “үнэтэй” даргын суудал ярьж эхэлсэн нь МАН-ын өнөөгийн хямралын байдалд хүргээд байгаа нь нууц биш билээ.
МАН-ыг энэ байдлаас гаргах хүн нь мэдээж намын дарга. Тэрбээр намаа зөв удирдаж, үлдэж буй жилүүдэд улс төрийн тайван байдлыг эрхэмлэж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадаж гэмээн дараагийн сонгуульд нүүр бардам орно. Харин эс чадваас 100 шахам жилийн түүхтэй улс төрийн нам хамгийн хүнд үеэ туулна гэдгийг ажиглагчид хэлсээр байна. Тэгэхээр намын дарга хэн байх вэ.
МАН-ын даргын төлөө өрсөлдөхөөр албан ёсоор зарлаад байгаа нэр дэвшигчдээс У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа нарын хооронд гол өрсөлдөөн болно гэх хүмүүс цөөнгүй байна. Гэвч У.Хүрэлсүхийн рейтинг нэлээд өндөр байгааг Ерөнхий сайдын суудлын төлөөх өрсөлдөөний үеэр тод харагдсан. Ард түмний дэмжлэгтэй тэрбээр намынхаа хэсэгхэн нөхдийг өөрийн болгоход л даргын суудал халаасанд нь бараг орчихно гэсэн үг. Харин Д.Хаянхярваагийн хувьд байдал эсрэгээрээ.
УИХ-д 65 суудалтай бүлэг гэдэг юуг ч өөрийнхөөрөө шийдвэрлэх чадамжтай байдаг. Харин өнгөрсөн болоод өнөөд үргэлжилж байгаа улс төрийн үйл явц яагаад есхөн гишүүнтэй АН-ын бүлгээс хамаараад байна вэ. Бүлгээ нэгдмэл байлгаж чадаагүй хүн бүхэл бүтэн намыг удирдаж, учирсан бэрхшээлийг ухаантайгаар давж туулна гэдэг юу л бол...
Гэхдээ улс төр бол цэвэр өрсөлдөөний талбар. Хэн ямар арга хэрэглэж, ямар зарчимаар ялалт байгуулахыг урьдчилж тааварлахад бэрх. Тиймээс улс төр дэх “МАН-ын өдрүүд” хэрхэн түүхэнд бичигдэж, намын бодлого хаашаа эргэхийг харж л сууя.
24tsag.mn
Сэтгэгдэл (10)