МАН-ын XXVIII Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар МАН-ынхан шинэ даргаа тодруулах бөгөөд хэн тус намын дарга болох вэ гэдэг нь олны анхаарлыг татаж байгаа юм. Одоогоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Н.Дэмбэрэл, бизнесмэн Г.Майцэцэг нар нэр дэвшин өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн. Харин заалнаас гишүүд хэн, хэнийг дэвшүүлэх нь тодорхойгүй байгаа юм. Ингээд нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг хүргэж байна.
У.Хүрэлсүх
МАН-ын даргын сунгаа аль хавраас эхэлсэн гэж хэлж болно. Тус намыхан Ерөнхийлөгчид хэнийг дэвшүүлэх вэ гэдгээс хамаарч намын даргын суудлынхаа өнгийг тодорхойлж эхэлсэн бөгөөд өнөөдрийн үйл явц аль хэдийнэ энэ цаг үед төлөвлөгдсөн гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл М.Энхболд намын даргынхаа суудлаа өгөх нүүдлээ хавраас эхэлж, өөрийн хүрээллийн хүмүүсээ бэлтгэж эхэлсэн ч Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдал түүний төлөвлөгөөг нураасан гэдэг. Тэр ч бүү хэл М.Энхболд амлалтаасаа ухарч, намын даргын суудлаа Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад шилжүүлэн өгөх сонирхолтой байгаа гэх “бор шувуу” хүртэл жиргээд авсан. Мэдээж үүнийг МАН-ын зарим гишүүд эсэргүүцсэн. Учир нь М.Энхболд УИХ-ын сонгуулиар намаа ялалтад хүргэхэд хувь нэмрээ оруулбал Ерөнхий сайд болж, Засгийн газраа тэргүүл хэмээн У.Хүрэлсүхэд амлаж байсан гэдэг. Гэвч МАН УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан ч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилоогүй. Шадар сайдаар томилсоны дараагаар түүнийг тагнаж, чагнаж янз бүрийн бичлэг хүртэл цацаад авсан нь М.Энхболдыг эсэргүүцэгчдийн эгдүүг хүргэж, Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцрох хүртэл хүрээгээ тэлсэн нь нууц биш билээ. Харин өнөөдөр М.Энхболдын тэрхүү амлалтад намын дарга болж хувирах уу гэдгийг харах л үлдлээ. Учир нь амлалтаа биелүүлээгүйн улмаас намаа хуваагдалд хүргэсэн гэх хариуцлагаа М.Энхболд хүлээж, У.Хүрэлсүхэд суудлаа өгөх нь асуудлыг шийдэх ганц зам хэмээн үзэх гишүүд цөөнгүй байна. Түүгээр ч барахгүй МАН-ын 32-ын бүлэг түүнийг дэмжсэн гэх мэдээлэл байгаа нь У.Хүрэлсүхийн дэмжигчдийн хүрээ тэлэгдсээр байгааг харуулах буй за.
Д.Хаянхярваа
МАН-ын бутрал зөвхөн дээд хэмжээнд байгааг хэн хүнгүй мэдэх билээ. Өөрөөр хэлбэл 65 гишүүнтэй УИХ дахь бүлэг нь хуваагдсанаас болж өнгөрсөн саруудад улс төр гацааны байдалд хэдэнтээ орж, асуудлаа ч хэлэлцэж чадахгүйд хүрсэн. Арав хүрэхгүй гишүүнтэй сөрөг хүчнийхээ бүлгээс хүртэл “чадамжгүй” гэх шүүмжлэлийг хүртэх болсон нь үнэмлэхгүй ялалт байгуулсан МАН-ын хувьд гутамшиг билээ. Түүхэндээ анх удаа ийн хэдэн сарын турш тус тусдаа хуралдах хэмжээнд хүртэл хагаралдсан бүлгийн даргаар Д.Хаянхярваа ажиллаж буй. 65 гишүүнийхээ эвийг олж, бүрэн бүрэлдэхүүнээр нь хуралдуулж чадахгүй байгаа хүн хэдэн зуун мянган гишүүнтэй МАН-ыг тэргүүлж чадах уу. Зарим нэг хүмүүсийн МАН-ын даргад өрсөлдөх нь зөвхөн Д.Хаянхярваагийн хувийн л сонирхол гэх. Тиймдээ ч УИХ-ын дарга М.Энхболд, УИХ дахь 32-ын бүлгийнхэн түүнийг төдийлэн дэмжихгүй байгаа аж. Гэхдээ Д.Хаянхярваа, Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарын цөөн хэдэн УИХ-ын гишүүн л өөр байр суурьтай байгаа гэсэн шүү.
Н.Дэмбэрэл & Г.Майцэцэг
Гурав дахь нэр дэвшигч Н.Дэмбэрэлийн хувьд төдийлөн олонд танигдаагүй ч МАН-ын гал тогоонд чамгүй олон жил ажилласан нэгэн гэдэг. Тэр залуу үеийг төлөөлөн нэрээ дэвшүүлж байгаагаа илэрхийлсэн. Гадаад оронд хүний их эмчийн мэргэжил эзэмшсэн, англи орос хэлтэй гэхчлэн боловсролын тухайд эерэг үзүүлэлт ихтэй хүн бол Г.Майцэцэгийн хувьд тийм ч сайн нэртэй нэгэн биш. “Exclusive” компанийн захирал тэрбээр өнгөрсөн хугацаанд Хан-Уул дүүргийн татварын байцаагчидтай дайн зарлаж, хэвлэлээр нэг дайрч, давшилж байсан ч сүүлдээ цагаан хадаг барин уучлал гуйж байсан нэгэн билээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (8)