НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан өдөр өчигдөр тохиосон билээ. Энэ өдрийн НҮБ-аас анх удаа Дэлхийн хүүхдийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэв. Дэлхийн хүүхдийн өдрийн хүрээнд өчигдөр НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос 2017 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн дүгнэлт, зөвлөмжийг танилцуулах уулзалтыг Японы Хүүхдийг ивээх сангаас зохион байгуулжээ.
Уг уулзалтад хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний сүлжээ байгууллагуудын төлөөлөл оролцсон байна. Энэ “НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооны дүгнэлт, зөвлөмжийн ач холбогдол” сэдвээр Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын референт Б.Сэмжидмаа танилцуулга хийжээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 44 дүгээр чуулганаар 1989 оны арваннэгдүгээр сарын 20-нд Хүүхдийн эрхийн тухай конвенцийг анх батлан гаргажээ. Уг конвенц нь хүүхдийн эсэн мэнд хөгжих, сурч боловсрох, ялгаварлан гадуурхагдахгүй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сайн сайхан амьдрах аж төрөх зэрэг язгуур эрхүүдийг багтаасан чухал баримт бичиг юм.
Монгол Улс 1990 оны тавдугаар сарын 28-ны өдөр НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, уг конвенцид нэгдэн орсон эхний таван орны нэг болсон билээ. Сүүлийн жилүүдэд Монгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллагын гишүүн орны хувьд 2010 оноос хойш НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн ээлжит дүгнэлт, хэлэлцүүлгийн механизмаар Хүний эрхийн хэрэгжилтийн үндэсний тайлангаа 2 удаа хэлэлцүүлсэн бөгөөд тус дүгнэлт, хэлэлцүүлгийн явцад хүүхдийн эрхийг хангаж, хамгаалах асуудлаар олон тооны зөвлөмж авсан байна.
Тухайлбал 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдөр болсон хоёр дахь удаагийн дүгнэлт хэлэлцүүлгээр Засгийн газарт нийт 164 зөвлөмж хүргүүлсний 23 нь хүүхдийн эрхийн асуудлыг хөндсөн байна. Үүнд хүүхдийн эрхийн зөрчлийн талаар хүүхэд өөрөө олон улсын байгууллага, тогтолцоонд гомдол гаргах эрхтэй болсон талаар хүүхдүүдэд сурталчлан таниулах, хүүхдийн эрхийн зөрчлийн тухай олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхэд бүр сурч боловсрох эрхээ тэгш эдлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн хүчин чармайлтаа үргэлжлүүлэх, боловсролын хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох асуудлыг тусгайлан иж бүрэн оруулж, ач холбогдол өгөх, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, хүүхдийн эрх, түүний дотор нөхөн үржихүй, хүчирхийллээс ангид байх, хөдөлмөр эрхлэх, боловсрох болон шийдвэр гаргах түвшинд оролцох эрхэд онцгой ач холбогдол өгөх боломжийг судлан үзэх зэрэг асуудлаар чухал бөгөөд зайлшгүй анхаарвал зохих зөвлөмж өгсөн байна.