Монголын сумо бөхийн холбооны тэргүүн Кёкүшюзан Д.Батбаяр их аварга Харумафүжи болон Таканоива А.Баасандорж нартай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр Японд уг асуудлаар очиж, холбогдох хүмүүстэй уулзсан тухайгаа Монголд ирмэгцээ “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр мэдээлэл хийсэн нь энэ юм.
- Д.Батбаярыг Япон руу монгол бөхчүүдийн асуудлаар явсан гэх цуурхал тарсан. Чухам ямар ажлаар явчихаад ирэв?
- Миний хувьд хувийн хөрөнгө оруулагчидтайгаа уулзах ажилтай Япон явсан. Гэвч манай монгол бөхчүүдийн талаарх асуудал нэлээд хурцадмал шинжтэй болсон болохоор Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Монголын сүмо бөхийн холбооны байр сууриа илэрхийлээч гэсэн хүсэлтийн дагуу хэсэг саатлаа. Уг нь хоёр хоногийн хугацаатай явахаар төлөвлөж байсан тав хонож ирлээ.
- Манай хоёр бөх чухам ямар асуудалд ороод байгаа юм бэ. Энэ асуудал хэрхэн шийдэгдэх бол?
- Шуудхан хэлэхэд бөхчүүд маань караокед ууж байгаад зодолдсон л хэрэг байгаа юм. Зодоон нь жаахан хэтэрсэн. Түүнээс биш бие биенийгээ дээрэлхсэн, ямар нэгэн өш хонзон санасан хэрэг огт байхгүй. Тиймээс сүмогийн мэргэжлийн хүмүүс Кёкүшюзан та бол монголын анхдагч бөхчүүдийн нэг. Мөн Монголын сүмо бөхийн холбооны Ерөнхийлөгчийн хувьд хоёр бөхөө хооронд нь уулзуулаад гар бариулаад японы ард түмнээс хэвлэл мэдээллээр дамжуулан уучлалт гуйвал болчих асуудал юм биш үү гэж зөвлөсөн. Харамсалтай нь уулзаж чадсангүй. Гэхдээ нэгэнтэй утсаар ярьсан. Болсон үйл явдлыг хэлсэн.
- Тэгвэл хоёр бөх маань учир зүйгээ олчихвол энэ асуудал намжина гэсэн үг үү?
- Энэ асуудал зөвхөн манай хоёр бөхийн асуудал биш болсон юм билээ. Цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгаж байгаа учир зөвхөн уучлалт гуйгаад өнгөрөх төдийхнөөр асуудал шийдэгдэхгүй болсон байна. Цаашид Японы Сүмо бөхийн холбоо зодох, танхайрах асуудлыг зогсооно гэсэн байр суурьтай байгаа юм билээ. Тэгэхээр Японы Сүмо бөхийн холбоо ямар шийдвэр гаргахыг хүлээх л үлдэж байна гэсэн үг.
- Монголын хоёр бөхийн асуудлаас болж Японы сүмо бөхийн холбоо монгол бөхчүүдийг шахаж байна гэсэн мэдээлэл гараад байгаа. Үнэхээр ийм асуудал болоод байгаа юм уу?
- Монголын хэвлэл мэдээллүүдээр ийм утгатай мэдээлэл гарсан байсан. Гэхдээ Японы сүмо бөхийн холбоо монгол бөхчүүдийг шахсан асуудал огт байхгүй. Зөвхөн асуудалд орсон хоёр бөхийг л хөөх, хөөхгүй талаар яригдаж байгаа болохоос биш бусад бөхчүүдийг шахсан гэх асуудал байхгүй. Энд хоёр орны харилцааны асуудал давхар хөндөгдөх болохоор асуудлыг зөвөөр ойлгох хэрэгтэй.
- Харумафүжи Д.Бямбадоржийг Японы сүмо бөхийн холбооноос хөөгдөх үү?
- Харумафүжи Д.Бямбадоржийг Японы сүмо бөхийн холбооноос хөөгдөх эсэх нь Таканоива А.Баасандорж бэртсэн үү бэртээгүй юу гэдгээс хамаарна. А.Баасандоржийн өөрийн ярьж байгаагаар бол маш их гэмтэл авсан гэсэн. Тархины гавал цуурсан, чих сонсголгүй болсон, их олон оёо тавиулсан гэсэн. Энэ хэргийн талаар монголын зарим нэг хэвлэлд ах хүндээ зодуулчихаад цагдаад мэдэгдчихсэн гэх утгатай мэдээллүүд явж байна. Хэрвээ үнэхээр хүнд гэмтсэн юм бол эмнэлгээс өгсөн бичгээ болон зургаа явуулаарай гэж захисан.
- Та энэ хэрэг дээр ямар байр суурьтай байгаа вэ. Учир нь зарим хэвлэл дээр таныг Японы талд үйлчлээд байна гэсэн байсан?
- Зодуулсан нь ч монгол, зодсон нь ч монгол болохоор аль нэгнийх нь талд орно гэж байхгүй л дээ. Харумафүжи Д.Бямбадоржийг би сүмод оруулсан. Сайхан аварга цолонд хүрээд явж байгаа болохоор зодгийг нь бүү тайлуулчихаасай, Таканоива А.Баасандоржийг ч гэсэн том гэмтэл аваагүй байгаасай, цаашдаа барилдаасай л гэж бодож байна. Уг нь би бөхчүүдээ хооронд нь эвлэрүүлэх гэж хичээсэн ч зарим хүмүүст буруу ойлголт төрүүлсэн юм шиг байна.
- Япончууд энэ хэргийг хэрхэн хүлээж авч байх шиг байна?
- Япончууд энэ хэргийг миний бодож байснаас илүү хүндээр хүлээж авсан. Уг нь би Японд хөрөнгө оруулагчидтайгаа уулзахаар очсон байсан ч онгоцны буудал дээр 50 гаруй хэвлэлийнхэн хүлээж байсан. Ямар сайндаа л онгоцны буудлынхан түүхэндээ анх удаа ийм олон хэвлэлийнхэн цуглалаа гэж байхав. Өнөөдөр ч гэсэн арав гаруй хэвлэлийнхэн намайг дагаж, монголд ирлээ. Японд энэ асуудал маш том асуудал болчихсон байгаа.
- Аса аварга хүнд гарсан хүрсэн шалтгаанаар зодог тайлж байсан. Харумафүжиг бас зодог тайлах вий гэсэн болгоомжлол монголчуудын дунд байгаа?
- Мэдээж ийм болгоомжлол байгаа байх. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар баттай гарсан шийдвэр алга байна. Таканоива А.Баасандорж ч үнэхээр хүнд гэмтсэн үү гэдэг нь ч тодорхойгүй байна.
- Ах хүний хувьд монголынхоо сүмочдод хандаж юу хэлмээр байна?
- Монголчууд чадалтай юм байна, монгол эр хүн бяртай, мэхтэй, бахархмаар хүмүүс юм байна гэдгийг японы ард түмэн хангалттай үзэж, харж байгаа. Японы үндэсний бөхөд монголчууд ноёрхож байна шүү дээ. Гэвч алдаа гаргаж, зодолдож танхайрвал ямар асуудалд орох вэ гэдэг дээр энэ асуудал их том сургамж болж байгаа байх гэж бодож байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (17)