МАН-ынхан сонгуулийн үеэр “Цалинтай ээж” гэх хөтөлбөр хэрэгжүүлнэ хэмээн ам гарсан ч бүрэн эрхийнхээ хоёр жилийн хугацааг улс орны эдийн засгийн байдал тааруу байна гэх шалтгаанаар шалтаглаж өнгөрөөсөн. Өөрөөр хэлбэл ээжүүдийг "хошгируулсаар" өдийг хүрсэн.
Харин энэ сарын эхээр гэнэтхэн Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гарч, “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон нь эхчүүдийн хувьд баяртай мэдээ байв. Учир нь энэ хөтөлбөр гэртээ хүүхдээ хараад сууж буй ээжүүдэд зориулагдсан. Манайх шиг өндөр зардалтай бага, цалинтай улсад цаг үеэ олсон бодлого байсан учир МАН-ыг Засгийн эрхэнд гарсан цагаас эхлэн ээжүүд чих тавьсан хэрэг.
Гэвч энэ хөтөлбөр цаадахыг хуурч, наадахыг аргалсан, өмнө нь өгч байсан тэтгэмжид нэр өгсөн төдий болохыг эхчүүд шүүмжилсээр байна. Улсаас жирэмсэн эхчүүддээ дэм өгөх үүднээс таван сартайгаас нь эхлэн сар бүр 40 мянган төгрөгийн тэтгэмж олгодог билээ.
Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, жирэмсэн үедээ эмнэлгийн хяналтанд орсон тухай болон төрсний дараа хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай сум, хорооны өрхийн эмчийн тодорхойлолт, баг хорооны засаг даргаар баталгаажуулсан өргөдөл, 2 хувь цээж зураг зэрэг бичиг баримтыг бүрдүүлж өгдөг энэ тэтгэмжийг жирэмсэн эх 12 сарын турш авдаг. Өөрөөр хэлбэл хүүхдээ 1 нас хүртэл энэ тэтгэмжинд хамрагддаг. “Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд эдгээр ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор яригдаж буй. Үүгээр бол ээжүүд он хөтөлбөрийн тэтгэмжтэйгээ нийлээд сар бүр 90 мянган төгрөгийн тэтгэмж авахаар харагдаж байгаа ч МАН-ынхан ээжүүдийг “хөөрхөн” гэгч нь хуурчихаж.
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын мэргэжилтний ярьж байгаагаар ирэх онд Жирэмсэн эхийн тэтгэмж, 0-3 нас хүртэлх насны хүүхдээ асарсны тэтгэмж /сар бүр олгох/, Ихэр хүүхдийн тэтгэмж, Гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийг улиралд нэг удаа цалингийн хөлсний доод хэмжээгээр олгохоор болжээ. Гэвч Нийгмийн халамжийн хуулиар явж байсан жирэмсний тэтгэмж, ихэр хүүхдийн тэтгэмж нь энэ хууль руу шилжиж орсон байна.
Өөрөөр хэлбэл жирэмсний болон ихэр хүүхдийн тэтгэмж авч байсан эхчүүд хөтөлбөр хэрэгжиж эхэлмэгц улсын халамжаас автоматаар хасагдаж, “Цалинтай ээж” хөтөлбөрт шилжих аж. Товчхондоо уг хөтөлбөр дээрх ээжүүдэд 10 мянган төгрөгийг л “цалин” гэж өгөхөөр тусгажээ. Сүржин нэртэй ч даржин хөтөлбөрийн хэрэгжилт иймэрхүү дүр зурагтайгаар бууж байгаа нь эхчүүдийн шүүмжлэлийн бай болоод байна.
Б.Өрнөх