Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж өөрийн хүсэлтээр зодог тайлахаар шийдсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр Харумафүжи Д.Бямбадорж болон түүний багш, ояката Исэгахама нар хэвлэлийн бага хурал хийж, гаргасан шийдвэрийнхээ талаар хэвлэлийнхэнд танилцууллаа.
Тэрбээр сэтгүүлчдийн асуултанд хариулахаасаа өмнө түүний багш, ояката Исэгахама "Би өнөөдрийн хүртэлх хугацаанд Харумафүжиг архи ууж, агсан тавьж байхыг хараагүй. Яагаад ийм зүйл болчихов гэж бодогдож байна. Зодог тайлах шийдвэр бол Харумафүжигийн өөрийнх шийдвэр. Өнөөдрийг хүртэл бидэнд туслаж, дэмжиж ирсэн та бүхэнд баярлалаа" хэмээв. Харин Харумафүжи “Би өөрийнхөө багштайгаа зөвлөлдөөд зодог тайлах шийдвэр гаргалаа.
Аварга хүн гэж ямар байх ёстой вэ гэдгийг ухамсарлаж энэ шийдвэрийг гаргасан. Би одоог хүртэл архи уучихаад агсам тавьж байсан удаа байхгүй. Миний өнөөдрийн зодог тайлах болсон шалтгаан архи уусан болохоор хийж байгаа үйлдэл биш юм шүү. Ах хүн дүү нартаа зааж зөвлөж, алдааг нь засах нь өөрийн үүрэг гэж бодож явдаг. Дүү бөхчүүдээ бэлтгэлээ маш сайн хийж, илүү өндөр амжилт гаргаасай гэж хүсдэг байсан минь ийм асуудалд хүргэлээ. Сүмотой холбогдсон 17 жил маань үнэхээр сайхан байлаа" хэмээн мэдэгджээ.
Сэтгэгдэл (10)