Улаанбаатар
Өнөөдөр / 2017.12.17
-10
Өдөртөө
-23
Шөнөдөө

Нэр зээлдсэн бус жинхэнэ төрийн банкийг бий болгоё

2017 оны 12 сарын 4

 

Эрх баригчдад  албан тушаалын сэнтийдээ удаан суух асуудал чухал болохоос улс орноо эдийн засгийн хямарлаа гарз хохирол багатайгаа авч гарах талаар тархиа гашилгах сонирхол байдаггүй бололтой. Амьдрал дунд үүнийг шийдэх гарцууд бишгүй байдаг юм байна. Хүнсний зах гэдэг бол дунд, дундаас доогуур орлоготой өрхтэй өдөр бүр “ найзалдаг” газар нь. Үнэ нь зах зээлээс харьцангуй хямд тул  супер маркетаас нэг кг будаа авах үнээр хүнсний захаас хоёр кг-ыг авсан нь амьдралд дэмтэй учраас   тийшээ зорьдог гэдгийг   хэлүүлэх юун. Төрийн албан хаагчид ч ялгаагүй, цалин буусан л бол хэдэн төгрөгөө үрчихээс урьтаж, Дэнжийн мянга руу харайлгах нь бий. Үүр цүүрээр очиж чадвал ченжийн гар дамжуулалгүйгээр шууд худалдан авалт хийх боломж олддог гэдгийг тэд мэднэ.  Өнгөрсөн амралын өдрүүдэд  зуд турханаас урьтах гэсэн малчид шүдлэн  үхрийн бүтэн махыг кг-ыг нь 3500 төгрөгөөр  бөөндөж байх жишээтэй.  Бүтнээр нь авч чадахгүй нэг  нь өрөөлдөж хуваагаад л юм юм л болж байна лээ, тэнд.   Энэ бол монголчуудын бодит амьдрал. Гэхдээ тэндэхийг  бэлэн мөнгө хэдэн зуун саяараа эргэлддэг газар гэдгийг үл тоож болохгүй л болов уу. Жижиг  махны ченжийн өдөр тутам эргэлдүүлдэг мөнгө дунджаар таван сая, том акулуудынх нь хувьд 100 сая жирийн асуудал байж мэднэ. Тэр их мөнгийг  арилжааны банкууд бус төр өөрийн  гэсэн банктай болчихоод  түүгээрээ  дамжуулах аваас Монгол Улсын эдийн засагт тэр хэрээр дэм болох юм шиг санагдана.  Харамсалтай нь Монголын төрд нэг ч банк байхгүй. Ингэж хэлэхээр Төрийн банк чинь төрийнх биш гэх юм уу гэх олон гарах байх. Үгүй, биш юм юм билээ.  Зөвхөн “төрийн” гэх нэрийг зээлдсэн  хувийн банк. Эзэн нь сэргэлэн  учир  төрийн мэдлийн гүйлгээг өөрийн банкаар дамжуулж, төрийн мөнгийг угааж байгаа газар гээд хэлчихвэл буруудахгүй болов уу. Тэгж ярих юм бол Монгол банк ч төрийнх биш.  Монголын 200  гаруй төрөөс төрсөн  тэрбумтнуудын  мөнгийг хадгалдаг,арилжааны банкаар дамжуулан эдийн засгийн эргэлтэд оруулдаг газар гэнэ лээ. Тиймээс төр нэн даруй нэр зээлдсэн бус жинхэнэ төрийн мэдлийн банкийг байгуулчихаад түүнийгээ ХААН банк шиг хаа сайгүй ажиллуулмаар байна.   Төр зах зээлээ  бүрэн гүйцэт ашиглаж чадахгүй байгааг олз болгосон мөнгө хүүлэгчид өдрийнхөө хоолыг дөнгөж залгуулах жижиг наймаачдад өдрөөр өндөр хүүтэй мөнгө зээлүүлэн ашиг олж буй. Үүний оронд төр мөнгө хүүлэгчдийг зах зээлээс шахаж, түүн лугаа адил  зарчмаар бага хүүтэйгээр мөнгө зээлүүлбэл төрийн халаас тэр хэрээр зузаарч л таарна. Төр мөнгөтэй байх аваас эдийн засаг тэр хэрээр сэргэх байлтай.

 

Хоёрдугаарт  цаг хүндэрч байна. ХААН банкнаас бүх амьдрал нь хамааралтай болсон малчид тэдний өмнө  хэзээ мөдгүй сөхөрнө.  Хоттой мал нь дуусвал юугаараа зээлээ төлөх юм бүү мэд. Хэрэвзээ төр менежмент сайн байсан бол цас зудтай байгаа аймгуудын малчдын малыг эдийн засгийн эргэлтэд оруулаад  хавар нь онд сайн орсон аймгийн малчдын дэмжээр малжуулах аяныг зохион байгуулж яагаад болохгүй гэж. Жишээ татъя л даа. Булган  аймаг маш хүнд нөхцөлд өвөлжиж буй. Тэгтэл Сүхбаатар аймагт өвөлжилт сайхан байгаа гэнэ лээ. Тэгэхээр хоёр аймаг, хоёр сумын   төрд үйлчлэх банкууд  гэрээ хийх ёстой. Сүхбаатарчууд  нэг ч хонь, үхэр идшинд хэрэглэлгүйгээр Булган аймгийн  малчдын мөнгө болгох гээд чармайгаад байгаа малыг нь идшинд хэрэглэчихээд хавар нь идшинд хэрэглэсэн болон  эдийн засгийн эргэлтэд оруулна хэмээн тооцоолсон  малынхаа тоогоор  төл малаар тооцож төлбөрийг нь барагдуулбал хэн хэндээ ашиг тусаа өгөх бус уу.  Хотон дахь бүх малаа эдийн засгийн эргэлтэд оруулсан Булганы малчин өвөл нь Сүхбаатар дахь мал авах малчныдаа туслах малчнаар ажиллан өөрийн авах төлөө бойжуулж авах аваас зун нь  малаа туухад хялбар байж мэднэ.  Үүний цаана малын цөм сүргийн бүтэц ч сайжирч таарна. Ийм алхам хийхэд нь төр Төрийнхөө банкаар дамжуулан малчдад дэмжлэг үзүүлж гэмээнэ улсынхаа эдийн засгийн аврахад өчүүхэн ч болов дэм болох буй за. 

 

 Ч.Чулуунцэцэг

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан