Улаанбаатар
Өнөөдөр / 2017.12.15
-16
Өдөртөө
-25
Шөнөдөө

Н.Золжаргалыг золиослох анхааруулга!!!

2017 оны 12 сарын 4

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг өнгөрөгч арваннэгдүгээр сарын 29-нд баривчилж, 3 хоног саатуулсан бөгөөд цаашид үргэлжлүүлэн саатуулах шаардлагатай эсэх тухай шүүхээр хэлэлцэх журмын дагуу Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн арванхоёрдугаар сарын 1-нд үргэлжлүүлэх хорих шаардлагагүй гэж үзэн сулласан билээ. Мөн журмын дагуу түүнийг хилийн хязгаарлалт тавих шийдвэр гаргасан билээ. Олон нийтийн анхаарлын төвд байгаа энэ явдлын талаар нийтлэлч У.Оргилмаагийн нийтлэлийг хүргэж байна.   

 

 

“Золжаргал баривчлагджээ”. Энэ мэдээ олон хүнийг цочроох бус тайвшруулсан бололтой. Харин үүний цаана хуулийн шалтгаан, улс төрийн шалтгааны аль нь давамгайлсныг хэн ч төдийлөн тоохгүй байгаа нь анзаарагдав. Хуулийн талаасаа бол Н.Золжаргалыг Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа “'Чингис” бондын хөрөнгөөр хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”'-т хамрагдсан төсөл, арга хэмжээний үр дүн болон эрх мэдлээ хэтрүүлэн мөнгө хэвлэсэн эсэхийг шалгаж буй гэсэн байгаа юм. Шалгаж буй гэдэг нь түүний статусыг тогтоох тул ялтан мэт хандахад эртэднэ. Хэрэв тэр буруутгагдвал тухайн үед хамтран шийдвэр гаргасан албан тушаалтнууд, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-т хамрагдсан аж ахуйн нэгжүүдийг ч шалгагдаж хариуцлага хүлээх нь зүй ёсны хэрэг. Тухайлбал, Монголбанкны ерөнхийлөгчийн ажлын тайланг сонсож, үнэлэлт дүгнэлт өгч байсан УИХ-ын дарга асан З.Энхболд, хамтран уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр гарын үсэг зурж баталгаажуулан үүрэг хүлээсэн хоёр удаагийн Засгийн газрын нэр бүхий сайд нар, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд авсан зээлээ төлж дуусаагүй 3000 орчим аж ахуйн нэгж үүнд хамаатай. Ерөнхий сайд Н.Алтанхуяг л гэхэд 2012 оны 10 дугаар сарын 22-нд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалтай дуулиантайгаар санамж бичиг байгуулсан байдаг. Дараа нь 2012 оны 10 дугаар сарын 26-нд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан гээд дараалан санамж бичиг байгуулж үр дүнгээ нь ч УИХ-д тайлагнаж байсан.

 

2011-2012 оны дунджаар гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ий 40 гаруй хувийг эзэлж байсан бол 2013 онд 16 хувь, 2014 онд ердөө 3.4 хувьтай тэнцэх хэмжээнд хүрч огцом буурсан. Ийм хүндрэлтэй эдийн засгийн нөхцөлд Монголбанк, Засгийн газар хамтран гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн билээ. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь нийлүүлэлтийн гаралтай инфляцийг бууруулах, дунд хугацаанд бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх, эдийн засгийг тогтворжуулах явдал байсан. Хөтөлбөрийн үр дүнд хөтөлбөрт хамрагдсан бараа бүтээгдэхүүний үнэ хөтөлбөргүй жилүүдтэй харьцуулахад харьцангуй тогтвортой байж чадсан төдийгүй 2015 оны 2 сард инфляци нэг оронтой тоонд орж буурсан нь мөн үнэ тогтворжуулах хөтөлбөртэй салшгүй холбоотой билээ. Хөтөлбөрт хамрагдсан барааны үнийн өсөлт нь 2010-2012 онд дунджаар нийт инфляцийн 23.7хувийг эзэлдэг байсан бол түүний инфляцид үзүүлэх шууд нөлөөлөл нь 2013 онд 1.3 дахин, 2014 онд 17.8 дахин буурч, инфляцийн бүтцэд тогтвортой, эерэг өөрчлөлт гарсан.Мах, шатахуун, цементний үнийн өсөлт эрс буурч энэхүү бүлгийн жилийн инфляцид үзүүлэх нөлөө 2012 онд дунджаар 5.8 нэгж хувь байсан бол 2013 онд 1.8, 2014 онд 0.2 хувь болж буурав. Махны үнийн жилийн өсөлт 2012 онд дунджаар 60.6 хувь, 2013 онд дунджаар 5.6 хувь байсан бол 2014 онд дунджаар 1.0 хувь болов. Хэрэв эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй байсан бол санхүү, эдийн засгийн ноцтой хямрал нүүрлэж, эдийн засаг бүхэлдээ уналтад орох эрсдэлтэй байсан гэдгийг эдийн засагчид онцолдог. Харин хөтөлбөр хэрэгжсэний ачаар 179,000 ажлын байрыг хамгаалж, эдийн засгийн өсөлтийг хадгалж эдийн засгийг зөөлөн газардуулсан билээ.

 

Энэ бүхэн дугаар хорооны иргэний амьдралд ашигтай байсан болохоос төрд, улстөрчдөд түй ч хамаагүй юмсанж. Хариуцлага хүлээхийн хувьд зээл авсан аж ахуйн нэгжүүд өөрсдөө эрсдлээ үүрч, зээлээ төлж байгаа, төлж дуусаагүй аж ахуйн нэгж ч олон байна. Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр, арилжааны банкуудад дэмжлэг болгож өгөхөөр төлөвлөөд байсан хөрөнгүүдийг танаад, устгаад л байсан, тухайн үед мөнгөний бодлого баталсан УИХ хариуцлага хүлээхгүй Н.Золжаргалын баривчлагдахыг дотроо бэмбэгнэн харж сууна. Үүнийг л улс төр гэдэг аж. 

 

Тэгвэл улс төрийн цаадах улс төр гэж бас байдаг юм байна. Та бүхэн санаж байгаа бол энэ сарын 24-нд өдөр тутмын нэгэн сонинд АТГ-ыг одоо тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийг даргалж байгаа Г.Баасан даргалах магадлалтай байгаа талаар нийтлэл хүртэл гарсан. Уг нийтлэлд “АТГ-ын дарга, хурандаа Х.Энхжаргал ажлаа сайн хийж буй, эсэхээсээ үл хамааран ажлаа өгөх нь тодорхой болж байгаа ажээ”, “АТГ-ын дарга, хурандаа Х.Энхжаргал ажлаа сайн хийж буй, эсэхээсээ үл хамааран ажлаа өгөх нь тодорхой болж байгаа ажээ”, “Гэхдээ Г.Баасанг энэ албанд зүтгүүлнэ гэсэн нь санамсаргүй хэрэг биш. Учир юу гэвэл, 2016 оны долоодугаар сарын 8-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санал болгосноор Х.Энхжаргалыг АТГ-ын даргаар томилсон. Харин түүнээс өмнө мань хүнийг энэ албанд томилох, эсэх талаар маргаан гарч байх үед тухайн үед УИХ-ын дарга байсан /энэ асуудал АН-ын засгийн үед яригдаж эхэлсэн/ З.Энхболд хамгийн ихээр эсэргүүцэж, өөрийн хүнийг санал болгож байсан гэдэг. Тэгэхээр Ерөнхийлөгч Х.Баттулгын Тамгын газрын даргаар ажиллаж, бүх ажлыг нь өмнөөс нь хийх боломж гарсан болохоор Х.Энхжаргалын ажлыг авах нь цаг хугацааны л асуудал болсон” гэхчлэн үгүйсгэх аргагүй ч нотлох боломжгүй теоремуудыг дэвшүүлсэн нь анхаарал татсан юм. 

 

Үнэхээр ч Х.Баттулга Ерөнхийлөгч болсныхоо дараахан АТГ-ын дарга Х.Энхжаргалыг дуудаж загнасан, солих гэж зүтгэсэн нь болоод өнгөрсөн бодит үйл явдал. Тэрбээр үе үеийн Ерөнхийлөгч нарын нэгэн адил өөрийн шийдвэрээр дараагийн АТГ-ын даргыг томилох хүсэлтэй нь ч нууц биш болсон. Тиймээс Н.Золжаргал үнэ тогтворжуулсны золиос төдийгүй ажлаас нь солих гээд байгаа Ерөнхийлөгч Х.Баттулгад өгсөн анхааруулга гэж үзэж болохоор байна. 

 

Мэдээж гэм буруу нь тогтоогдвол Н.Золжаргал хариуцлага хүлээнэ. Ардчилсан намын бодлого үйл ажиллагаа, Засгийн газрын хөтөлбөрийнхөө зорилтыг гүйцэтгүүлж өөрийнх нь бүрэн эрхийн хүрээнд инфляцийг бууруулж, тогтвортой барьж Н.Алтанхуягийн Засгийн газрыг мөнгөөр тоглох хөрс суурийг бэлтгэж өгсөн бол Н.Золжаргал буруутна. Н.Алтанхуяг яах ч үгүй, учир нь нэг гарын үсэг зураа л биз гээд Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогоо зөвлөөд сууж байгаа юм чинь. Монголбанкны ерөнхийлөгчийг дур мэдэн шийдвэр гаргаж “муухай хөтөлбөр” хэрэгжүүлж байхад нь мөнгөний бодлогыг нь батлаад сууж байсан АН-ын дарга, УИХ-ын дарга асан З.Энхболд бүр ч хариуцлага хүлээхгүй. Ерөнхийлөгчийн тамгыг атгаад хамгаалалтаар хуяглаад сууж байгаа билээ. Тэгэхээр Н.Золжаргал бол анхааруулга, золиос. Түүний төрд ажиллаж байхдаа үүргээ хэрхэн биелүүлсэн, баримталсан бодлогынх нь үр дүнд дундаж давхаргынхан нэмэгдсэн үү, иргэн Доржийн нуруун дээр очдог инфляцийн ачаалал буурсан уу гэдгээс үл хамааран буруутах ёстой учраас буруутах биз ээ. Энд Н.Золжаргалыг өмөөрөх бус учир шалтгаан хийгээд хариуцлагыг хэн хүлээж, хэн мултарч хоцордгийг өөр өнцгөөс харах гэж оролдлоо.

 

Нийтлэлч У.Оргилмаа

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан