Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажилчид хордлогын шинжтэйгээр эмнэлэг хүргэгэдсэн билээ. Амралтын өдрүүдэд хордлогын шинж илэрсэн хүмүүсийн тоо нэмэгдэж 51-т хүрчээ. Эдгээр хүмүүсээс гурвынх нь бие хүндэвтэр байгаа бол 31 нь Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, 20 хүн өрхийн эмчийн хяналтад байгаа талаар тус аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл мэдээллээ.
Өнөөдөр ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтэс болон холбогдох мэргэжилтнүүд Дархан-Уул аймгийн төмөрлөгийн үйлдвэрийн хордлогын голомтод ажилласан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд, Дархан-Уул аймагтай цахимаар холбогдож, хордлогын одоогийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын чиглэлийн талаар ярилцжээ.
Холбогдох албаныхан урьдчилсан байдлаар химийн хордлого, цутгуурын халууралт гэж үзэн голомтыг цомхотгох хариу арга хэмжээг авч ажиллаж байгаа аж. Өөрөөр хэлбэл ажилчид угаарын хийн хордлогод орcон нь тогтоогджээ. Энэ нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр ган бөмбөлөг хайлуулах явцдаа технологийн горим алдаж, хийн зуух болон дахин халаах зуухнаас их хэмжээний утаа гарснаас болсон байна. НЭМҮТ-өөс бүртгэгдсэн үйл явдлыг “өндөр” эрсдэлийн зэрэгтэй гэж үнэлэн, Дархан-Уул аймгийн Шуурхай удирдлагын нэгж идэвхжлийн горимд шилжин ажиллаж байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХК-иас ЭМЯ-наас өгсөн мэдээллийг үгүйсгэж, мэдэгдэл гаргаж байсан билээ. Тус мэдэгдэлд "Үйлдвэрийн олон тооны ажилтнууд утаа, хийнд хордсон, эрүүл мэнд, амь насанд нь аюул учирсан мэт буруу ташаа мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарааж байна. Мэдээллийн мөрөөр үйлдвэрийн зүгээс шаардлагатай арга хэмжээг аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газруудтай хамтран авч, бодит нөхцөл байдлыг тогтоохоор ажиллаж байна. “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК нь ажилтан, ажилчдынхаа аюулгүй байдал, эрүүл мэндэд анхаарал тавьж ажилладаг. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн олон тооны ажилтнууд химийн бодисонд ноцтой хордсон, амь нас бие эрүүл мэндэд аюул учирсан нөхцөл үүсээгүй байгааг мэдэгдэж байна" гэсэн байсан юм.
Сэтгэгдэл (1)