Монгол тургатнуудын эв нэгдлийг сахихч хэмээн тодорхойлж болох нэгэн эрхэмтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц. Хулангийн өрөөнд ярилцах завшаан олдов. Энэ эрхэм бол Халимагийн Ардын туульч, нэрт жангарч О.Цагаанзам гуай билээ. Түүний сэтгэлийн гүн рүү өнгийх аваас эх орон, элгэн саднаасаа алсад суугаа хүүгийн шаналал, гансрал л мэдрэгдэх юм билээ. Бид эх орондоо, элгэн садан дундаа жаргаж суугаа болохоор аминаас ч үнэтэй тэр чухал зүйлийн үнэ цэнийг мэдэрдэггүй юм байна даа гэх сэтгэгдэл төрж байсныг нуух юун.
- Цагаан зам гуай та сайн явж байна уу. Хаанаас хаа хүрч явна?
-Элэг нэгт монгол ахан дүүсдээ өвлийн тэргүүн сарын мэндийг айлтган мэндчилье. БНХАУ-ын ӨМӨЗО-нд хорь гаруй хоног ажиллаад буцах замдаа визийн хугацаа дуусаагүй тул Улаанбаатарт хэд хоног тухлаад буцах гэж байна. Монголдоо ирэхсэн гэж байнга санаж явдаг юм аа. Ийм ойрхон ирчихээд дөрөө мулталгүй явах аваас алдас болох буй за.
-Таны хэрэгт дурлаж болох уу. Та Ерөнхийлөгчийн зөвлөхтэй ямар асуудлаар уулзах хүсэлт тавив?
Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчтэй уулзах боломж цаг хугацаанаас болоод амжихгүй тул түүний зөвлөх, хатагтай Ц.Хулантай уулзаж, өөрийн санал бодлыг хуваалцах хүсэлтээ илэрхийлэх гэсэн нь энэ. Миний хувьд миний Монгол Улс Соёлын яам,Түүхийн яамтай болох цаг болжээ. Үүнийгээ л хэлэх гэсэн юм. Монголд ийм яам байхгүй нь харамсалтай.
- Монгол монголоороо үлдэх нэг зүйл бол яах аргагүй түүх соёл,. Тантай санал нэг байна?
-Би туульч хүн, 30 гаруй жил зөвхөн энэ чиглэлээр судалгаа хийж явна. Жангар туулиа хайлсаар л явна, хөх тэнгэрийн зарлигаар. Монгол ёс заншил агуу. Монгол ёс заншил дэлхийг залж явах тийм нигуртай юм. Тиймээс монголчууд түүх, соёлдоо тулж босох хэрэгтэй. Гадна, дотны соёлын хулгайч нарт өв соёлоо тавиад туучихаж болохгүй. Ганцхан бидэнд буй ёс заншил, соёлын өвөө үр хойчдоо өвлүүлэн үлдээх ухаан бидэнд дутаад байна. Жишээ нь туулиа дэлхий дахинд сурталчлах боломж Монгол Улсад бий. Гэтэл тэгж чадахгүй алгуурласнаас бусдад алдаад байгаад би маш их харамсдаг.
-Тэр үнэн. Өв соёлоо дэлхийд данстай болгох тухайд төрийн бодлого дутаад байгаа юм?
-Миний бодлоор тэр гажгийг засах ёстой. Дэлхийд тарсан олон зүйл Монголоос дэлгэрсэн байдаг. Өөрөөр хэлбэл эхэл ухал нь Монголоос гаралтай гэсэн үг. Бурхан Халдун л гэхэд баруун Монгол буюу Жангарын хэлээр бурхантай залгаатай гэсэн үг. Сансар огторгуйгаас нэг зүйл бууж ирдэг, түүнээс хүч авдаг гэсэн утгатай. Чингис хаан жирийн нүүдэлчин, малчин, ардын дотроос ялгарч дэлхийн талыг эзэлсэн гайхамшигтай удирдагч. Яагаад ингэж чадав. Үүнийг дэлхийн олон судлаач судалсаар ирсэн хэрнээ нууцыг тайлаагүй л байна. Чингис хаан сансраас мэдээлэл авдаг байсан. Тэр нь тууль болон монгол хүний оюун санаанд хүрдэг, нөлөөлдөг байсан гэж хэлж болно. Туульд Бумбын орон гэж гардаг. Бумбын орон гэж юу вэ гэхээр эв нэгдлийг хэлээд байгаа хэрэг. Өнөөдөр ч тайлж ойлгож чадвал туульд бүх зүйл бий. Тууль монголчуудын үзэл суртал байсан. Дэлхийн талыг эзэлж явахдаа ч туулиа хайлсаар ирсэн юм шүү дээ. Би ч ялгаагүй дэлхийгээр аялахдаа туулиа хайлсаар, түүгээрээ дамжуулан дэлхий дахинд Чингисийн Монголоо сурталчилдаг. Монголыг хайрладаг хүн олон бий. Тэгэхээр түүхээ судалж, бүхнийг сэргээж, ухаанд нь хүргэх чухал. Чингис Богдын сургаалиа ч эргэж харах ёстой.
- Шулуухан асуухад, та монгол хүн сэрэх цаг болсон гэх гээд байна уу?
-Сэтгэлгүй хүний толгойд бүү тавь гэж Чингис Богд сургасан байдаг. Сэрэх цаг болсон, сэрээсэй гэж бодож байна. Монгол Улс хааныхаа зарлигийг дагахад л өндийнө дөө. Одоогийн УИХ-ын гишүүд Монгол Улсыг сэрээх хүмүүс нь биш. Монгол Улс ард түмнээ аравт, зуут, мянгат, түмтийн системд хуваахад л жинхэнэ улс орныг авч явах хүн тэдэн дундаас гарч ирнэ. Жишээ татъя, нэг сумын арван айл нийлээд аравт болно. Тэр арван айл чинь ах дүүс голдуу байна шүү дээ. Тэр дотроос шалгарсан чадварлаг нэгийгээ аравтын дарга болгоно. Аравтууд нийлж зуут. Зуутууд аравтаас бүрдэнэ. Энэ зохион байгуулалтаар мянгат, түмт болсноор түмтээс Их хурлын гишүүнээ сонгоно. Өөрөөр хэлбэл, хүлээн зөвшөөрсөн нэгийгээ дотроосоо гаргаж ирж байна шүү дээ. Тэр хүн удам судар, нутаг усныхаа нэрийг хөөдөх учиргүй хүн байж таарна. Энэ бол Чингис хааны сургаал. Тэр хүмүүс эдийн шуналгүй учраас гадагшаа оффшорт мөнгөө гаргахгүй. Сонгууль энэ тэр гэж олон тэрбум төгрөгийг дэмий үрэхгүй. Амархан байгаа биз. Ийм гаргалгаа монголчуудын ёсонд, цусанд, сэтгэлд бий. Гагцхүү тэр нь унтчихаж, түүнийгээ сэрээж өөдөө дээшээ босох хэрэгтэй. Соёл, түүхийн чиглэлд маш их зүйл хийх хэрэгтэй. Тэгж байж Монголын ард түмэн улам агуу болно. Үүнийг би Жангар туулиар дамжуулж ярьж байгаа юм шүү дээ. Бас нэг мундаг зүйл бол хөөмэй, хархираа. Би 30 гаруй настайдаа хөөмэйч, хархираачдыг нийлүүлж дэлхийд байхгүй баг болж явсан. Тувачуудтай ч үүгээрээ ойртож нөхөрлөсөн. Бид Египетийн Пирамид, Хятадын Цагаан хэрэм дээр очиж тоглож байлаа. Хөөмэй, хархираа бол эртний том шувуу динозаврын дуу. Цаашлаад дэлхийг сэрээх дуу. Тэгж явбал Монголоо дэлхийд гайхуулна, алдаршуулна. Гагцхүү эрх баригчид, Засгийн газар нь тэрийг бий болгох хэрэгтэй. БНХАУ гэхэд соёл, түүхэнд их ач холбогдол өгч байна шүү дээ. Өвөрмонголын алдарт морин хуурч Чи Булагт хувийн академи барьж өгсөн байх жишээтэй. Хөөмэй, хархирааг гэхэд л манайх гээд ЮНЕСКО-гоор батлуулчихсан. Хөөмэй, хархирааг уг нь тэд өмчилж болохгүй шүү дээ. Соёл байсан газартаа, байрандаа байх ёстой юм. Одоо Чингис хаан судлалыг БНХАУ хөгжүүлж байна. Тэд коммунист намтай болохоор бурханчилж тахиж шүтэж чадахгүй байх л даа. Тэгвэл монголчууд Чингис хаанаа бурханчлан тахиж, шүтэх учиртай. Будда бие хүн байсан гэдэг шиг... Ингэж болно оо доо.
-Та түүх, соёлоор хүмүүсийг хөглөж сэрээх тухай ярилаа. Таны дуулсан “...Гашуун булгийн усаар гараа угаагаад суулаа. Гараа угаагаад суухад минь гаргасан ээж минь санагдана...” хэмээх дуунд эх орон, элгэн саднаасаа хол яваа хүүгийн шаналал, гансрал мэдрэгдээд байдаг юм.
- Дууг хүмүүс тууль шиг хүлээж авч чадахгүй. Туулийг бас хамаагүй хайлж болохгүй. Дайсандаа, муу санаатай хүнд туулийг хайлж болохгүй. Тууль бол арга чадал, омог юм. Зөв санаа сэтгэлтэй хүмүүст л хайлдаг учиртай. “Ээж минь” дуу ард түмэндээ санаа зовсон үрийн сэтгэлийн зовнил. Тиймээс эх орноо хайрлаж яваарай гэсэн утгаар л дуулсан. Би дуучин хүн биш шүү, миний мэргэжил атомын цахилгаан станцын инженер. Москвад их сургууль төгссөн. Багадаа сургуульд сурч, цэрэгт явсан. Германд сурах, эсвэл цэргийн дарга болох боломж надад байсан. Би тооцоо судалгааг гаргуун хийж байлаа, инженер байхдаа. Тэр үеийн ЗХУ сансрыг эзэмшихийн төлөө бүхнээ зориулж байх үед 22 минутад нисч гарах үзүүлэлтийг 18 минутад гүйцэтгэж болох бололцоотой болохыг миний тооцоо судалгаа харуулсан. Ер нь бол монголчууд бүгд ийм шаламгай,чадварлаг даа. Гэвч энэ бол миний явах зам биш байсан. Тодруулж хэлбэл, тэнгэрээс тамгатай төрсөн хүн гэдгийг минь мэдрүүлж эхэлсэн л дээ. Хүнд бас харагддаг юм байдаг, харагдахгүй юм ч байна. Миний идэр залуугийн 27-28 насандаа гишгэсэн мөр тийм ч сайн сайхан байгаагүй. Хүнд ядрах, сэтгэл зовох үе байна. Тийм л хэцүү үед ээжээ санаж, “Ээж минь” гээд дуулаад явсан.Тэгэх учиртай байсан юм билээ.
-Та өвгөд дээдсийнхээ тухай өгүүлээч. Тэд танд "Жангар"-ыг өвлүүлсэн үү?
-Түрүүнд хэлсэн дээ, ээж минь зовж би уйлаад явж байхад “Болгоомжтой хүний ээж уйлдаггүй” гэдэг цэцэн үг бодогдсон. Бас тэр үед манай тэнд “Жангар тууль” гэж эрдэмтдийн том хурал болсон. Тухайн үед манайд туульч хүн үлдсэн бил үү, үгүй бил үү гэх асуудал үүссэн юм. Тэр давалгаанд би туульч болсон. Бас тэр үед би Жангар тууль хайлж зүүдэлсэнээ мартдаггүй. Түүнээс өмнө бараг 16 настайгаасаа тууль хайлах ёстой атал би завсарт нь жаахан зовоод 33 настай туультайгаа золгосон нь тэр юм даа. Одоо би нас сүүдэр 60 хүрч байна.
-Та Монгол Улсын иргэн болох хүсэлтийг удаа дараа тавьж байсан. Таны тэр бодол одоо өөрчлөгдсөн үү, эсвэл?
-Дээхнэ үед тийм хүсэлт тавьж байсан. Миний бодоход гадаадад байгаа монголчууддаа хоёр иргэншлийг шийдээд өгчихмөөр. Тэд нутгаа хаяж гарч чадахгүй шүү дээ. Манай байгаа нутаг Монголын нутаг шүү. Тэгэхээр тэндээ л байна. Хоёр иргэншлийг шийдвэл бид эндээ ирнэ. Монгол Улс хамгийн хүчтэй шилдэг хүмүүсийг татна. Халимагаас бол Цагаанзамд иргэншил өгч болно, тэр улсад байгаа тэрэнд өгч болно гээд нэр усыг нь гаргаж шийднэ гэсэн үг. Герман, Англи, Америк, Голланд, Аричуудаас монгол гаралтай, Монголд хайртай, элэгтэй хүмүүс ирнэ. Монгол хүчирхэг болно. Хөл дээрээ босно. Иргэншил бол эрх чөлөө юм. Монгол дэлхийтэй холбоотой байх ёстой. Гол нь монголчууд шинэ үзэл сурталтай болох ёстой. Тэр нь Жангар уу, Чингис хаан уу. Бас ёс зүйгээ дээдэлж, дэвжиж дээшилж, хөл дээрээ босох ёстой.
- Цагаанзам гэдэг монгол нэрийг танд хэн хайрласан юм бэ?
-Сибирийн хүнд хэцүү амьдралыг сөрөхийн тулд халимаг хүн бүр хоёр нэртэй байсан. Дэлхийн хоёрдугаар дайнд Халимагийн бүх эрчүүд мордож, үлдсэн хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүдийг нь Урал, Сахар руу ачсан юм шүү дээ. Олон хүн нүүдлийн үеэр амь үрэгдсэн. Хожим 1952 онд зөвшөөрөл өгч манайхан нутаг тэмцэн нүүж явах замд би мэндэлж, эмээ минь билэгшээж Цагаанзам хэмээх сайхан нэрийг миний чихэнд шивнэсэн юм гэнэ лээ. Аавын эгчийн сургуульд ороход өгсөн нэр нь Владимир. Лениний нэр л дээ. Паспорт маань тэр нэрээр явдаг. Овог Харуу, харуул гэсэн утгатай монгол үг ч оросоор харуев гээд биччихсэн түүгээрээ яваа.
-Танай гэр бүл одоо Халимагийн нийслэл Элстэй хотод амьдарч байна уу?
-Тиймээ. Бид төрөлх нутгаасаа гарснаас хойш Элстэйд 409 жил амьдарч байна даа. Нагац эгч маань орос хэл мэддэг. Харин эмээ маань орос хэл мэддэггүй хүн байсан, нас сүүдэр 103 хүрээд бурхан болсон. Би эх, эцгээс дөрвүүл. Манайх гурван хүүхэдтэй.
Халимагт хичнээн монгол хүн амьдарч байна. Тэд тань шиг монгол хэлээ мэдэх үү?
-Халимагт монгол гаралтай 100 гаруй мянган хүн бий. Тэдний 40 орчим хувь нь монгол хэлээ мэднэ.
Уран бүтээлийн амжилт хүсье. Тантай уулзах сайхан байлаа.
Ч.Чулуун
Сэтгэгдэл (1)