Улаанбаатар
Өнөөдөр / 2017.12.15
-16
Өдөртөө
-25
Шөнөдөө

Өрхийн эмнэлгийнхэн төрд хандаж алагчлахгүй байхыг хүсэв

2017 оны 12 сарын 6

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос Өрхийн эмнэлгийнхнийг оролцуулсан хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Хэвлэлийн бага хурлын зорилго нь эрүүл мэндийн салбарыг ялгаварлан гадуурхахыг зогсоож, өрхийн эмнэлэгт ажиллагсдад төрөөс 300 мянган төгрөгийг алагчлалгүй олгуулах саналыг эрх баригчдын сонорт хүргэх аж.

 

Эмч, багш нарын тэмцлийн үр дүнд нийт төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэхээр болж, энэ онд багтаан 300 мянган төгрөг олгохоор хэлэлцээрээр тохиролцон улсын төсөвт 55,4 тэрбум төгрөгийг батлуулсан билээ. Гэтэл өнгөрсөн баасан гаригт эхлүүлсэн гурван талт нэмэлт хэлэлцээрийн үеэр Өрхийн Эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудад дээрх мөнгийг олгохгүй гэж ЭМЯ болон Сангийн яамны эрх бүхий албан тушаалтнууд мэдэгдсэн нь ийнхүү өрхийн эмнэлгийнхний эсэргүүцэлтэй тулгараад байна. Ингэх болсон шалтгаан нь 2011 онд батлагдсан Эрүүл мэндийн тухай хуулийн 16.2-т “Өрхийн эрүүл мэндийн төв нь төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага” гэж тодорхойлсонтой холбоотойгоор төрөөс олгох 300 мянган төгрөгөөс хасагдаад байгаа юм байна. Гэтэл Өрхийн эмнэлгүүд нь нэг иргэнээр тооцсон тарифаар 100 хувь улсын төсвөөс санхүүждэг, эрүүл мэндийн салбарын анхан шатны үйл ажиллагааг нуруун дээрээ үүрч яваа байгууллага байдаг. Иймд Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос “Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамтын нэмэлт хэлэлцээрт өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудыг ялгаварлахгүйгээр 300 мянган төгрөгийг олгох боломжийг бүрдүүлж, шаардагдах төсвийг шийдвэрлэх шаардлагыг хүргүүлж байгаагаа хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн. Мөн шаардлагыг хэрэгжүүлээгүй тохиолдолд өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнууд ирэх баасан гаригт жагсаал, цуглаан зохион байгуулж, цаашид ажил хаялт хийх хүртэл тууштай тэмцэнэ гэдгээ ч мэдэгдсэн.

 

Энэ тухайд Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар “Урьд нь гурван талт гэрээ хэлэлцээр хийхэд ингэж ялгаварлаж байгаа удаа байхгүй. Эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг үнэ төлбөргүй өгнө гээд хуульчилсан болохоор өрхийн эмнэлгүүд зах зээлийн зарчмаар хөгжих боломжгүй” гэсэн бол сувилагч н.Оюунцэцэг болон н.Дүүриймаа нар “Өрхийн эмнэлэг ачаалал ихтэй. Сувилагч нар вакцинаа ч тарьдаг, физик эмчилгээгээ ч хийдэг. Мөн өрхийн харьяалалд байх хэвтрийн өвчтөнүүдээ ч эргэж тойрч эмчилгээ хийдэг. Давхар ажил хийлээ гээд илүү цалин авдаггүй, сувилагчийн цалингаа л авдаг ч гомдоллож байгаагүй. Харин төрөөс өгөх 300 мянган төгрөгийн нэмэгдлийг алагчлалгүй олгооч гэсэн хүсэлтийг тавьж байна” хэмээн ярьсан.

 

Монгол Улсын хэмжээнд нийт 236 өрхийн эрүүл мэндийн төвд 3000 гаруй өрхийн эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллаж, хүн амын 70 хувьд эрүүл мэндийн анхан шатны болон нийгмийн эрүүл мэндийн тусламжийг үзүүлдэг байна. Нэг өрхийн эмч сувилагчид 2200-3200 хүн ам, 70-123 нярай, 60-135 жирэмсэн эх, 89-110 өндөр настан, 15-35 хэвтрийн иргэн ноогдож байна. Өдөрт нэг өрхийн эмч сувилагч дундажаар 30-64 хүнд үзлэг, эмчилгээ хийж, зөвлөгөө өгөхөөс гадна яаралтай 5-7 дуудлаганд явдаг аж.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан