Улаанбаатар
Өнөөдөр / 2017.12.15
-16
Өдөртөө
-25
Шөнөдөө

Хүрэлсүх сайд аа, нөөцийн талбайгаа мартав аа

2017 оны 12 сарын 7

 

Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө хүн төрөлхтөн хүчин мөхөсдсөөр ирсэн. Тиймээс учирч болзошгүй аюулыг улс орон дан ганцаар туулах бус бүс нутгаараа нэгдэн нийлж давж гарах талаар тив тивээрээ хэлэлцэн ухаанаа уралдуулж буй.

                Харин Монголын төр энэ асуудалд төдийлөн ач холбогдол өгөхгүй юм. Манайх шиг орон хангайгаа  харийнхантай нийлэн сэндийлээд дуусч байгаа энэ цаг үед газар хөдлөлт  болбол яах  билээ. Газар хөдлөхгүй гэсэн баталгаа байхгүй. Азаар газар хөдлөлт чичиргээ төдийхнөөр мэдэгдээд өнгөрөх юм даа.

 

Япон шиг өглөө оройгүй чичиргээ мэдэгдэж, тэнгэрт тулж очсон өндөр барилгууд нь савж байдаг бол яана. Тийм зүйл болбол шил даран сүндэрлэсэн орон сууцны хороолол, офиссын барилгууд нь нуран Дэнжийн мянга, Долоон буудал, Улиастай хавийн  гэр хороолол л шовойгоод үлдэж мэднэ.

 

Аюул боллоо гэхэд социализмын үед баригдсан хэд л үлдэх байх хэмээн мэргэжлийн хүмүүс нь хэлдэг.

 

Сүүлийн  жилүүдэд баригдсан барилгууд долоогоос дээш баллын  газар хөдлөлтийг тэсвэрлэж гарна гэдэг юу л бол. Ийм учраас Монгол Улсад байгалийн гамшиг болсон үед иргэдээ нүүлгэн шилжүүлэх нөөцийн газар байна уу гэж асуугаад байгаа хэрэг.

 

Өнөөдөр Улаанбаатарт нөөцийн талбай бүү хэл, машин тавих зогсоол ч олддоггүй. Аюул тохиолдвол хаана хоргодох эсэхээ иргэд маань мэддэггүй. Сургууль, цэцэрлэгийн барилгуудад хоргодох байр байдаг гэж дуулдаагүй.

Байдаг ч үгүй биз. Гэхдээ бидэнд боломж бий.

 

Монгол Улсын Ерөнхий сайд маань Шадар сайд байхдаа яг энэ асуудлыг хариуцдаг байсан шүү дээ.  Гартаа  нойтон эсгий бариад түймэр унтрааж явсан хүний хувьд У. Хүрэлсүх л   учирч болзошгүй аюулын тухай бодож, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахгүй юм бол хэн авах юм. 

 

Цэрэгт явж үзээгүй,  гал гарлаа гэхэд яах учиртайг мэдэхгүй   эрхэм түшээд энэ яваа насандаа  нөөцийн талбай, хоргодох байрын тухай бодохгүй.

 

Уг нь манай улс  өмнө иргэний хамгаалалтын зориулалтын ашиглах зориулалт бүхий талбайтай байсан байна. Тодруулбал, Яармагийн дэнжийн өмнөх талбайг  дээрх зориулалтаар улсын нөөцөд авсан байсныг  нь эрх мэдэл бүхий албан тушаалтнууд, баячуудад, хятадуудад, өндөр  үнээр худалдсаны улмаас эдүгээ морин тойруулга, олон улсын дунд сургууль, орон сууцны өндөр үнэ бүхий хороолол болж хувирсан.

 

Чухам ийм учраас ОБЕГ нийслэлийн удирдлагуудад аюул тулгарсан үед ашиглах нөөцийн талбайг  төрөөс, Улаанбаатар хотын ЗДТГ-аас шаардаад байгаа юм билээ. Албаны хүний өгсөн тайлбараар, нөөцийн газрыг Багахангай дүүрэгт санал болгоод байгаа аж.

 

Аюул хэлж бус хийсч ирдэг. Улаанбаатар хотод  өнөөдөр сая илүү хүн ажиллаж амьдарч байна. Газар хөдлөлтийн чичиргээ хүчтэй мэдрэгдэх үед бидэнд Багахангай руу нүүлгэн шилжүүлэлт хийх цаг хугацаа, эдийн засгийн чадавхи  бийсэн билүү.  Дээр нь Налайх  чиглэлийн зам нарийхан. Дөрөв, тав, зургаан эгнээгээр ашиглах зам байхгүй. Газар нь ч хавчиг. 

 

АНУ-ын Нью-Орлеан мужид  болсон газар хөдлөлтийн үеэр  тус улсын Онцгой байдлын алба шаардлагатай бүхий л арга хэмжээг авч  нүүлгэн шилжүүлэх ажиллагааны рекордыг тогтоосон хэдий ч  арав гаруй хүний амь нас эрсэдсэн байдаг. 

 

Энэ нь нүүлгэн шилжүүлэх цуваан дунд явсан автобусны шатахуун дууссаны улмаас уг автобусанд сууж явсан өндөр настан, хэвтрийн иргэд амиа алдсан аж. Энэ жишээ бол өндөр хөгжилтэй, ухамсар өндөр оронд тохиолдсон эмгэнэлтэй явдал.  Монголчуудын  тухайд хүнд хэцүү цаг үед  бусдад хүндэтгэлтэй хандах ухаан биднээс гарах эсэх нь  эргэлзээтэй. 

 

Мөнгө төгрөгтэй, хурд хүчтэй машин унадаг нөхдүүд ядуу иргэдийнхээ урдуур дайрч, байдал  хүндэрвэл дээгүүр нь гишгээд гарч байж ч мэднэ.  Тийм учраас л аюул болсон үед толгойгоо барин үсээ зулгаах бус урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах явдал шүү дээ.

 

 Ч.Чулуунцэцэг

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан