Улаанбаатар
Өнөөдөр / 2017.12.17
-12
Өдөртөө
-24
Шөнөдөө

Тагнуулынхан хулгайлсан гэдгийг Д.Энхбат агсан бичиж л байсан шүү дээ

2017 оны 12 сарын 8
- ХЭРЭГ ХУУЧИРДАГГҮЙ ГЭДГИЙГ ХЭН ХЭН НЬ МЭДМЭЭР ДЭЭ-

 

Эх орноо төлөөлөн БНСУ-д Элчин сайдаар суух Б.Хурцыг томилох эсэх асуудал УИХ-ын “шүдний өвчин” болоод байна. Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол хийх эсэхийг шийдэхээр байгуулагдсан ажлын хэсэг 15 хоногийн дараа хуралдаж “Нээлттэй сонсгол хийх шаардлагагүй” гэсэн шийдвэрт хүрч, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд дүгнэлтээ лхагва гаригт  танилцуулсан.

 

Ингэснээр асуудлыг УИХ-ын дарга шийдэхээр болоод байна. Үүнтэй холбоотойгоор нэгэн зүйлийг дурдахад Б.Хурцын томилгоог эсэргүүцэгч УИХ-ын гишүүн Ж.Батзандан хагас сарын өмнө “Би өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Өргөдлийн байнгын хорооны даргаар ажилласан. Энэ хугацаанд ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой маш олон гомдол ирж байсан. С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгтэй холбогдуулан Д.Энхбатыг гадаадаас хулгайлж авч ирсэн. Тэр хүний ар гэрийнхэн "Б.Хурцаас болж манай Д.Энхбат нас барсан" гэж гомдол мэдүүлдэг. Энэ асуудлаасаа болж Б.Хурц Европын холбоонд нэвтрэх эрхгүй болсон. Монгол Улсын жирийн иргэнийг гадаадаас хулгайлж ирсэн хэргийг дахин шалгах ёстой гэж би боддог.

 

 

С.Зориг агсны хэргийг шийдвэрлэсэн гэж байгаа боловч захиалагчийг нь одоо болтол тодорхой болгохгүй байна. С.Зоригийн хэргийн захиалагч тодорхой болохоос нааш УИХ Б.Хурц гэдэг хүнийг албан тушаалд томилох тухай асуудлыг хэлэлцэх нь утгагүй” хэмээн мэдэгдэж байлаа. Дараа нь тэр хоёрын хооронд “орон нутгийн” чанартай асуудлууд үүссэнийг ч олон түмэн мэднэ. Гэхдээ энд тэр бүхнийг өгүүлэх гэсэнгүй. Харин ТЕГ-ын экс дарга, чекист Б.Хурц нэгэн цагт Францаас Д.Энхбат гэдэг хүнийг хэрхэн авчирсан талаараа “Улсын нууц” гэдэг үгээр халхавч хийж, өөрийн үйлдлийг өнгөлөн далдлаад байгаа явдлыг бодитоор гэрчлэх нэгэн захидлыг дэлгэх гэсэн юм.

 

Өнөөдрийн асуудлын гол сэдэв болоод байгаа Д.Энхбат агсан амьд сэрүүн, хоригдож байх үедээ энэ захидлыг “Ардчилсан намын сурвалжлагч Уянгад” гэж хаяглан ирүүлсэн байдаг. Ингээд захидлыг бүрэн  эхээр нь хүргэе.


 

“Ардчилсан намын сэтгүүлч Уянгад өөрт нь яаралтай өг! Та анхааралтай дуустал уншаарай. Би сонин хэвлэлээр бичигдээд байгаа Францаас хулгайлагдаж ирсэн Д.Энхбат байна.

 

Би 1998 онд өвчний учир шоронгоос суллагдсан. Мөн 1999 онд хахуулиар шоронгоос гарсан гэж цагдаагаас Ганцхудагт хорьж, дахин шүүх эмнэлгийн комисс томилогдож, өвчин үнэн нь батлагдаж дахин гарсан. 2000-12-3-нд Германы визээр өөрийн овог нэрээр явсан. Францад улс төрийн цагаачаар орсон байсан. 1998-10-4-нд Зориг агсаны хэрэг гарсан өдөр шөнийн бүх маршрутыг Т.З цагдаа Мөнхбат, Санж нар шалгасан. Тэр шөнө би найз хүүхэнтэйгээ хамаатангийнхаа эгчийнд хоносон. Эгч, түүний нөхөр, хоёр  хүүхэд, найз хүүхэн таван  гэрчтэй. Энэ хэрэгт надыг ямар ч холбоогүйг цагдаа, тагнуул сайн мэдэж байгаа. 2003-5-15 –нд тагнуулын дөрвөн  хүн надыг Францаас хулгайлж 5-18-ны Берлин-Улаанбаатарын онгоцоор тариа тарьж, ухаан алдуулж авчирсан. 19-нөөс 26 хүртэл тагнуулын тусгай бэлдсан газар байсан. Эхний хоёр өдөр байнга зодож нүдэх, хээр аваачиж буудах зэргээр зөвхөн Зоригийг алснаа хүлээ! Чи Энхтайваны тушаалаар алсан биз дээ! Чи Энхтайвантай Их тэнгэрийн аманд уулзсан гэх зэргээр тулгадаг байсан.

 

Хоёр хоноод байдал өөрчлөгдөж, архи дарс уух, гол дээр аваачих зэргээр байнга ятгах болсон. Энэ нь зөвхөн Энхтайван Зориг агсаныг алах санал тавьсан би зөвшөөрөөгүй гээд хэлчих л гэдэг байсан. Зөвшөөрөхгүй болохоор хамгийн сүүлд Энхтайваныг тагна, бид хоёр  сарын дараа чамайг гаргана гэж хэлснийг би зөвшөөрч гэрээ маягийн юм бичиж гарын үсэг зурсан. Ингээд бүгдийг нууцалж, хэрэв нууц задалбал төрийн хатуу цээрлэл хүлээнэ гэж гарын үсэг зуруулж, Алтанбулагын хилийн наана цагдаад хүлээлгэж өгсөн. Цагдаагаас надыг шалгана гэж байсан боловч гэнэт больж Хориход хүлээлгэж өгсөн. Хориход ирээд хоёр  хоноод бие гэнэт муудаж, Хорихийн нэгдсэн эмнэлэгт хэвтсэн. Маш их хордлоготой элэг маш муу шинжилгээ гарсан. 10 гаруй хонож байхад мөн дээрээс Авдрант руу ачсан.

 

Тэнд Энхтайван байсан. 7-4-нд манай эгч над дээр очиж, манай найз хүүхэнд тагнуулаас миний эсрэг мэдээлэл өгвөл 500 сая төг амласныг хэлснээр зөвхөн хуурч явуулсан надыг золиос болгож байгааг ойлгож өмгөөлөгчөө яаралтай дуудаж, бүх үнэнийг ярьж хэвлэлийн бага хурал хийлгэсэн. Энхтайванд хэлэхэд маш их айж цочирдсон. Ингээд л бид ярьж бодсоноор би Энхтайван дээр ирээд үхэх л байсан. Үүний дараа тагнуулаас Энхбатаас бид мэдүүлэг авсан. Энхтайван, Энхсайхан нарын тушаалаар Зориг агсаныг алсан гэх мэдээж хуурамч миний бичсэн зүйл, гарын үсэг гарах нь ойлгомжтой болсон. Мэдээж надыг Энхтайван ямар нэгэн байдлаар алжээ гэх нь тодорхой.

 

 

Би шоронгоос гараад гэмт хэрэг үйлдээгүй. Яагаад тагнуул олон улсын хууль дүрэм зөрчиж, надыг хулгайлав. Энэ нь 1. Энхтайвантай найз байсан. 2.т Ял сэргээгээд шорон луу явуулхад амар байсан. Хэрэв ял сэргээхгүй Ганцхудагт хийж шалгавал шүүх, прокурор хянах мөн олон гэрч нар саад болох байсан. Хэрэв надад итгэхгүй байвал 2002 онд Центрпойнтын хэргийн үеэр надыг анх Зориг агсны хэрэгт холбогдуулж бичиж эхэлсэн. Түүндээ заавал Энхтайваны нэр буюу ардчилсан хүчний лидерүүд гэж холбож байсан. Энэ нь зүгээр нэг сэтгүүлчийн таамаг байгаагүй. Миний хэдэн удаагийн хэрэгт ямар ямар зүйл ангиудаар шийтгэгдэж байсан зэргийг ямар хүмүүс түүнтэй (архив) танилцах вэ? Ойлгомжтой байсан.

 

Хамгийн гол нь ЦЕГ орлогч Болдбаатар хүртэл Зориг агсаны хэрэгт холбогдуулж авчирсан гэж сонин хэвлэлээр ярилцлага өгч байгаач! Надаас нэг ч удаа байцаалт аваагүй! Яг үнэндээ цагдаа тагнуулын бамбай болж байгаа. Ганцхан надыг л үхэхийг хүлээж байна. Би сонин хэвлэлээр цацагдсан учир одоо бол чадахгүй гэж бодсон боловч дуусаагүй байна. Энэ нь Хууль зүйн сайдын хэвлэлийн бага хурал дээр Энхсайхан руу дайрч дахиад ! улс төрийн нэг хүн алуулж магадгүй гэж ярьж байхдаа! Энхба! гээд Энхсайхан гэж залруулсан. Ийм учир миний амь нас маш аюултай байдалд ороод байна. Амьд байхад С.Зориг агсаны хэрэгт холбоотой үгүйг маш яаралтай шалгуулах хэрэгтэйг ойлгоорой.

 

                                                                   Танд итгэж хүндэтгэсэн Дамиран овогтой Энхбат...


 

гээд гарын үсгээ зуржээ. Дашрамд өгүүлэхэд, захидлын  үг үсгийн алдааг засч найруулаагүй болно. Энэ захидал тухайн үедээ “Өдрийн сонин”-д нийтлэгдэж байсан юм. Захидлын эзний хувьд холбогдсон хэргийнхээ эцсийн шийдийг харж амжилгүй хорвоогоос буцсан хэдий ч өөрт тохиолдсон үнэнийг бичсэн гэдэгт итгэдэг.  Ер нь хэрэг хуучирдаггүй гэдгийг хэн хэн нь мэдмээр дээ.

 

Б.Хурцыг Элчин сайдаар томилох эсэх асуудлыг шийдэж ядаж байхад олон нийт хэдийнэ санаа бодлоо илэрхийлээд эхэлжээ. “ЕВРОП руу алхах эрхгүй хүнийг Элчин сайдаар  томилж байхад ЕВРОПын холбоо МОНГОЛД муу дүн тавьж байгаа нь тохиолдлын зүйл биш дээ” гэх нэгэн байхад, “Наад хүнээ заавал Солонгост элчин болгох ямар хэрэгтэй юм бэ? Ганцхан хүний асуудлыг шийдэж чадахгүй бүгд бөлдөгдүүлсэн ийм Их хурал, Ерөнхийлөгч, ЗГ бүгд огцорвол таарна. Баттулга, Хүрэлсүх нар нэг их шударга царайлаад мундаг юм яриад байсан хаана байнаа?” хэмээн бухимдах нөгөө нь ч байна. Харин сэтгүүлч миний хувьд “Б.Хурц аа, би цааш нь бичих үү, яах вэ” гэдэг дээр л тулж ирээд байна даа.

 

                                                                    Н.Саранчимэг

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 1
  • 0
  • 1
  • 1
  • 3
  • 2
  • 6
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан