Б.Хурцын эгч, хүргэн хоёр нь хил дамнасан тамхины наймаанд оролцсон гэдгийг Польшийн цагдаа нар тогтоосон гэх баримтыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан дэлгэлээ. БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурцын томилгооны асуудалтай холбогдуулан нийтийн сонсгол зохион байгуулахаар УИХ-ын 20 гаруй гишүүн нэгдсэн боловч Ажлын хэсэг дээр "бүдрээд" буй.
Тодруулбал Нийтийн сонсгол зохион байгуулах тухай хуульд нийтийн сонсгол зохион байгуулах нарийвчилсан журмыг УИХ батлахаар заасан боловч томилгооны сонсголыг ямар албан тушаалтан дээр явуулах асуудлыг нарийвчлан заагаагүй, мөн энэ талаарх журам батлагдаж гараагүй учраас эрх зүйн зохицуулалт тодорхойгүй байна гэж Ажлын хэсгийн гишүүд үзсэн. Улмаар нэр дэвшигчтэй холбоотойгоор иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг Өргөдлийн байнгын хороонд шилжүүлж нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Б.Хурцын томилгооны асуудал нь ийнхүү өндрөө авч буй энэ үед УИХ-ын гишүүн Ж.Батзандан нэгэн баримт дэлгэлээ.
Тодруулбал Польшийн Люблин хотын Цагдаагийн газраас ирсэн бичигт хил дамнасан тамхины наймаанд Б.Хурцын эгч Батын Болор, хүргэн ах Хишигдолгорын Даваадорж нар оролцсон гэдгийг нь тогтоогдсон байна. Мөн тухайн үед БНУУ-д сууж байсан элчин сайд Т.Султанаас тухайн үеийн Тагнуулын Ерөнхий газрын дарга М.Батсайхан болон Гадаад харилцааны сайд Л.Эрдэнэчулуун нарт илгээсэн албан бичгийг ч “хавсаргажээ”. 14 жилийн өмнөх энэхүү албан бичигт Б.Хурц нь Унгарын ЭСЯ-нд тусгай томилолтоор томилогдсоноосоо хойш тухайн улсдаа нэг ч өдөр албан үүргээ гүйцэтгээгүй, европын орнуудаар хэсүүчлэн наймаа хийж байгаа талаар мөн дипломат ёс зүйд үл нийцэх асуудалд орооцолддог хүмүүсийг дипломат албан тушаалаар халхавчлан ажиллуулах нь зохимжгүй байгаа талаар дурджээ.
Мөн Унгарын ГХЯ-наас Б.Хурцын түр оршин суух үнэмлэхийг буцаан хураалгахыг сануулсныг, Хилийн цагдаагийн газраас “Монголын зарим албаны хүмүүс европын орнуудыг дамжиж, хууль бус наймаанд оролцдог үйлдэл бидний анхаарлын төвд байна. Энэ талаар ЭСЯ-тай хамтран ажиллаж, туслалцаа авах шаардлагатай байна” хэмээн мэдэгдсэнийг ч уламжилсан байна.
Элчин сайд Т.Султан монгол руу энэхүү албан бичиг илгээсний дараа Б.Хурц A PERSONA NON GRATA буюу “тааламжгүй этгээд” гэх нэршлээр цагаан хуудсаар европоос хөөгдөн гарсан байдаг аж.
Б.Өрнөх
Сэтгэгдэл (66)